Хар тамхи тээвэрлэгчид хамгийн аюултай
Манай улсад ч энэ нь нэлээд том асуудал болжээ. Хэдхэн хоногийн өмнө Монгол залуу ходоодондоо хар тамхи тээвэрлэн Хонконгийн хилээр оруулж ирэх гэж байгаад амиа алдсан гэх мэдээлэл гарсан.
Энэ мэтээр хичнээн Монгол хүн энэ хөнөөлт бодисын амьд тээвэрлэгч нь болж байгаа бол гэж бодохоос өр эмтэрмээр. Харин хар тамхины хэрэглээ дэлхий нийтийг хамарч байхад манай улсад энэ төрлийн гэмт хэрэг сураггүй байсан үе тун саяхан. Гадны иргэд хар тамхи хэрэглэж мансуурсан гэсэн мэдээлэл дуулж байснаас энэ аюул хаяанд ирчихнэ гэж бодсонгүй.
Гэтэл 2000 оноос хойш хар тамхины хэрэгт гадны оронд оршин суудаг иргэд ихээр холбогдох болж. Эхэндээ тэд гаднынханд хууртан тээвэрлэгч болж байсан бол сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх хандлагатай болж, үүнд насанд хүрээгүй хүүхдүүд татагдах тохиолдол цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдсээр байгаа.
Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болсон. Манай улсын иргэд хилийн чанадад хар тамхи мансууруулах бодисыг санаатай болон санамсаргүйгээр тээвэрлэн, ял авах тохиолдол өдгөө ч гарсаар байгаа мөн хар тамхины эсрэг авч буй арга хэмжээний талаар дээрх хэлэлцүүлгийн үеэр дэлгэрэнгүй тайлбар өгсөн билээ.
“Монгол Улс хар тамхитай холбоотой асуудал дээр хатуу бодлого баримтална” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Энэ тухай хуулийг шинэчилж сайжруулах талаар онцолж байв. Гэтэл энэ бүх хууль, санаачлагууд бодитой хэрэгжиж чадахгүй л байна. Манай улсын иргэд ихэнхдээ тээвэрлэгч болдог аж. Өмнөд хөршид эдүгээ хар тамхи зөөсөн хэрэгт Монголын 17 иргэн шалгагдаж байна.
Мөн арван хүн шүүгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Ингэхээр тус улсад хар тамхины хэрэгт холбогдсон Монгол иргэн 27 болж байна. Дээрх шүүгдэж байгаа арван иргэний тавд нь цаазаар авах ял оноосон бол гуравт нь насаар нь хорих ял оноожээ. Хар тамхи зөөвөрлөж баригдсан монголчуудын тоо удахгүй 30 хол давах нь тодорхой болж, тэдний цаана ч баригдаагүй хүмүүс бий гэж ойлгож болно. Богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох амархан аргуудын нэг хар тамхи тээвэрлэх бололтой.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр хар тамхийг зөөвөрлөх аргуудаас хамгийн өргөн тархсан арга нь ходоодондоо хийж тээвэрлэх аж. Ийм тохиолдлууд ч зөндөө байдаг гэнэ. Хонконгийн хилээр гарах гэж яваад амиа алдсан залуу тэдний нэг нь юм. БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад баригдсан тохиолдолд цаазаар авах ял оноодог ажээ. Харин манай улсын хувьд таамаглал, судалгаа гаргахаас өөрцгүй байдаг. Манай улсын цагдаагийн байгууллагынхны өгсөн мэдээллээр бол 2008 онд хар тамхитай холбоотой есөн хэрэг гарч 19 хүн холбогдож байсан бол 2009 онд 11 хэрэг гарсан байна.
Харин энэ 11 хэрэгт 39 хүн холбогджээ. Гэтэл 2010 онд 22 гэмт хэрэг гарч нийт 169 хүн холбогдсон бол өнгөрсөн онд 30 гэмт хэрэг гарчээ. Энэ нь өмнөх оноосоо даруй хоёр дахин нэмэгдсэн тоо. Эндээс харахад хар тамхитай холбоотой гэмт хэрэг өссөөр байна. Үүнийг олон талаас тайлбарлаж болох ч нэгэнт хар тамхины хэрэгт холбогдсон бол дахин гарах гарцгүй болдог учраас тээвэрлэлт хамгийн чухал нь. Нэг удаагийн тээвэрлэлт хийж өгөөд энэ ажлаас гарна гэсэн ойлголт байддаггүй аж.
Энэхүү хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс хар тамхи хэрэглэдэггүй хэрнээ зөөвөрлөгч, дамлагч байдаг нь асуудал болж байгаа юм. Дээрх хүмүүсийн тоог судалгаагаар гаргахад тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Насны хувьд ангилаад үзвэл 30-45 насныхан илүү оролцдог, 18-25 насны эмэгтэйчүүд ч мэр сэр холбогддог байна. Зөөвөрлөгч хаана авчирч, хэнд өгдөг вэ гэдэг нь одоо хэр нь нууц хэвээр л байгаа. Монголд одоогоор хар тамхи судсаар тарьж хэрэглэдэг 70 орчим хүн байдаг гэсэн тоо баримт байдаг.
Үүний цаана 410 хэрэглэгч бий гэх. Судсаар тарьж хэрэглэж байгаагаас гадна үнэрлэдэг, хэлэн доороо тавьдаг, татаж хэрэглэдэг гээд бусад аргаар хэрэглэдэг хүмүүстэй ажилладаг байгууллага өнөөдрийн байдлаар ганц ч алга байгаа. Эхэндээ тээвэрлэгч байсан бол сүүлийн 5-7 жилийн хугацаанд хэрэглэгчдийнх нь тоо ихээр нэмэгдэж байгаа нь нийгмийн дунд хар тамхины аюул заналхийлэл ихсэж байгаагийн илрэл. Мөн мансууруулах төрлийн ургамал манай улсад ургадаг нь хар тамхины эсрэг авах хориг арга хэмжээнд нэлээд хүндрэл учруулж байгаа юм. Хэрэглэгчдэд хангаж байгаа тээвэрлэгчдэд эхэлж хориг тавьж байж энэ бүгдийг таслан зогсоож чадна.
Гэхдээ баригдашгүй өшөө авагчид шиг хар тамхины тээвэрлэгч нарыг яах вэ. Мөн нэгэнт харь оронд хар тамхины хэрэгт холбогдсон бол манай улсаас ямар арга хэмжээ авдаг нь сонин. Ямартай ч үүнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Д.Ганхуягийн өгсөн тайлбарыг хүргэе.
Д.Ганхуяг: ТУХАЙН УЛСЫН ХУУЛЬД ТОХИРУУЛАН АЖИЛЛАНА
-Одоогоор манай Консулын газарт хар тамхины хэргээр ямар нэгэн асуудал гараагүй байгаа. Ер нь бол хар тамхины хэрэгт холбогдсон тохиолдолд эхний ээлжинд манай Консулын газраас тухайн иргэнд орчуулагч, өмгөөлөгч гаргаж өгнө. Хэрэв онцын шаардлагатай гэвэл манай зүгээс төлөөлөгч гаргаж уулзалт зохион байгуулна. Ингэсний дараагаар Хүний эрхийн конвенцид хандаж дараагийн арга хэмжээг авна. Дээрх арга хэмжээг эхний ээлжинд авч тухайн улсын хуульд харшилхааргүй бодлогыг барьж ажиллана.
Тэрбээр ийн ярив. Тэгэхээр хар тамхины хэрэгт холбогдсон иргэдэд хамгийн эхний ээлжинд дээрх тусламжуудыг өгдөг байна.
Э.Баясгалан
URL: