Цастын өндөрлөгт хүмүүс зулын гол болсоор байна

Сычуань мужийн Аба аймагт Киртийн хийд гэж бий. Энд ойролцоогоор 2500 төвд лам байдаг гэх албан ёсны тоо бий. Харин Төвдийн чөлөөлөх хөдөлгөөнийхөн энэ тоо 600 болж буурсан гэж мэдээлдэг.

Киртийн хийд бол Буддын шашны уламжлал, ёс заншлыг хадгалж үлдсэн жирийн нэгэн газар. Гэхдээ энэ хийдийн ойролцоо Хятадын хууль сахиулагчид ч олноороо хөлхөлддөг. Учир нь энд төвдүүдийн улс төрийн тэмцэл хамгийн их идэвхиждэг. Киртийн хийдэд өнгөрсөн оны гуравдугаар сард нэг лам өөрийгөө шатаасан юм. Түүний дараахан энэ хэрэгт холбоотойгоор хэд хэдэн ламыг баривчилжээ.

Тэр үеэс Киртийн хийдийг Хятадын хууль сахиулагчид онцгой анхааралдаа авсан байна. Өнгөрсөн аравдугаар сард 24-өөс доош насны нэлээд олон лам нарыг амиа хорлохыг оролдсон хэмээн буруутгаж мөн л баривчилсан юм. Өнөөдөр Киртийн хийд Хятадын дарангуйллын эсрэг тэмцэх төвдүүдийн талбар болжээ. Уржигдар энд 18 настай нэгэн лам зулын гол болж, нас баржээ.

Гэхдээ энэ нь сүүлчийнх биш гэдэг нь хамгийн аймшигтай. Төвдөд явуулж буй Хятадын бодлогод дургүйцсэн иргэдийн тэмцэл 2009 оноос идэвхижиж эхэлсэн. Түүнээс хойш Төвдийн 42 лам өөрийгөө шатаажээ. Тэдний 32 нь нас барсан байна. Бас нэлээд хэсэг нь Киртийн хийдийн лам нар юм.

“Хүн амьдаараа шатна гэдэг аймшигтай зүйл. Галын дөл шатаж буй хүний бүх биеийг бүчин авч, юу ч үгүй түлнэ. Арьс нь хайлж, нүд нь ууршиж, гар нь биеэ даган сулбайж унана. Эцэст нь хар саарал утаа тэнгэрт суунаглаж, шатаж буй хүн амь тавьдаг” хэмээн “Таймс” сонины сэтгүүлч Дэвид Халберстам нэгэн буддист лам зулын гол болж буйг өөрийн нүдээр хараад ийнхүү бичиж байжээ. Гэхдээ энэхүү аймшигт үзэгдэл цаст Төвдийн өндөрлөгт бол танил дүр зураг болов уу гэлтэй.

Харин хятадууд үүнд Далай ламыг буруутгадаг. “Төвдүүд амиа золиосолж байгааг өөгшүүлэн дэмжиж, үүнийг улс төрийн тэмцлийн нэг хэлбэр болгож байгаа хүн бол Далай лам” хэмээн Коммунист намын “Глобал таймс” сонинд тэмдэглэжээ. Тэр ч байтугай Далай ламыг үзэн ядах сэтгэлгээ төлөвшсөн тэрбум хүнийг бий болгож байгаа тухай “Төвдийн эмгэнэл” хэмээх номын зохиогч Тим Жонсон онцолж байв. Тэрбээр Оксфордод сурдаг нэгэн хятад оюутан Далай ламыг “Хүний арьс нөмөрсөн чоно” хэмээн нэрлэж байхыг харсан гэдэг.

Далай лам 2011 оны гуравдугаар сарын 16-нд улс төрийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Түүний суудлаасаа буух шийдвэрийг Америкийн нэгэн сенатч алга ташин хүлээж авч байхад яг тэр өдөр нь хоёр ч төвд хүн зулын гол болж, өөрийгөө шатааж байв. Яг л тэдний эрх чөлөөний төлөөх тэмцэл ингээд дуусах вий дээ гэж айх аятай. Гэхдээ түүнээс хойш өөрийгөө золиослох төвдүүдийн тоо улам өсчээ.

Сычуань мужийн цагдаа нар саяхан хоёр төвд ламыг баривчилсан байна. Учир нь тэд эх нутагт нь явуулж буй Хятадын бодлогыг шүүмжлэн ном бичиж байжээ. Хятадын эрх баригчид төвдүүд нутагладаг Сычуань, Синхай, Гансу зэрэг мужуудад Төвдийн соёл, үндэсний салан тусгаарлах үзлийг дэмжсэн бүтээл туурвисан зохиолч, жүжигчин, дуучин, багш нарыг олноор нь баривчлах болсон аж. Өнөөдөр Төвдийн сүм, хийд бүр Хятадын хууль сахиулагчдын хяналтад ороод байна. Ингэхдээ лам нарынх нь өдөр тутмын ажилд оролцож, бүх зүйлийг нь нарийвчлан хянаж, хязгаарлалт хийж байгаа тухай “www.rfa.org ” сайтад мэдээлжээ. Лам нар энэ бүхнээс зугтаж, хөдөө тосгондоо амьдрахыг илүүд үздэг болсон байна.

Өнөөдөр Хятадын хилээс гадуур 200 мянга орчим төвд хүн амьдардаг гэх тоо бий. Тэд 1.3 тэрбум хүн дунд уусан нэгдэх дөхөж байгаа эх орон нэгтнүүдийнхээ дуу хоолойг дэлхий дахин хүргэхийг хичээж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Нью-Йоркид 6000 төвд хүн оролцсон жагсаал болж, Төвдийн Лхаст тэртээх 1959 онд болсон тэмцлийн 53 жилийн ойн баярыг тэмдэглэсэн. Энэ үеэр Хятадын дарангуйллын тухай өгүүлэх ном, товхимлууд тарааж байв. Нью-Йорк дахь НҮБ-ын байрны урд олон хоног өлсгөлөн зарласан төвдүүдийн сэтгэлийг тайвшруулахын тулд тус байгууллагаас Төвд рүү шинжээчид явуулахаа амласан юм. Түүнчлэн Төвдийн зүүн муж дахь Нангчен хотод хэд хэдэн удаа томоохон жагсаал болж байв.

Төвдүүд 60 жил Хятадын ноёрхолд байсан. Харин Далай лам Төвдийн хилээр гарснаас хойш 51 жил өнгөрч байна. Тухайн үед тэрбээр 2000 дагалдагчийн хамт Энэтхэгийг зорьж байв. Хятадын Коммунист намын цэргүүд Төвдөд нэвтэрсний дараа сүм дугануудыг нурааж, үнэт бурхдыг нь Бээжинд аваачиж, лам нарынх нь орхимжийг тайлж, жирийн хар хүн болгож байсан гэдэг. Энэ бүхэнд туйлдаж цөхөрсөн Дээрхийн гэгээнтэн 23 насандаа Дарамсалаг зорьсон юм.

Мао Зэ Дун 1960-аад онд Төвдийг эзэлсний дараа бүх цэргүүдээ төвд бүсгүйтэй гэрлэхийг тушаасан гэх яриа ч гарсан. Ямартай ч тэр үеэс эхлэн төвдүүд цастын өндөрлөгтөө тайван амгалан амьдрахаа больжээ. Нэгэнтээ Далай лам “Хятадын эрх баригчид Төвдөд соёлын геноцид хийж байна” хэмээн халаглаж байх вэ. Соёлыг нь юу ч үгүй устгах замаар үндэстнийг нь мөхөөх вий гэх айдас төвдүүдийн дунд хүчтэй байгаа юм. Дэлхий дахинд Төвдийн ард түмний дуу хоолой болж хүрдэг Далай лам энэ сард 77 насны ойгоо тэмдэглэнэ. Насан өндөр болсон түүний хойд дүрийг хятадууд хэдийнэ тодруулчихаад байна. Буддын шашны уламжлалаар бол нас эцэслэснийх нь дараа сүнс нь өөр биед шилжиж, хойд төрлөө олдог гэх. Гэхдээ Далай лам ч бас үүнийг үл хайхран өөрийн хойд дүрийг Төвд, Балба, Монгол зэрэг орноос тодруулахаар болсон юм. Тэрбээр өөрөө ч насан өндөр болсноо анзаарч байх шиг.

Уг нь төвдүүд Хятадын Засгийн газраас их зүйл хүсээгүй. Тэд автономит эрхтэй улс болохыг л зорьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Далай лам Хятадын эрх баригчидтай хэлэлцээр хийхийг хэд хэдэн удаа оролдсон боловч бүтээгүй. Нөгөөтэйгүүр Хятадад харьяалагддаг жижиг үндэстнүүд олон бий. Тэд ч бас тусгаар байдлаа хадгалж үлдэхийг хичээдэг. Хэрэв Төвдөд боломж олговол бусад нь түүнийг дагаад босоод ирэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас хятадууд Төвдийг хэзээ ч зөнд орхихгүй хэмээн барууны шинжээчид дүгнэдэг билээ.

Киртийн хийдийн 18 настай лам Лувсан Лозины шатаж буйг харуулсан дүрс интернэтэд тавигдаад удаагүй байна. Энэхүү дүрсийг харвал зулын гол болж буй Лувсангаас хэдхэн алхмын цаана гурван лам толгойгоо гудайлган алга хавсран залбирч байх аж. Харин тэдний цаана тэртээх алсад байгаа Дарамсала дахь өргөөндөө Далай лам мэгшиж суугаа. Гэхдээ түүний нулимс, тэдгээр ламын тэмцэл цастын ард түмний эрх чөлөөний найдвар болон гэрэлтсээр байгаа юм.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих