Чөтгөр шүглэсэн улс болох уу Монгол минь

Латин Америк, Африкт мөн түүнчлэн Шинэ Зеландад байх зарим хот газруудыг чөтгөр шүглэсэн хот хэмээн нэрийддэг. Ялангуяа Африк болоод Латин Америкт иймэрхүү чөтгөрийн хотууд маш олноороо өнөөг хүртэл оршсоор байна. Чухам яагаад чөтгөр шүглэсэн хот гэж нэрлэсэн нь Монголчууд бидэнд нилээд анхаарууштай. Африк болон Латин Америкийн улсуудад одоогоос гуч дөчөөд жилийн өмнө уул уурхай ид цэцэглэн хөгжиж чухам л уул уурхайгаас өөр бодох зүйлгүй байсан юм. Ашигт малтмалын орд газрууд олноороо нээгдэж, орд газар лиценз авах гэсэн хүмүүсийн шунал хүсэлд улс орон нь тэр чигтээ автсан юм.

 

Улс орных нь газар нутаг тэр чигтээ мөнгө болон харагдаж, гадныханд улс орныхоо өнгөтэй өөдтэй гэсэн газар бүхнийг зарж арилжаад дуусчээ. Хүн бүр л уурхайчин болж, газар бүрд л ордууд нээгдэж уул уурхайг дагасан авилгал, архидалт, янхандалт, гэмт хэрэг мөн гадныхны замбараагүй үйл ажиллагаанд бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орнууд бүрэн нэрвэгдлээ. Хормын өмнө уул нь сүндэрлэж ус нь урсаж байсан газрууд ёстой л там шиг болон хувирч, улс орны бүтээн байгуулалт үгүй болж хүрз барьсан уурхайчдаас өөр өнгөтэй өөдтэй зүйлгүй болсон юм.

 

Улс төрийн бодлого нь уул уурайгаас хэт хараат болж лиценз нэрээр газар нутаг нь худалдагдаж, гадна дотны уул уурхайн эздийн халаасанд улс төрчид нь бүхэлдээ орчихсон юм. Ингэж авилгалд идэгдсэн арчаагүй улс төрч нэртэй мөнгөтэй хүний утсан хүүхэлдэйнүүдээр улс төр нь бүрмөсөн сөнөж гадныхны бэлэн хоол болон замхарчээ. Эдийн засаг нь үндсээрээ уул уурхай дээр түшиглэн нэмүү өртөг шингээгүй түүхий эдийн засагтай, түүхий эд экспортлохоос илүүг хийж чадхааргүй улс орон болон үлдсэн. Улс орноо худалдаад идчихсэн улс төрчид нь гадны эдийн засгийн алуурчдын захиалгаар нийгмийн халамжийн хавтгайруулсан бодлогыг баримталж, бэлэн мөнгө тарааж өдөр хоногийг өнгөрөөсөөр байгаад улсынх нь сан хөмрөг тэр чигтээ хоосорч дуусав. Арга ядахдаа гаднаас зээл тусламж авч үүнээсээ болоод зээлийн барьцаанд улс орон ард түмнээ барьцаалаад тусгаар тогтнол ч үгүй болоод юу ч үгүй болтлоо цөлмүүлээд өнгөрлөө. Ийм эмгэнэлт хувь тавиланг өнөөдрийн Африк, Латин Америкийн олон улс орнууд туулсан юм. Та өлсгөлөн Африкчууд Америкчуудын онгоцоороо нохойд хаях адил шидэх хатсан талхыг горьдон нэг насны амьдралаа өнгөрөөж байгааг мэднэ биздээ. Тухайн оронд байгалын асар их баялаг, орд газрууд нээгдэж түүнийг дагасан явуулын дэд бүтцүүд үүсч, улмаар баялаг нь шавхагдаж дууссаны дараа хатсан тал ширгэсэн гол, хэмхэрхий хэдэн байшингаас өөр юу ч үлддэгүй ба үүнийг л чөтгөр шүглэсэн хот гээд байгаа юм. Эдгээр улс орнуудад хүн ам нь бужигнаж, ид бүтээн байгуулалт явагдаж байсан хотуудад өнөөдөр өлсгөлөн хүү, түүнийг үхлийг харуулдах өлөгчин чононоос өөр зүйлгүй болжээ. Амьд хүн амьдрах боломжгүй учраас, ямар ч бүтээн байгуулалт үгүй учраас, эдгээр хотуудад сүйрсэн балгас л үлдэн хэдэн арван жилийг үджээ.

Уул уурхайг дагасан эмгэнэлтэй хувь тавилангаас үүдэн бий болсон Ghost City буюу чөтгөр шүглэсэн хотуудыг хараад таны зүрх сэтгэл өөрийн эрхгүй шимширнэ. Аргагүй шүү дээ бүхэл бүтэн улс орныг хуугаар нь дээрэмдээд тэгээд газар нутгийг нь юу ч үгүй болтол нь сүйтгээд хаячихаар яаж ч амьдрах билээ дээ.

Яг л ийм хувь тавиланг Африк болон Латин Америкийн олон улс орнууд тэдгээрийн ард түмэн яс махандаа тултал мэдэрсэн юм. Африкчууд хэдхэн жилийн өмнө тусгаар тогтнолтой, байгалийн баялагтай, уух устай идэх хоолтой байсан, харин өнөөдөр тэдэнд юу ч байхгүй, гагцхүү үхлээ хүлээн өдөр хоногийг өнгөрөөх нь л тэдний амьдралын утга учир болсон гэлтэй.

Чөтгөр шүглэсэн хотоос чөтгөр шүглэсэн улс, чөтгөр шүглэсэн улсаас чөтгөр шүглэснэ тив болон хувирсан нь хамгийн эмгэнэлтэй.

Харин Монголчууд бид Төв Азийн цээжинд эртний агуу түүхээ ярьсаар л, их хааны удам мөхөх учиргүй хэмээн эрийн гурван наадмаа хийсээр л, Монгол хүнийг мөнх тэнгэр ивээнэ хэмээн мөрөөдсөөр хоцрогдсон улс болоод дуусах нь. Саяхнаас уул уурхайгаа ашиглаж, орд газрууд нээгдэж эхэлсэн гэхэд бид харин ч өвөг дээдсийн минь буян болсон байгалийн баялгаа сайн ашиглаж байна. Монголын улс төрчид ч гэсэн туйлын өгөөмөр гэдгээ харуулан гадныханд эх орныхоо баялгийг хуу хаман өгч байна. Оюу толгой, таван толгой, бороо, төмөртэй гээд л Монголын минь баялаг гадныхны халаасанд орсоор өнөөдөр бараг Монгол хүн гишгэх газаргүй болох дээрээ туллаа. Аль өнгөтэй өөдтэй гэсэн бүхнээ гадныханд барьж гүйсээр бид хэдэн жилийг үдлээ.

Өнөөдөр Монгол улсын газар нутгийн дийлэнх нь гадныханд олгосон хэдэн мянган лицензэд торлогджээ. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны компаниудад Монголын улс төрчид, улс төрийн намууд худалдагдаж Монгол орны, Монгол хүний эрх ашгийн төлөө шийдвэр гаргах ямар ч чадамжгүй болжээ. Монгол улсын гадаад өр 10,9 тэрбум ам долларт хүрч ( Монгол улсын нэг иргэнд 5 сая төгрөгийн гадаад өр ноогдож байна). ДНБ-ээсээ хэд дахин илүү гадаад өртэй болсон нь Монгол улсын тусгаар тогтнол, Монгол хүний эрх чөлөөг боогдуулж байна. Магадгүй маргааш гэхэд өрөө авах гэсэн гадныханд газар нутгаа өгхөөс өөр замгүй болох дээрээ тулж ирлээ. Оюу толгой, Тавантолгойд ямар ч бүтээн байгуулалт явагдсагүй, ажиллагсдын нүүдлийн гэр майхан контейнороос өөр нүдэнд өртөх юм даанч үгүй. Техник технологи асар өндөр хөгжсөн өнөө үед Оюутолгой, тавантолгойг дор нь ухаад л явчихна харин Монголчууд бид ёстой л онгорхой нүх, хатсан тал, ширгэсэн гол, хэдэн гэр майхантай л үлдэнэ дээ. Энэ маягаараа бол уул уурхайн баялагийг нь гадныхан балгийг нь Монголчууд хүртэх нь гарцаагүй. Дараачийн чөтгөр шүглэсэн хотууд төв азийн цээжиндэх Монгол орноос төрөх тэр цаг айсуй. Учир нь баялагт нь улайрсан гадныхан, эх нутгаа зарсан улс төрчдийн золиосонд Монголчууд л хохироод үлдэнэ. Ямар ч дэд бүтэц хөгжөөгүй, амьдралын наад захын хэрэгцээг хангах хөгжилгүй газар хэн ч амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Ингээд л хэдхэн жилийн дараа Оюутолгой, тавантолгой гээд л Монгол орны хаа сайгүй чөтгөр шүглэсэн хотууд бий болж, түүнийг дагасан ядуурал, хямралууд ар араасаа үргэлжилнэ.

Социализмийн үед ид мандаж байсан аж ахуйн төвүүд, САА-нууд өнөөдөр сүйрсэн балгаснаас өөр зүйлгүй болсоныг та харж байгаа биздээ, яг ийм хувь тавилан Монголын олон хотуудыг нэрвэр болно. Энэ бүхний буруутан нь хэн бэ, мэдээж Монголын харанхуй, хувиа бодогч улс төрч нэртэй утсан хүүхэлдэйнүүд, улс төрийн нам нэртэй гэмт хэргийн бүлэглэлүүд.

Өнөөдөр Монголын улс төр, эдийн засаг, нийгэм тэр аяараа нүүрс л ярьж байна. Монголд нүүрснээс өөр зүйл үнэндээ үгүй болж. Төв азийн цээжин дэх нүүрсчин ард түмэн хэмээх хоч л бидэнд дутаад байх шиг. Харин дэлхий нийт мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засгийг ярьж хэрэгжүүлж сууна. Хэрвээ Монголчууд бид 21-р зуунд хөгжиж цэцэглэхийг хүсэж л байгаа бол мэдлэгийн эдийн засагт, мэдлэгийн нийгэмд шилжиж хэрэгтэй, хэрвээ үгүй бол бид мөхөх нь гарцаагүй. Үүний тулд хамгийн түрүүнд мэдлэгийн эдийн засгийн яамыг байгуулж, Монгол орны бүсчилсэн хөгжлийн загварыг баталж, улс орноо таван бүсэд хуваан их сургууль, аж үйлдвэр, шинжлэх ухааны дэлхийн дэвшилтэт технологийг шингээсэн дэлхийн хэмжээний бүсийн төвүүдийг байгуулах ёстой. Бүсийн төвүүд нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байж, Монгол орны хөгжлийг авч явах боловсон хүчин болоод бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход чиглэнэ ( Цахиурын хөндийн эцэг Фридрих Термин Солонгосын шинжлэх ухаан технологийн дэвшилтэт институт хэмээх нэртэй шинжлэх ухаан технологийг аж үйлдвэртэй холбох сургууль байгуулсан ба тэр нь Солонгос орны өнөөгийн энэ их хөгжил цэцэглэлтийн үндэс суурь нь болсон юм).

Хөдөлмөрийн яам байгуулаад л ажлын байр бий болдоггүй юм. Ажлын байрыг олноор нь бий болгохын тулд том аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулж, өндөр технологийн хотхонуудыг бий болгох хэрэгтэй.  Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа  “олон улсын худалдаа болон олон улсын аж үйлдвэрийн яам”-ыг байгуулж дэлхийн зах зээл дээр экспортын чиглэлтэй үйлдвэр цогцолборуудыг бий болгосноор өнөөдрийн хүчирхэг Япон орныг бүтээсэн юм. Экспорт байхгүйгээр эдийн засаг хөгжинө гэж байхгүй, Экспортыг хөгжүүлэх ажил нь бүсчилсэн хөгжлийн таван өндөр технологийн хотыг бий болгосноор хэрэгжинэ.

Олон улсын худалдаа гэдэг нь олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаа явуулахыг хэлнэ. Олон улсын аж үйлдвэр гэдэг нь олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээнд үндэслэж экспортын хандлагатай аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхийг хэлдэг.  Эдийн засгийн яам гэдэг аж үйлдвэр нь хөгжсөн орнуудад эдийн засгийн хяналт зохицуулалт хийж байдаг яам болохоос бүтээн байгуулах, аж үйлдвэр хөгжүүлдэг яам биш. Хөдөлмөрийн яам гэдэг бол ерөнхийдөө нийгмийн халамжийн бодлого явуулдаг болохоос ажлын байр бий болгож аж үйлдвэрийг хөгжүүлдэг яам биш. Хөгжлийн яам гэдэг нь тухайн орны мэдлэгийн хөгжлийн асуудлыг удирдан зохион байгуулдаг яам. Монгол орон хөгжье гэвэл экспортын аж үйлдвэрийг хөгжүүлдэг яамыг заавал байгуулах хэрэгтэй. Олон улсын худалдаа олон улсын аж үйлдвэрийн яам байснаараа Монголчууд шинжлэх ухаан технологийн 3 дахь хувьсгалыг хэрэгжүүлж чадна. Монголчууд бид Сайншандын аж үйлдвэрийн паркыг байгуулна хэмээн баярлацгааж байна. Сайншандын аж үйлдвэрийн парк нь үнэндээ хүн төрөлхтний хоцрогдсон хэдэн техник технологийг зөөж авчраад түүхий нүүрсээ урд хөрш рүү зөөх гэсэн явуулын бааз юм. Сайншандын аж үйлдвэрийн паркыг урд хөрштэй шууд холбосон төмөр замыг бий болгож Монголын хамаг баялгийг маш хурдан үгүй хийх гэсэн оролдлого юм. Удахгүй Сайншанд бас л нэг чөтгөр шүглэсэн хот болоод дуусна. Баялаг нь дууссаны дараа бүгд дүрвээд л сүгч үлдэхгүй.

Мэдлэггүй хүмүүс төр барина гэдэг ямар аймшигтай зүйл болохыг Монголын өнөөгийн бодит байдал маш тодорхой харуулна. АН 1996-2000 оны хооронд төр барихдаа ямар их гай зэтгэрийг дагуулсаныг Монголчууд хэн хүнгүй л мэднэ шүү дээ. Монгол орны хамаг бүтээн байгуулалтыг устгаж, тонон дээрэмдэж, цалин тэтгэврийг тасалдуулж, банкуудыг дампууруулж ёстой л Монголыг минь голомтоор нь самарсандаа. Монголчууд үүнийг мартлаа гэж үү. Үүний дараагаар 2008-2012 онд МАН-тай хамтран хамтарсан засгийн газрийг байгуулж, уг хамтарсан засгийн газар Монгол улсыг 10,9 тэрбум ам долларын гадаад өртэй, оюутолгой, тавантолгойн алдаатай гэрээнүүдтэй, ажилгүйдэл, ядуурал дунд үлдээгээд салсан. АН ингэж л ард түмнийг туйлдуулж доромжилж, хуурсаар өдийг хүрлээ. Өнөөдөр тэгээд 2012-2016 онд ахиад л төр засгийг барих гээд сууж байна. АН-д найдсан ард түмний горьдлого ямагт сүйрэл мөхлийг дагуулж байсан гэдгийг бүү мартаарай. Одоо Монгол улсыг минь АН яаж баллах болдоо.

АН-д Монгол орныг аваад явчих боловсон хүчин даанч үгүй тэд улс орныг маань бүтээн байгуулалтгүй, мэдлэг боловсролгүй чөтгөр шүглэсэн улс орон болгоод л үлдээнэ дээ. Даанч харамсалтай.

Монголчууд бид өнөөдрийн замбараагүй авилгалд идэгдсэн улс төр, түүхий хоцрогдсон эдийн засаг, хариуцлагагүй сүйрэл дагуулсан уул уурхайтайгаа зууралдсаар байх юм бол чөтгөр шүглэсэн дараачийн улс болох хувь тавилан айсуй. Цаг агаарын дулаарал, уул уурхайгаас болж малгүй, хоногийн хоолгүй болж хоосорно. Диплом өвөртөлсөн залуус нь уурхайчнаас өөр ажил олдохгүй учраас гадагшаа цагаачилж хоосорно. Мэдлэггүй харанхуй улс төрчид нь эх орноо гадныхантай нийлж сүйтгэж дуусгаад хоосорно. Монгол хүн өрөндөө баригдаж, Монгол нутаг лицензэнд худалдагдаж хоосорно. Монголчууд бид уул уурхай ярьж, худлаа хоосон амласан улс төрчдөд итгэсээр байх юм бол ийм л хувь тавилан угтах болно. Сүүлчийн гол ширгэж дуусхад, сүүлчийн газар худалдагдаж дуусхад, сүүлчийн Монгол хүн эх орноосоо дүрвэхэд л та ухаарна гэж үү. Хоосорсон эх орондоо Монгол хүн та бас хоосон амьдарна шүү дээ.

Чөтгөр шүглэсэн Монгол улс. Энэ нэр энэ байдлаараа явбал удахгүй биднийх болно.  Ийм эмгэнэлтэй түүхийн гэрч нь та бид болно гэж үү.

 

Д. Сүхбаатар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих