МАН-ынхан шуударчээ
Өчигдөр өглөө 10 цагаас эхлэн МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдлаа. Хөдөө орон нутагт яваа гишүүдээ ч дуудаж Удирдах зөвлөл нь бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан байна. УИХ-ын сонгуулийн дараа сүүлийн хэд хэдэн сонгуулиар үзээгүй томоохон ялагдал хүлээсэн МАН-ынхан нэг хэсэгтээ шоконд орсных уу таг байсан бол сүүлийн үед илт хөдөлгөөнд орж эхэллээ. Өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурал дээр намын дарга С.Батболд намын даргын албан тушаалаа өгөх хүсэлтээ илэрхийлжээ. Намын генсек байсан У.Хүрэлсүх наадмын өмнө ийм хүсэлтээ бичгээр гаргасан байсан бол С.Батболд дарга нь мөн намын нөхдөдөө хариуцлага хүлээж ажлаа өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн сураг байсан юм. Ямартай ч үүнийгээ өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурал дээр албан ёсоор илэрхийлжээ.
Нэгэнт АН энэ намыг Засагт оруулахгүй гэдэг нь тодорхой болж, МАН “гологдсон хүүхэн” болоод байгаа энэ үед нам дотроо ч хариуцлагын асуудлыг ярьж эхэлж байна. Юуны өмнө МАН-ын удирдлага болох дарга, генсек нараас гадна Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй гэж өөрсдөө үзэж байгаа сурагтай. Энэ бүхнийгээ Бага хурлаараа хэлэлцэх бөгөөд цаг хугацаа алдалгүй ерөөсөө ирэх мягмар гариг буюу 24-ний өдөр хийхээр болжээ.
Тус намын зарим гишүүд удирдлагуудын бүрэн эрхийн хугацаа хоёр сонгуулийг хамруулаад нэг цикль болдог учраас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөгөөд уг асуудлыг ярих ёстой гэсэн байр суурьтай байсан ч дийлэнхээрээ энэ ялагдлын дараагаас хариуцлагаа хүлээсэн нь дээр гэж үзсэн бололтой. Бас орон нутгийн сонгуулийн өмнө намынхаа Их хурлыг хуралдуулан асуудал босголгүйгээр намын удирдлагад хариуцлага тооцох, шинэ удирдлагуудыг томилох эрхийг энэ сарын 24-ний өдөр болох Бага хуралдаа олгоё гэж шийдсэн байна. Удахгүй халаагаа өгөх МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаар намын даргад Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд даргад М.Энхболд, бүлгийн даргад Н.Энхболд, дэд даргад С.Бямбацогт нарын нэрийг дэвшүүлэхээр болжээ. Үүнээс үзэхэд МАН-ын шинэ даргаар Ө.Энхтүвшин тодрох нь тодорхой болж байна. Хэдийгээр МАН-ын Бага хурал дээр намын даргын албанд хэн нэгнийг заалнаас нэр дэвшүүлэх боломж нь нээлттэй байгаа ч энэ удаад тэгэх нэр дэвшигч ч, зоригтон ч гарахгүй болов уу. Урьд нь С.Батболдын нэрийг даргаар дэвшүүлэн Удирдах зөвлөлөөс оруулж ирэхэд заалнаас Ө.Энхтүвшин нэр дэвшиж цөөхөн саналаар унаж байсан удаатай. Харин одоо нөхцөл байдал үүнээс өөрчлөгдсөн байгааг хэлэх хэрэгтэй. Ах намын хувьд бас нэгэн яригдах зүйл бол намын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал. Харин үүн дээр сонирхож байгаа, нэр нь яригдаж байгаа хүмүүс олон байна. Сонгуулийн ялагдлын дараа Бага хурал болтол ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнээс гадна УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Ц.Мөнх-Оргил, Г.Занданшатар, Ж.Сүхбаатар мөн БОАЖЯ-ны сайд асан Д.Цогтбаатар нарын нэр сонстож байна. Ерөнхийдөө УИХ-д олон жил суусан эрхмүүдийн хувьд хэн нь ч энэ албыг аваад явчих бүрэн боломжтой. Гэхдээ Э.Мөнх-Очироос бусад нь тойрогт нэр дэвшиж, тус бүртээ суудал алдаж, ялагдал хүлээсэн хүмүүс байгаа. Тийм тохиолдолд Бага хурлын гишүүд нь алга дэлгэн угтаж авахаасаа илүү багагүй шүүмжлэл хүртээх магадлалтай. Л.Оюун-Эрдэнийн хувьд залуучуудын байгууллага НАМЗХ-гоо толгойлдог. Өнгөрсөн сонгуульд тус холбооноос нэр дэвшсэн залуус бараг шахуу бүгд ялалт байгуулсан учраас бусдыгаа бодвол хэлэх үгтэй. Дээрээс нь нам нь түүнийг дандаа галд оруулж, амаргүй болгоны өмнө барьдаг. Энэ нь нэг талаас бэлдэж байж ч болох талтай. Бас нэг яригдаж байгаа эрхэм бол Д.Цогтбаатар. Туршлагатай дипломатч, сайдаар ажиллах богино хугацаандаа бас ч гэж юм хийх залуу юм гэсэн итгэлийг олонд өгсөн. Хүмүүсийн дунд Байгаль орчны салбарыг ийм залууст өгч байсан бол гэсэн яриа гараад авсан гэгддэг. Бас өнгөрсөн сонгуульд аль ч тойрогт нэр дэвших бүрэн боломжтой гэгдэж байсан мөртлөө нэр дэвшээгүй. Бас намын жагсаалтад ч нэр нь багтаагүй. Өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад бодож санасан зүйл бий” гэж байсан нь ерөнхий нарийн бичгийн даргын алба байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч МАН-ын шинэ дарга хэн болох нь тодорхой болсон шигээ генсекийнх тодорхой биш, асар их өрсөлдөөнтэй байна.
Ерөнхийдөө болж буй үйл явдлаас харахад МАН-д үйл явдал тун хурдан өрнөлтэй байна. Нэгэнт тоглоомын тойргийн гадна үлдэх нь тодорхой болсон болохоор МАН бялууны хэрчим хүлээж суухгүй дотоод ажлаа цэгцлэхээр шуударчээ.
Ч.БҮЖИН
URL: