“Шинь-шинь” компани Монголын ураныг зөөсөөр байна

Дорнод аймгийн Дашбалбар сум гэхээсээ илүү Мардайн уран гэхээр Төв Азийн бүс нутгийн орнууд андахаа байсан билээ. Социализмын үед буюу 1970-80-аад онуудад ЗСБНХУ-ын 100 хувийн мэдлийн Мардайн ураны ордоос ямар ч хяналтгүйгээр эх орны баялгийг маань орос ах нар зөөсөөр ардчилсан хувьсгалтай золгож, уурхай нь хаагдсанаар тухайн орд нэг хэсэг чимээгүй болсон билээ. Гэсэн хэдий ч Монголын улс төрчдийг авлигадан орос ах нарын нээж олборлоод хожим нь лацдаад орхисон уурхайг Канад, Хятадын компаниуд ихээхэн сонирхож, тухайн бүс нутагт Монгол улсын Ашигт малтмалын хуулийн цоорхойгоор дахин олборлолт хийж эхэлснийг аль болох монголчуудын анхаарлаас холуур байлгаж ирэв.

Цөмийн энергитэй холбоотой Монгол улсын стратегийн орд болох Мардай, Гурван булагийн бүсэд ямар замаар лиценз авсан нь тодорхойгүй компаниуд олборлолт хийж, хүдэр нэртэй чулуулгийг Дорнод аймгийн Хавиргын боомтоор Хятад руу зай завсаргүй хүнд даацын машинаар өдөр, шөнөгүй зөөсөөр байна. Нутгийн иргэд үүнтэй тэмцэх гэхээр тамга тэмдэг, яамны нэртэй бичиг гаргаж, орон нутгийн удирдлагуудын амыг тагласнаас болж ямар ч хараа хяналтгүйгээр хүнд даацын машины тэвшин дээр ураны хүдэр үү, алтны хүдэр үү, бүү мэд маш их шороо, чулуу болох Монголын баялаг урссаар байна.

Энэ бүс нутгийн хамгийн гол олборлогч компани нь Хятадын “Шинь-Шинь” компани бөгөөд монгол ажилчдыг маш бага хөлсөөр ажиллуулж, ажлын байрны нөхцөл, аюулгүй ажиллагааны дүрэм журам алдагдсанаас осол эндэгдэл гарах нь ихэсчээ. Монгол ажилчид нь ажил хаяад нэмэргүй болсон тул Улаанбаатар хотоос ҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатарыг хүртэл залж байж цалингаа нэмүүлж байсан түүхтэй. Тус компани өөрийн уурхайн ойролцоо үүрэн утасны сүлжээ оруулж, бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг боловч хэдхэн сэндвичэн оромж, монгол гэрээс өөр юмгүй, “Гадны хүн орохыг хориглоно” гэсэн хашаа бүхий хана хэрэм босгожээ.

Дашбалбар, Сэргэлэн сумын иргэд “Шинь-Шинь” компани манай нутагт олборлолт хийснээс болж Галын гол, Улз гол, Жараахайн гол, булаг, шандууд бүгд ширгэх аюулд орж, бэлчээрийн талбай багасч, хоёр толгойтой, тав зургаан хөлтэй ишиг, хурга, тугал төрөх хандлага элбэгшиж байна хэмээн гасалж сууна.
А.Заяа /www.wikimon.mn/


URL:

Сэтгэгдэл бичих