МАН-д жигүүр байгуулагдав
МАН-ын Бага хурлын болон жирийн гишүүд, дэмжигчид “Ардын намын анхны жигүүр”-ийг үүсгэн байгуулах санаачилгыг гаргаж, МАН-ын дарга С.Батболдод шаардлага хүргүүлжээ. Энэ тухайгаа хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Хэвлэлийн хуралд МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар үүрийн дэд дарга Д.Идэрзаяа нар оролцож, дараах мэдээллийг хийв.
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг хэлэхдээ, “2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн нь тодорхой боллоо. Энэ нь МАН-ын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж, огцрох хангалттай үндэс болж байна.
МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн хэн хэн нь сонгуульд нам ялагдал хүлээх аваас улстөрийн хариуцлагаа үг дуугүй хүлээх амлалт өгсөн. Энэ нь манай намын шударга ёс, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагад бүрэн нийцэнэ.
Тэр ч утгаараа МАН-ын Бага хурлын гишүүд, дэмжигчид хамтарч “Үзэл бодлоо илэрхийлэх индэр байх ёстой” гэж үзээд, тодорхой хэмжээнд зохион байгуулагдсан жигүүр байх ёстой гэх санаачилгыг гаргалаа. Тиймээс бид ярилцаад МАН-ын дэргэд “Ардын намын анхны жигүүр”-ийг байгуулж буйгаа мэдэгдэж байна” хэмээлээ.
Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод дөрвөн зүйл бүхий шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар үүрийн дэд дарга Д.Идэрзаяа хэлэхдээ “Бид намынхаа ирээдүй, эх орны хөгжилд оруулах хувь нэмэр, намын бодлого болоод хөтөлбөрийн үнэ цэнийг хадгалахын тулд хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, улстөрийн ууган нам болохоо харуулах цаг нь нэгэнт болжээ. Иймд бид дөрвөн зүйл бүхий шаардлагыг МАН-ын дарга С.Батболдод хүргүүлж байна.
Хамгийн эхэнд МАН-ын “Ардын намын анхны жигүүр” байгуулагдсан саналыг хүлээн авах ёстой. Намын дүрмийн дагуу Бага хурлаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оруулах хэрэгтэй. Мөн МАН-ын удирдлагууд хариуцлагаа ухамсарлаж, сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байна” гэв.
Түүнчлэн тэд МАН-ын 27 дугаар Их хурлыг ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт багтаан хуралдуулж, гишүүдийн санал, дүгнэлт сонсох ажлыг намын хороо, намын үүр бүр дээр наймдугаар сард багтааж зохион байгуулахыг шаардлаа. Энэхүү шаардлагыхаа хариуг энэ сарын 24-ний дотор албан ёсоор ирүүлэхийг хүссэн юм.
mongolcomments
URL: