Молор-Эрдэнэд талархахын учир
Гурван жилийн өмнө иргэний хөдөлгөөний удирдагч нэгэн танилаасаа “намд элсэх үү, ямар бодолтой байна” гэж асуусанд “тэгж байгаад элсэнэ дээ” гэж хариулав. “Аль намд элсэх нь вэ” гэвэл “Монголд ганцхан л нам байгаа шүү дээ” гээд инээж байв. Тэгснээ, “Тийм юм хийсэн хүн нь Санжийн Баяр л даа” гэж билээ.
С.Баярын цаад бодол “харахад 2 намтай мэт байв ч, хэрэг дээрээ тэр 2 намд хуваагдаж суусан хэсэг бүлэг этгээд ээлжилж төр бариад явах” зорилготой байжээ гэдэг нь өнгөрсөн үйл явдлаас тод харагддаг. Тэр үеийн МАХН, АН-ын аль л мөнгөтэй, хуйвалдаан сайн хийдэг гарууд тэрхүү МАНАН гэдэг ганц намд нэгджээ. Эргээд санахад тэд нэлээн өргөн фронтоор үйл ажиллагаа явуулж байв даа.
“Үндэсний баячууд нь л аливаа үндэстний хөгжлийг авч явдаг. Үндэстний баячуудаа дэмжье, түлхэе, татъя, чангаая… хайрлая” гэж ирээд л нөлөө бүхий “том том сэтгүүлч нар” нь завсар зайгүй бичиж байв. Сүүлийн 20 жил Цэдэнбалыг муулахаас өөрийг мэддэггүй байсан “нэгэн том толгой сэтгүүлэгч гар” гэнэт Цэдэнбалыг магтаад унадаг юм даа… Яасан гэсэн чинь “Цэдэнбал муу нь муу л даа, гэхдээ Эрдэнэтийн гэрээг байгуулж өгсөн агуу гавьяатай. Тийм учраас тэрээр үндэсний баатар юм” гээд л… “Одоо харин ОюуТолгойн гэрээг С.Баяр байгуулах гэж байна… Цэдэнбал дахин төрөх гэж байна” гэх нь холгүй хүн ардын “тархийг охож” байв даа. Ёстой нэг мэргэжсэн “тархи охооч” шүү.
Оюу Толгойн гэрээ болон бас бус гэрээнүүд амжилттай байгуулагдав… Хөгжлийн ирмэг дээр ч ирлээ дээ гэцгээж авай… Тэгснээ, С.Баяр нэг л өдөр нүүрээ хувхай цайтал фүүдэрдчихсэн, хагас үхлийн байдалд орсон дүрийг эсгэсэн амьтан тайзнаа гарч ирээд “гэнэт бие муудсанаа” зарлан улстөрийн давцнаас “холдсон” билээ… Дох тусчаагүй байгаа даа гэж олон хүн сэжиглэсээр үлдсэн ч, үнэн хэрэгтээ МАНАН-гийн ард сууж сархад шимж, “үндсэн ажлаа хийнгээ” улстөрийг далдаас удирдахыг санаалжээ.
Сү.Батболд, Хүрэлсүх… МАХН-ыг шинэчлэн цоо шинэ нам болгоно. Дахиад 100 жил төр барьна. Үзэл онолоо эргэж харна, нэрээ ч сольно.. эрс шинэчлэл хийж шинэ цагийг эхлүүлнэ…гэж дөвчигнөв. Даанч тэдэнд улстөрийн шинжлэх ухааны мэдлэг өчүүхэн боловч байсангүй. Даш-Ёндон гэгч философич нь МАН-ын үзэл онолыг боловсруулж “дэлхийд хаана ч байгаагүй, хосгүй онол” гаргаж, Тэрэлжийн тунхаг гэгчийг зарлав.
Гэтэл, Молор-Эрдэнэ хэмээх Германд инженерээр, бас философиор давхар доктор хамгаалсан эрхэм гэнэт гарч ирж Монголын улстөрийг донсолгосон билээ. Өнөөх Даш-Ёндонг нь “философи огт мэддэггүй зөнөсөн амьтан байна. 70 настанд даруулга хэрэгтэй, худал юм бурахаа боль. Тийм онол улстөрийн сайэнсд байдаггүй юм” гэж “будаа болгоод” барууны гэмээр холион бантангийн онол ярьж байсан МАН-ыг “ичээж” зүүний “нэртэй” болгов.
Др. Молор-Эрдэнийн баг маш сайн ажилласан нь харагддаг. Үхлүүт шахуу гэртээ хэвтэж байсан Намбар ваныг босгож улстөрийн “ресурс” болгон ашиглаж, УИХ дотроос нэр бүхий гишүүнийг “урвуулж” МАН-ын араас МАХН-ыг тэр дор нь байгуулсан билээ. Мо нарын хийсэн үйлийг харахад аргагүй улстөрийн суурь мэдлэгтэй хүмүүс гэдэг нь илт байдаг. МАХН-ыг байгуулах үйл явц эхнээсээ авахуулаад Молор-Эрдэнэ нарын санаа, зохиомжийн дагууд явагдаж хэрэгжсэн юм. Түүнд Намбар ваны өчүүхэн ч үүрэг байсангүй. Харин, галт тэрэг аль хэдийн хөдлөөд эхэлчихсэн хойно тэр гарч ирж намын дарга болж ноёрхлоо тогтоосон гэдэг.
МАХН гэгч “агуу том бул хар чулууг” эвдэж буталсанд Молор-Эрдэнэ, түүний багт монголын ард түмэн талархах ёстой. Энэ удаагийн сонгуулийн үр дүн бол доктор Молор-Эрдэнэ нарын байгуулсан гавьяа юм. Монголд МАНАН гэдэг ганцхан нам байгуулагдчихаад байсныг 3 хуваан задалж өгсөн нь түүний л гавьяа. Сонгуулийн дүн энэ 3 намд хуваагдаж гарлаа.
Ардчилсан Нам түүнд хадаг барьж талархаасай билээ. Бас, МАХН-ын олон мянган гишүүд намаа олигархиудаас салгаж өгсөнд Молор-эрдэнэд баярлах хэрэгтэй. Намбар ван харин дахин төрүүлж өгснийх нь төлөө тэр мэдлэгтэй хүний өмнө сөгдөж уучлал гуйвал зохино. Мэдээж, монголчууд бид бүгдээрээ Молор-Эрдэнэ, түүний багийнханд талархах ёстой. Баярлалаа, Молор-Эрдэнэ доктор оо.
URL: