Дархан аварга Ж.Мөнхбат: Баянмөнх аварга хавчигдсан гэж яриад байдаг. Тийм юм байхгүй.

Бөхийн удамт монголчуудын бахархал болсон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Жигжидийн Мөнхбат нь 20 дугаар зууны Монгол Улс, Монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит, домогт алдарт бөх билээ. Тэгвэл түүний хүү Мөнхбатын Даваажаргал нь Японы олон зуун жилийн түүхтэй сумо бөхийн төрлөөр Монгол Улсынхаа нэрийг мандуулж байна. Тэрбээр Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал хэмээх нэрээр 21 дүгээр зуунд дэлхий дахины танил болсон цагийг эзэлсэн аварга болсон юм.

Монгол улсаас 1968 оны олимпийн наадмаас хойш 19 тамирчин олимпийн /алт хоёр, долоон мөнгө, 10 хүрэл/ медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Энэ олимпийн медальт тамирчдынхаа ярилцлагыг манай сонин цувралаар нийтэлж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсаас төрсөн олимпийн анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аваргатай хийсэн ярилцлагаа уншигч та бүхэнд толилуулж байна.

-Таны бөхийн ертөнцөд анх хөл тавьсан түүхийг эргэн сөхөж ярилцлагаа эхлэх үү?

-Би Төв аймгийн Баян-Уул сумын бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгссөн. Тэр жил Баян-Уул сум анхны наадмаа хийж, манай нутгийн Жанцан гуай түрүүлж, Дашгалсан гэж хүн үзүүрлэсэн. Би тэр наадмаар өөрийнхөө соёолон бор үрээгээ унаж уралдаад есд давхиж байлаа. Хүүхдийн бөхийн барилдаанд нь би түрүүлж, манай ангийн нэг хүү үзүүрлэсэн юм. Сумандаа л сайн барилддаг Жанцан гуай, Сандаг, Жанцан, Лачин, Жигжид, бас миний том ах хүртэл энэ наадамд бүгд л барилдсан юм. Үзүүрлэсэн Дашгалсан гэдэг хүн нь шоронгоос оргож яваад энэ наадамд барилдсан юм билээ. Энэ хүн их сонин намтар түүхтэй сайн эр байсан. Тэр АИХ-ын тамга сийлсэн гэж байгаа, шоронд өлсгөлөн зарлаж, шоронд Налайхын уурхайд 1000 хувийн ажил хийх уралдаан зарлаж шуугиулж, амлалтаа  биелүүлж явсан эр. Хожим нь хүмүүжээд, нутагтаа сайхан амьдарч МҮЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр хүртэл оролцсон гэдэг.

-Танай сургуульд бөх барилддаг олон багш нар байсан гэдэг байх аа?

-Лүн суманд анх долоон жилийн сургууль байгуулагдаад Өвөрхангайн наад талын Батхаан, Бүрд, Баян-Өндөр, Эрдэнэсант сумын гээд ойр хавийн сумын хүүхдүүд тэнд очиж суралцсан юм. Би тавдугаар ангидаа энэ сургуульд дэвшиж суралцсан юм. Тэгэхэд энэ сургуульд одоогийн Ардын багш Д.Сэрээтэр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Идэрбат, Ардын жүжигчин Мягмарнаран бүгдээрээ л нэг, хоёдугаар ангийн дүү нар байлаа. Манай сургуульд Дамдинсүрэн, Дамдин, Бадамгарав, Банзрагч, Мишигбазар гээд баахан барилддаг багш нар байсан юм. Бид нар чинь дотуур байранд байдаг болохоор дандаа л үеийхэнтэйгээ барилдана. Долдугаар анги төгсөх жилээ Майн нэгний баяраар бөхийн барилдаан болж улсын начин Бат-Эрдэнэ /Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум/,  манай сумын Дагва гэж Улсын наадамд гурав, дөрөв давсан сайн бөх байлаа. Бас Сэрээнэндорж, Жүгдэржамсранжав гээд сайн бөхчүүд байсан. Энэ наадамд би, Бат-Эрдэнэ гуайтай үзүүр түрүүнд үлдээд нэлээд удаан барилдсан. Майн нэгний тэр баяраар бас морь уралдуулсан юм. Морь ирэх болсон чинь Бат-Эрдэнэ гуай барьц тавилцья гээд түр тавилцлаа. Тэгэхэд Сэрээтэрийн аав надад зодог шуудаг өмсүүлэх гэхэд нь би өмсөөгүй юм. Гэтэл Бат-Эрдэнэ начин амны салиа нь арилаагүй        хүүхэдтэй шуудагтай ч, шуудаггүй ч барилдана гэж хашгичаад сүйд болж миний талд ороод байсан юм. Тэгж байгаад барилдалгүй яваад өгсөн. Тэгээд л энэ наадамд анх удаагаа би түрүүлж билээ. Манай сургуулиас зургадугаар ангийн Ямаа гэж хүү, манай ангийн Лхагважав гэж сайн барилддаг хүүхэд байсан. Тэр үед манайхтай ойрхон өвөлждөг Тангад гэж хүн байлаа. Тэр хүн бөхийн барилдааныг сайн мэддэг хүн байсан. Энэ хүн намайг, бага байхаас л чи одоо тэгж, ингэж барилд гэж их хэлж өгдөг байж билээ. Долдугаар ангиа төгсөхөд багш нар намайг тоонд сайн байсан болохоор хотод Санхүүгийн техникумд ор гэж зөвлөсөн. Тэгээд аав маань мориор гурав хоног явж намайг хотод сургуульд хүргэж өгсөн. Хэрвээ шалгалтанд тэнцэхгүй бол буцаад харих байлаа. Харин би тэнцэж 1956-1960 онд суралцаж төгссөн. Тэгээд оюутан байхдаа үндэсний бөхийн секцэд хичээллэж байлаа. Манай сургуулийн биеийн тамирын багш, /чөлөөт бөхийн Дэлхийн цомын медальт Хишигбаатарын аав/ Гомбо гэж хүн байлаа. тэр үед Ховд аймгийн Ванчинхүү арслан Санхүүгийн болон Худалдааны техникумын хүүхдүүдэд үндэсний бөхийн мэх заадаг байв. Би сургуулиа сайн төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн юм. Тэр жил Спортын төв ордонд орос барилдаан гээд чөлөөт бөхийн секц анх нээгдсэн.

-Тэгээд л чөлөөт бөхөөр хичээллэсэн байх нээ?

-Төмөр замын инженер Дамдинсүрэн тэргүүтэй Цэвээн /самбо бөхийн мастер/, Багшийн сургуулийн Дамдин нарын ОХУ-д дээд сургууль төгссөн сэхээтнүүд чөлөөт бөхийн 1960 оны 10 дугаар сард секц байгуулсан юм. Анхандаа бид чинь нохой шиг дөрвөн хөллөдөг ийм бөхөөр яах юм гэж ч байлаа. Тэгээд л би, Дагвасүрэн арслан, Гочоохүү, Боль гээд хэдэн бөхөд дуртай хүүхдүүд анх тэр секцэд орж бэлтгэл хийсэн. Дараа жил нь чөлөөт бөхөөр Болгар улсад залуучуудыг явуулж сургахаар боллоо. Эрдэнэ-Очир ах, Том Санжаа, хожим нь аварга болсон Бээжин, Цэрэн гуай, Зундуй гуай, хөнгөн жинд Б.Сүхбаатар, О.Цэрэндагва /гавьяат дасгалжуулагч/, миний бие, Дашдорж гэж даргатай нийт 11 хүн анх 1961 есдүгээр сарын 18-нд Болгар улсыг зорьсон. Бид зургаан сар болоод 1962 онд ирсэн. Харин Цэрэндагвыг чөлөөт бөхийг хүүхдэд сайн заах авьяас байна гээд Болгарт гурван сар байлгахаар үлдээсэн. Тэгэхэд Цэрэндагва гэрээ санаж байсан болохоор уйлаад л хоцорч билээ. Тэр ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Аав нь Очир гэж Өвөрхангайн хүн. Болгар явсан бид Монголдоо ирээд бүгдээрээ чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүд болж байлаа. Одоо энэ нөхдөөс Эрдэнэ-Очир гуай, Санжаа гуай бид гурав л үлдсэн байх шив дээ.

-Анхны тэмцээнийг хэзээ зохион явуулсан бол?

-Анх удаа бид чинь Казахстаны бөхчүүдтэй чөлөөт бөхийн уулзалт тэмцээнийг 1962 онд /найман жинд/ эх орондоо зохион явуулж байлаа. Тэр    үед Казахстаны багт Аяханов, А.Съёмкин гээд ЗХУ-ын аварга бөхчүүд байсан. 1963 онд Унгарын Будапешт хотод армийн олон улсын тэмцээнд оролцсон. Тэгээд олон улсын тэмцээнээс том Санжаа, Цэрэн ах хоёр анхны медалийг хүртэж билээ. Монголын тамирчид ингэж олон улсын тэмцээнээс анхны хүрэл медаль авсан. Энэ нь олон улс, тив, дэлхийгээс монгол хүн медаль авч чадна гэдгийг нотлон харуулсан. Тиймээ, тэр медаль сайхан ч гэж жигтэйхэн байж билээ. Болгарт байхад Болгарын социалист хөдөлмөрийн баатар болсон Дэлхийн чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Раков Федоров гэж хүн бид нарт багшилсан юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Ж.Самбуу дарга “Найрамдал” медалиар шагнаж байсан юм. Хожим нь Н.Багабанди ерөнхийлөгч асан, Алтан гадас одонгоор шагнасан юм. Болгарын энэ агуу бөх бид нарыг өдий зэрэгтэй бөх болгосон төдийгүй Монголын чөлөөт бөхийн үндэс суурийг тавилцсан гавьяатан.

-Анхны олимпийн наадамд оролцож байснаа эргэн дурсана уу?

