Лүнгийн замын “но” хэзээ ч дуусахгүй
Баруун аймгуудаас орж ирж байгаа жолооч нар хараалаа барж дуусч байгаагаа хэлж байна. Учир нь өнөөх Лүнгийн зам. Жил бүр энэ замыг 30 км-ээр таслаад хаачихдаг, хүн харахад засаад л байгаа хирнээ нүх довнуудаа янзалсаар дараагийн өвөлтэй золгодог, үүний оронд зүгээр энэ чигт нь орхичихвол таарна хэмээн Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай гээд баруун тийш энэ замаар ачаа, хүн тээвэрлэдэг жолооч нар хэлж байна.
Өнөөдрийг хүртэл Лүнгийн замыг улсын комисс хүлээж аваагүйн шалтгааныг тоочиж баршгүй олон. 2011 онд багтааж комисс хүлээн авна гэж байсан ч энэ ажил бүтэн жилээр хойшилж өдгөө ч сураг чимээгүй байгаа юм. Чанаргүй тавигдсан энэ зам асуудал удсаар байхад улсын төсвөөс олон тэрбумаар нь мөнгийг дахин дахин гаргаж өгөөд байгаа нь бүр сонин. Мөнгийг нь жил бүр төвөггүйхэн өгч энэ жил бүр төсөв нь 20 тэрбум болчихсоныг харвал асуудлын гогцоо Сангийн яаманд ч байх магадлалтай юм. УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын олноос авсан нэр нь Зам-Очир.
Энэ хүний байгуулсан замын компани Лүнгийн замын тендерийг монопольдож авснаас хойш энэ зам нэг ч сайн нэрийг зүүсэнгүй. Үүний дараа Хятадын хөрөнгө оруулалттай компанид дараагийн тендерийг нь өгсөн. Гэтэл тус зам бас л эвдрэлээр дүүрч нэг хаврын нар салхи үзэлгүй энхэл донхол болсон. Дахиад л засах шийдвэр гарсан. Энэ удаа энхэл донхол нүв сүвнүүдийг таглаж бөглөх ажил. Энэ мэтээр Лүн хүртэл 120 км-т асуудал, зовлон их байгаа. Жолооч нар ч бүр залхаж сүүлдээ Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргаж байсан удаатай. Авто замын газрынхан ч асуудал ихтэй энэ зам яахын аргагүй муу баригдсан, инженерийн бүтээн байгуулалтгүй хариуцлагагүй ажил болсныг нэгэнт хүлээн зөвшөөрч толгой дохидог болжээ. Алаг эрээн болтлоо дахин хучилт хийж, энд тэндээ нөхөөс тавьсан энэ зам олныг бухимдуулаад байгаа хирнээ л жилийн жилд татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 тэрбумыг тэгсхийгээд л гаргуулаад авчихдаг нь гайхшрал төрмөөр. Улсын комиссынхоны хардлага үнэн бол зурайж харагдсан царай шигээ биш зуурсан бантан шиг чанаргүй зам учраас л хүлээж авахгүй байгаа юм гэсэн.
Замын компани зассан замдаа 1 жилийн баталгаат хугацаа гаргаж 1 жилийн дотор асуудал гарвал өөрсдөө хариуцах ёстой. Харин Лүнгийн замын тендерийг авсан Д.Дамба-Очирын хувийн компани болон Хятадын хөрөнгө оруулалттай замын компаниудыг энэ замаа 23 жилийн хугацаанд хариуцах батлан даалтын хугацааг улсаас зааж өгчээ. Тэгэхээр “Очир” төв гэж нэрлээд байгаа Хятадын хөрөнгө оруулалттай тус компани уг замын эвдэрлийг улсын мөнгөөр биш өөрсдийн мөнгөөр засах ёстой юм. 1 жилийн дотор 90 км зам засна гэдэг дотоодын замын компаниудын хувьд яагаад ч хийх боломжгүй ажил гэдгийг мэргэжлийн нүдээр харсан хэн ч хэлнэ. Гэтэл үүнийг мэдсээр байж анхнаасаа тендер зарлахдаа Тендерийн комиссоос “Очир” төвийг шалгаруулсан байдгийг харвал Лүнгийн замын тендер эхнээсээ л “ноцтой, но-той” зарлагдсан гэдэг нь харагдаад байгаа юм. Энэ замыг бүрэн ашиглалтанд орж хөдөө орон нутгийн иргэд сэтгэл амар зорчихыг хэзээ нэг харах бол доо.
У.Сарнай (www.wikimon.mn)
URL: