Б.Ганхуяг: 22-ын товчооны цаана хяналтын түр пост ажиллуулна
Тарваган тахлын хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуягтай ярилцлаа.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тарвага агнахыг хориглосон. Хэдэн жилээр хориглосон бэ?
-БОАЖ-ын сайдын ан агнуурын тухай хуулийн 411 дүгээр тушаалаар ан агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглосон заалт орсон. Энэ заалтын дагуу зарим аймгуудад 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ оныг дуустал саарал чоно, шар үнэг, хярс, тарвага агнахыг хориглосон байгаа.
Ховордож буй амьтан гэдэг утгаар нь тарвага агнах хугацаа дууссан ч хугацааг дахин сунгадаг. Дээрх хууль батлагдаагүй байхад наймдугаар сарын 15-наас хорио тавигдаад тарвага агнах зөвшөөрөл олгодог байсан. Одоо үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар тарвага агнахыг хориглосон.
-Орон нутгаас тарвага орж ирэхэд ямар хяналт тавьж байна вэ. Тарвага оруулахаар завдсан иргэнд ямар хариуцлага тооцдог бол?
-Жил бүр нийслэлийн Засаг даргын захирамж гардаг. Захирамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гарна. Ингээд наймдугаар сарын 1-нээс тарваган тахлын хяналт шалгалтыг Нисэх, Баянзүрх, Яармаг, 22-ын авто тээврийн шалган бүртгэх товчоо болон Эмээлт түүхий эдийн зах, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Налайхын мал нядалгааны газар зэрэг 7-8 цэгт шалгалт явуулдаг.
Дээрх хяналт хоёр сарын хугацаатай үргэлжилдэг. Хяналтын явцад илэрсэн тарваганы нойтон мах, хорхог, боодгийг хяналтын байцаагч нар Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвд шилжүүлж, устгал хийдэг. Энэ жил өвс ургамал ихтэй байгаа учраас тарвага эрт тарга хүч авсан. Хуулиар тарвага агнахыг хориглосон хэдий ч иргэд арьсыг нь авах, боодог хийх зориулалтаар агнасаар л байна.
-Удахгүй тарваган тахлын шалгалт эхлэх гэж байна. Товчооноос бусад газруудад ямар хяналт тавьдаг вэ?
-Наймдугаар сарын 1-нээс хяналт эхэлнэ. Нисэх, Яармаг, Баянзүрх, 22-ын товчоон дээр 24 цагаар хяналт гардаг. Эмээлт, Налайхын түүхий эдийн зах дээр ачаалал ихтэй цагуудад явуулын журмаар ажиллана. Мөн маршрутын бус цэгүүдэд ч явуулын хяналт гарна. Улаанбаатарын ойролцоох Сонгины гүүр, Айдасын даваагаар хөдөлгөөнт эргүүл хийдэг. Хөдөлгөөнт эргүүлийн багт Нийслэлийн цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчны ажилчид, МХЕГ-ын байцаагч нар явдаг.
-Шалгалтаар илэрсэн тарвагыг устгадаг гэж сонссон. Жилд хэдэн тарвага илрүүлдэг вэ?
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар иргэн аж ахуйн нэгж олон тарвага агнасан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн газар шилжүүлдэг. Боодогны зориулалтаар ганц хоёр тарвага оруулж ирсэн тохиолдолд нойтон махыг хурааж аваад, иргэнд захиргааны хариуцлагын тухай хуулиар 5-50 мянган төгрөгөөр торгох заалт бий.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгох шийдвэр байдаг. Захиргааны арга хэмжээ авах төдий хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрч буй нь эсрэгээрээ байгаль орчинд их хохирлыг бий болгож байна. Тарвага цөөрч байхад хэдхэн төгрөгөөр торгох нь утгагүй. Өнгөрсөн жил 100 гаруй тарвага илрүүлж устгалд оруулсан байгаа.
-Тарваган тахлын хяналтын үеэр иргэдэд зөвлөгөө өгдөг үү. Уг өвчин ямар замаар халдварладаг вэ?
-Тарваган тахал нь вирусээр үүсгэгдэж, амьсгалын замаар тархдаг онц гоц халдварт өвчин. Тарваган тахлын голомтот бүс нутагт Хэнтий, Говь-Алтай, Завхан, Ховд аймаг ордог. Шалган нэвтрүүлэх авто товчоон дээр хяналт тавьж буй НМХЕГ-ын мал, амьтны хорио цээрийн хяналтын байцаагчид автомашинуудад шалгалт хийж, иргэдэд өвчний талаар зөвлөгөө өгдөг.
Тарваган тахал өвчин илрэх үед хүчтэй халуурч, амьсгалын замыг боогдуулж маш богино хугацаанд хүний амь насанд хүрдэг аюулт өвчин. Манайд одоогоор тахлаар өвчилсөн хүн хараахан илрээгүй байна. Тахлын голомтот газруудад тарваганд өвчин илэрсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан.
Тарваган тахал шууд хавьтал, агаар дусал, хоол хүнсээр халдана. Тэр ч байтугай тарваганы бөөс буюу бүүргээр ч дамжиж болно. Ер нь тарвага элбэгтэй газар нутгаар явж байхдаа иргэд өөрийн явах чадвараа алдсан, нүхэндээ орж чадахгүй болсон, золбин тэнэмэл тарвага зурманд ойртохгүй байх хэрэгтэй.
-Иргэд вокзалын ойролцоох Тоса төв дээр тарваганы хорхог, тулам худалдаалдаг гэж ярьдаг. Энэ дээр ямар хяналттай ажилладаг бол?
-Тахлын хяналт шалгалтын үеэр явуулын эргүүл ажилладаг. Дорноговь аймгаас Нийслэл рүү зорчдог галт тэргээр тарвага их орж ирдэг. Мөнгөн морьт, Баян, Баянжаргалан сумаас тарвага оруулж ирээд Тоса, Драгон зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад худалдаалдаг.
Энэ бол осолтой. Хотын төвд нэг л өвчтэй тарваганы мах илэрсэн тохиолдолд нийслэлийн сая гаруй иргэнд агаар дуслын замаар халдварлаж, мөхөлд хүрэх аюултай. Хүчтэй халуурах, толгой өвдөх, бөөлжих, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт хандах нь зөв.
-Одоогоор 22-ын товчоо засвартай байгаа. Тэгэхээр шалгалтаа хэрхэн явуулах вэ?
-22-ын товчоо засварт орсноор тахал гэлтгүй хүнсний аюулгүй байдалд тавих хяналт сулрах магадлалтай байна. Иймд ирэх нэг дэхээс 22-ын товчооны цаана зөөврийн хяналт явуулж эхэлнэ.
Зөөврийн хяналт гэдэг нь 22-ын товчооны цаана байдаг хөдөө орон нутгийн гурван замын уулзварт түр воганчиг байрлуулна. Тус постод замын цагдаа, НМХЕГ-ын байцаагчид ажиллана.
Тарваган тахлын хяналтын хугацаанд бүх тээврийн хэрэгслийг зогсоож шалгах ёстой. Хяналтын үеэр тарвага тээвэрлэсэн тохиолдолд 72 цагаар хязгаарлалтад орж, хэрэв их хэмжээгээр агнасан бол машиныг улсын орлого болгох журамтай. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчийг эмчийн үзлэгт оруулдаг.
Ер нь иргэд өөрсдийгөө тарваган тахлаас хамгаалахгүй бол мэргэжлийн хяналтын хэдэн байцаагч, мэргэжилтнүүд хаанаа ч хүрэлцэхгүй байна шүү дээ.
URL: