Эмэгтэй гишүүдийн хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй вэ

УИХ-д эмэгтэй есөн улстөрч байна. Эмэгтэй гишүүдийг олон болгох нь нийгмийн хүлээлт байсан төдийгүй энэ удаад хатан ухааныг илүүд үзсэн явдал юм. УИХ дахь эрэгтэй гишүүдэд Мон-Уран, МCS, МАК зэрэг томоохон компаниудын төлөөлөл орж ирсэн. Тэгвэл эмэгтэй гишүүдийн хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй вэ.

УИХ-ын гишүүн Мигэддоржийн Батчимэг

Бээжингийн Хэл Соёлын их сургуулийнг төгссөн тэрбээр Тайваний Улс төрийн их сургууль, Монгол улсын Батлан хамгаалахын их сургуулийн магистрыг нэг онд хамгаалсан гэх. Стратеги судлаач мэргэжилтэй. Батлан хамгаалах яамны харьяа Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн Төлөөлөгчийн газрын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Бүс нутгийн аюулгүй байдал, Монгол улсын аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцааны чиглэлээр дагнан судалгаа хийж мэргэшсэн Хятад, Англи, Орос хэлтэй нэгэн.
Тэрбээр Тайваньд амьдарч байхдаа өөрийн нөхөр болох Ц.Эрдэнэбаярыгаа Тайванийн нөлөө бүхий барилгын компанийн эзэдтэй танилцуулж лобби хийж явсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Түүнчлэн түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр нь 2009 онд Дундговь аймгийн АН-ын ҮЗХ –ны гишүүн болохдоо намын хорооны гишүүддээ 50, 50 мянган төгрөг өгч ҮЗХ-ны гишүүн болсон аж. Ингэснийхээ дараа “ Хөөрхий дөө, энэ гишүүд нь ямар ч ядуу байдаг юм” гэж тавлаж явсан сурагтай. Ийнхүү аашилсных нь хариуд Дундговийн АН-ынхан ҮЗХ-ийн гишүүнийх нь суудлыг эргүүлэн авсан гэдэг.
Ерөнхийлөгчийн нөөлөгт байсан М.Батчимэг ээжийгээ гавьяат болгож, хотын төвийн А зэрэглэлийн байршлийг өөрийн болгон нөхрөөрөө “ Дижитал” хорооллыг бариулж явна.

УИХ-ын гишүүн Зангадын Баянсэлэнгэ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. Хүний бага эмч, эрх зүйч мэргэжилтэй. МАХН-ын Мянгатын даргаас УИХ-ын гишүүн болсон З.Баянсэлэнгэ нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, нотаратчин, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, дүүргийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан гэх зэрэг алба хашиж байжээ. Тэрбээр хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын төлөө тэмцэгч, намын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргах хөдөлгөөний зохицуулагч зэрэг ажлуудыг хийснээрээ “Гудамжны жагсагч” гэдэг нэртэй болсон. Цагдаад ажиллаж байсан З.Баянсэлэнгэ цагдаад баривчлагдаж, Дэнжийн мянгын 111 дүгээр хорих ангид 14 хоног цементен шалан дээр хонож явсан юм.
Түүнийг УИХ-ын гишүүн болсон гэхэд баяр хүргэхээсээ илүүтэй гайхсан цочсон хүмүүс олон бий. Азтай эмэгтэй хэмээн үзэх нэг хэсэг байхад бурханы заасан зам гэх нь олон.
Гэнэтхэн УИХ-ын гишүүн болсон түүний суудал одоогоор ганхаж байна. Учир нь З.Баянсэлэнгэ нарын хүмүүст Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэргээр шүүхээс ял төлөвлөөд байгаа. З.Баянсэлэнгэ бусад эмэгтэй гишүүдээ бодвол хамгийн борог амьдралтай нь. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг. Нөхөр нь Баянзүрх дүүрэгт ажилладаг. Хүү охин хоёртой. Хүү нь энэ жил Төмөр замын дээд сургуулийн хоёрдугаар курст, охин нь “Алтан зам” гээд Хятад сургуулийн тавдугаар ангид сурдаг. Тэрбээр гишүүн болоод өгсөн анхны ярилцлагадаа “Яагаад УИХ-ын гишүүн гэр хороололд амьдарч болохгүй гэж. Би эхээс төрөхдөө гишүүн байгаагүй” хэмээн дурьдсан. Үүгээр ард олноос “ok” үнэлгээ авсан нь дөрвөн жилийн дараа түүний амьдрал ямар болохоос улс төрийн дүр зураг харагдана. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа найз нөхөддөө туслах гээд алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж найздаа туслахгүй гэх баталгаа үгүй биз ээ.

УИХ-ын гишүүн Раднаагийн Бурмаа

“Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р. Бурмаа гэдэг нэрээр олонд танигдсан. УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон. Электрон техникийн их сургууль, хожим МУИС-ийн англи хэлний курсыг оройгоор төгссөн. Англи, Болгар, Орос хэлтэй. АН-ын ҮЗХ-ны гишүүн. Тэрбээр өмнө нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөж өвдөг шороодсон ч энэ удаа намын нэрийн буянаар УИХ-ын гишүүн болж чадлаа. Тэрбээр “Сонгогчдын боловсрол” төвөөс гадна “Нэг ертөнц”, “Мини парламент”, “Мини НҮБ” зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Сүүлийн 20-оод жил ардчилал, сонгогчдын боловсролын дуу хойлой болж явсан тэрбээр төсөл хэрэгжүүлж амьдардаг. Нэг ёсондоо түүний орлогын эх үүсвэр нь дэлхийн болон Азийн орнууд, монголын элдэв төсөл гэж хэлж болно. Р. Бурмааг хууль зөрчигчдийн “ангууч” гэдэг. Нэлээд хэдэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж өгөө аваатай байсан. Тэгвэл зарим нэг намын нөхөд нь “Заргач” гэж нэрлэдэг гэнэ. Энэ нь өөрийн намын гишүүдээ шүүхэд өгч заргалдаж байсантай нь холбоотой аж. Тиймээс “Бурмаагийн явсан газар будлиантай”, “Бурмаа будлианы хутгуур” гэх мэт хэлц хэллэгүүдийг намынхан нь гаргаж байжээ. МСДН-аас Ардчилсан намд орсон. Эмэгтэйчүүдийн нэрээр улс төр хийх, мөнгө олох зорилгоор “Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” гэгчийг байгуулж өөрөө тэргүүнээр нь сонгогдож байв. Сонгогчдын нэрээр нэлээдгүй төсөл хэрэгжүүлсэн гэх. Түүний талаар 2008 оны сонгуулиар ухуулагчаар ажиллуулсан хүмүүсийнхээ цалинг нь өгөлгүй бултсан гэсэн мэдээлэл ч цацагдаж байсан. Тэрбээр хамт нэр дэвшсэн сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхныг санал луйвардлаа гэж шүүхэд өгч байсан удаатай. Тэгэхээр намын нөхөд нь “Заргач” хэмээн болгоомжилдог энэ хүн УИХ-ын танхимд булхай оруулахгүй байх магадлалтай. Гэхдээ төслөөр мөнгөжсөн хүнд найдахад бас бэрх. Нөгөөтэйгүүр Р.Бурмааг нийгэм дэх эмэгтэйчүүдийн төлөөл болж чадна гэдэгт олон бүсгүйчүүд түүнд итгэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяа
 
УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. Өмнө нь УИХ-ын 2008 оны энэ дүүрэгт нэр дэвшсэн боловч олонд төдийлөн танигдаж чадаагүй байсан учир унасан бол энэ жил даагаа нэхсэнээр иргэдийн итгэлийг хүлээж чадсан юм. Нөхөр, хүү, охины хамт амьдардаг. ОХУ-ын Санк Петербургийн Их сургуульд Олон улсын эдийн засагч мэргэжил эзэмшин, АНУ-ын Беллфордын ИС-ийн Бизнесийн удирдлага. Итали, Япон, Солонгос, Сингапур улсуудад бүтээмжийн чиглэлээр суралцаж төгссөн. Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороонд Мэргэжилтэн, СОД Трейд ХХК, Сентоза ХХК, Лотс инвест ХХК-д ерөнхий захирал, Эрүүл Мэндийн Сайдын Зөвлөхөөр ажиллаж байсан. Сүүлийн үед нэр сайхантайгаар нь “Иргэн Та баялаг” сангийн тэргүүн гэдгээрээ олны танил болсон.
С.Одонтуяа АН-ын ҮЗХ-ны гишүүн. JCI Mongolia ТББ-н Үндэсний Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Олон улсын JCIбайгууллагын сенатор цолтой. Монголын Эдийн засгийн форумын (MEF) олон нийтийн зөвлөлийн гишүүн бүсгүй. Монголд “Фүүд корт” буюу олон нэр төрлийн хоолыг нэг дороос хүссэнээр сонгох бололцоотой сүлжээг нэвтрүүлсэн, нийслэлчүүдийн сайн мэдэх “Шинэ Дорно”, “Сентоза Фүүд корт” зэргийг үүсгэн байгуулсан. Анх 2007 онд “Эдийн засгийн алуурчин” нийтлэл бичсэнээр улс төрд төдийгүй нийгэмд илүү тод гарч ирсэн. Түүний “Монголын баялаг бол эрдэс биш эрүүл монгол хүн” гэх түүний философи нь бусдаас ялгарч, амжилтад хүрэх гүүр нь болсон юм.
С.Одонтуяагийн Г.Өлзийбүрэн нь АН-ын ҮЗХ-ы гишүүн бөгөөд өмнө нь Нийслэлийн МАХН-ын хорооны дэд даргаар ажиллаж байжээ. Нөхөртэйгээ цуг бизнес хийж, хэд хэдэн компанийн захирлаар ажиллаж байсан энэ бүсгүйг баянголчууд эмэгтэйчүүдийн дуу хоолой болгон төрийн түшээгээр сонгосон билээ.

УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Оюун

Энэ удаагийн парламентад сууж буй бүсгүйчүүдээс хамгийн туршлагатай түүнийг монголчууд сайн мэднэ. УИХ-ын гишүүн асан ахынхаа үргэлжлэл болон гарч ирсэн тэрбээр 1999 оноос өнөөг хүртэл улс төрд нэгэн сэтгэлээр зүтгэж яваа. УИХ-ын туршлагатай парламентч С.Оюуны талаар олон зүйл бичих нь илүүц биз. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг тэрбээр УИХ-ын гишүүн, ИЗНН-ын үйл хэрэг, “Зориг сан”, “Хромосомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан” гэхчилэн олон ажил амжуулж явна. Тэрбээр “Амида” ХХК-ийн 30 хувь, “Мөнгөн Агт” ХХК-ийн 33 хувийг эзэмшдэг.

УИХ-ын гишүүн Цэдэндамбын Оюунгэрэл

УИХ-ын 2012 оны сонгуульд Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. “Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлч¬ний яриа”, “Ногоон нүдэн лам” , Миний ажлын Ноу-Хау зэрэг олон бестсэллэр болсон ном бүтээл туурвисан зохиолч төдийгүй Хүний эрх, Ардчиллын төлөө тэмцэгч. Өөрийн зохиосон “Ногоон нүдэн лам” номынхоо эхийг англи хэл дээр бичсэн. Ц.Оюунгэрэл Эдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бодлого судлалын мастер хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэй холбооны ерөнхийлөгч Нутгийн шийдэл сангийн тэргүүн. Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, УИХ-ын дэд даргын туслах, “Өмч хувьчлал” төслийн менежер, Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг ажил хийж байсан. Түүнийг монголчууд “Ногоон нүдэн лам”-ын зохиогч Ц.Оюунгэрэл гэдгээр нь тун сайн мэднэ. Ц.Оюунгэрэл өмнө нь төрсөн нутаг Хөвсгөл аймагт нэг бус удаа нэр дэвшээд амжилт олоогүй юм. Үүний шалтгаан нь түүний хижээл насны гадаад нөхөр. Сайхан монгол бүсгүйг харийн эрийн цай чанаж байгаад нутгийнхан нь дургүйцэж, дургүйцлийнхээ илэрхийлэл болгон түүнийг сонгодоггүй гэх яриа ч бий. Харин юм үзэж нүд тайлсан нийслэлчүүд түүнийг төвөггүйхэн сонгосон юм. Ц.Оюунгэрэлийн нөхөр Жеф¬фийг олон улсын хүний эрхийн хуульч бөгөөд эднийх “Оргил” хотхонд амьдардаг. Ц.Оюунгэрэлийн төрийн албан хаагчаас бусад орлого нь бичсэн номын борлуулалт гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхорол

УИХ-д гурав дахь удаагаа сонгогдож байгаа туршлагатай парламентч. “Отгонтэнгэр”-ийн гэх тодотголтой улс төрд орж ирсэн тэрбээр математикийн багш, эрх зүйч мэргэжилтэй, Боловсрол судлалын ухааны доктор, дэд профессор, Японы Соко их сургуулийн хүндэт доктор, ОХУ-ын Аюулгүй байдал, хамгаалалт, эрх зүйн академийн профессор.
Монголын анхны хувийн дээд сургууль байгуулж, боловсролын салбар руу орсон. Одоогоор УИХ дахь МАН-ын бүлгийн ганц эмэгтэй гишүүн.


УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга


УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр өмнө нь энэ дүүрэгт бие даан нэр дэвшиж байсан боловч амжилтад хүрээгүй тул энэ удаад эвслийн нэрийн өмнөөс дэвшсэн нь оновчтой шийдэл байсан юм. Г.Уянга “Их Монгол” дээд сургууль, ХУИС-ийг төгссөн. Сэтгүүлч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Тэрбээр Ийглийн “Шар үс”-т сэтгүүлч Г.Уянга хэмээн олонд танигдсан. Эгэл жирийн сэтгүүлч байхдаа эрхэм Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг баримттай нийтлэлүүд дэлгэж тавьсан нь олны анхаарлыг татсанаар түүний улс төрийн амьдрал эхэлсэн түүхтэй. Чингэлтэйд бие даан нэр дэвшиж өвдөг шороодсоныхоо дараахан унасан бөх ууртай гэгчээр хамтарсан Засгийн газрын эсрэг “Амлалт нэхэх ард түмний холбоо” байгуулж ерөнхий зохицуулагчаар нь ажиллав. Монгол орны өнцөг булан бүрт очиж иргэдтэй уулзаж, талбайд жагсаж байсан түүнийг хүмүүс “Тэмцэгч” хэмээн нэрийдсэн юм.
Харин УИХ-ын 2012 оны сонгуульд олон жилийн өмнө улыг нь шагайж, мууг нь үзэж байсан экс ерөнхийлөгчтэй гар барин оролцсон нь түүний нэр хүндийг унагасан ч чингэлтэйчүүд түүнд итгэл хүлээлгэснээр УИХ-ын гишүүн боллоо. Иргэний нийгмийн төлөө идэр есийн хүйтэнд залуусыг манлайлан жагссан тэрбээр “Ганц худаг”-д хоригдоод амжсан.
Г.Уянга нөхөр, хүүхдүүдийн хамт гуравдугаар хороололд гурван өрөө орон сууцанд амьдардаг төдийгүй зуслангийн байртай. Сэтгүүлч нөхрийнхөө бичиж хэвлүүлсэн нийтлэл, номоор орлогожин амьдардаг гэх. Ордны гадаа жагсаж байсан түүнийг ордон дотор ямар тэмцэл хийж, дөрвөн жилийн дараа ямар байхыг харах л үлдлээ.

УИХ-ын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэг

“Монос”-ын гэх тодотголтой Л.Эрдэнэчимэг УИХ-ын 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин сонгогдсон. Тэрбээр өмнө нь Сүхбаатар аймагт нэр дэвшиж байсан ч амжилтад хүрээгүй юм. АН-ын ҮЗХ-ны гишүүн. Болгар улсын Софи хотын Их сургууль, МУИС-ийн Хууль Зүйн дээд сургууль, СЭЗДС-ийн MBA-ийн дамжаа төгссөн генетикч, эрх зүйч мэргэжилтэй. Мал Аж Ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,  1992-1996 онд Болгар улсад худалдааны компанийн захирал хийж байсан бөгөөд 1996 оноос “Монос фарм” компанид Бөөний худалдааны төвийн гүйцэтгэх захирлаар ажилласан байна.
Эм, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг байсан тэрбээр улс төрд нэр нь сонсогдох болсон үеэс хойш бизнесээ өргөжүүлж эхэлсэн бололтой. Энэ нь Л.Эрдэнэчимэг 2002 онд “Моносфарм трейд” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж эхэлснээс харагдаж байгаа юм. Ямартай ч мөнгөтэй хүн улс төрд амжилт олдог гэдгийг олон нийтэд харуулж байна хэмээн цоллогдож байгаа энэ бүсгүйд сонгинохайрханчууд итгэл үзүүлж гишүүн болголоо.

Н.БУДСҮРЭН

info


URL:

Сэтгэгдэл бичих