-1964 оны Токиогийн олимп монголчуудын хувьд их түүхтэй. Бид Эрхүү ороод тэндээсээ Хабаровск хүрч Находникоос усан онгоцоор Японд очиж байлаа. Биднийг анх хилийн чанадаас медальтай ирж байхад. Чингис хааны монголчууд олон улсын тэмцээнээс медаль авна гэдэг дэлхий дахинд шинэ Монгол Улсыг сүр хүчийг дахин таниулж байгаа бахаралтай үйл явдал гэж Төмөр-Очир гуай хэлж байсныг мартдаггүй юм. Анх удаа Ази тивд, Японы Токио хотод олимпийн наадам болж байлаа. Манай улс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй, буудлага спортын төрлөөр оролцсон. Би энэ олимпийн дэвжээн дээр гурав ялаад дөрөв дэх тойрогтоо торгуулийн оноогоор хасагдаж долдугаар байрт шалгарч байлаа. Дамдиншарав есдүгээр байр эзэлсэн юм. Тэр үед бидэнд монгол хэлтэй орчуулагч үйлчилж байсан. Токиогийн Их сургуульд багшилдаг Цэгмид гэж монгол хүн тэнд байсан, бас
Бүрэнжаргал гэдэг монгол хүн манай дарга нарт л үйлчилсэн байх. Зэнэмидэр гэж Монгол Улсын соёлын атташе хүн байсан. Энэ олимпийн наадмыг социалист, капиталист системийг үзэл сурталжуулсан жинхэнэ өрсөлдөөний талбар болгож байлаа шүү дээ.

-Тухайн үед хилийн чанадад тэмцээнд оролцдог байсан уу?

Чөлөөт бөх, самбо бөх хоёр зэрэг л 1963 оноос эхэлж Болгар, Унгар, Герман зэрэг орнуудад олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. Би 1964 онд Германы Циттау хотноо болсон тэмцээнээс анхны олон улсын мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ази тивээс ганц Япон улс л чөлөөт бөхөөр дэлхийн шилдэг зургаан орны нэгд ордог байлаа. Азийн бусад орнууд бараа сураггүй байлаа. Японд хүнд жингийн сайн тамирчин байхгүй. Харин хөнгөн жинд гаргуун байсан . Тэгээд япончууд, бидэнд тэгж ингэж барилд гэж мэх заана. Тэр үед хэлмэрч орчуулагч дагаж явдаг байсан тэд хөрөнгөтний тамирчинтай ойртож болохгүй гэж хориглодог байлаа. Бид хөрөнгөтөн орны тамирчидтай ДАШТ-д очихдоо л уулзаж, хүч үздэг байж. Дэлхийн дэвжээн дээр гараад ирэхээр япончууд бид их сайн. Яагаад гэвэл нэг тивийн тамирчид гэж тивэрхэж, нутаггирхаж  байгаа нь тэр шүү дээ. Тэд ДАШТ-д олон удаа оролцсон олон аварга, медальтай бөхчүүдтэй болохоор их туршлагатай. Япончууд бидэнд ний нуугүй зөвлөж, мэх заах гэнээ. Тэгэхээр чинь та нар хөрөнгөтөн орны бөхчүүдтэй ойртож харьцаж болохгүй гэж их шүүмжилнэ. 1965 онд Английн Манчестр хотод ДАШТ-д оролцлоо. Тэнд бидэнтэй хамт Болгарт бэлтгэл хийж байсан тус улсын олимп, дэлхийн аварга бөхчүүд ирж оролцсон. Бид энэ тэмцээнд хүч үзэхийн өмнө сар гаруй ОХУ-ын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд Манчестрт очсон. Энэ ДАШТ-д Дамдиншарав, Сэрээтэр, Баянмөнх бид дөрөв оролцсон. Би хатиг гараад барилдаж чадаагүй. Сэрээтэр Дэлхийн аварга Японы бөхтэй хамт зургадугаар байрт шалгарсан юм. Тэгэхэд зургадугаар байрт ороход нэг оноо өгдөг байсан. Тэгээд энэ ДАШТ-нээс манай баг тамирчид хагас оноо авч манай улс 16 дугаар байрт анх удаагаа орсон түүхтэй. АНУ-ын Толидо хотод 1966 оны ДАШТ болж би дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ тэмцээнд би Ираны Дэлхийн аваргыг ялаад тэр шүү дээ. Тэр тамирчин мөнгөн медаль хүртсэн юм. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 1973 онд Улаанбаатар анх удаагаа зохион байгуулж Монголын баг тамирчид 10 жинд алтан медаль хүртэж байсан түүхтэй.

-1968 оны Мехикогийн олимпийн дэвжээн хэрхэн барилдаж мөнгөн медалийн эзэн болж байв?

-ОХУ-ын бөх Дэлхийн таван удаагийн аварга Али Алиев гэж хүн байсан. Тэр хүн Рим, Токио, Мехикогийн гурван олимпийн аварга шалгаруулах тэмцээнд IV байрт шалгарсан юм. Анагаах ухааны эмч доктор хүн. Тэр Токиогийн олимпийн дэвжээнд АНУ-ын бөх Сандерстай хүч үзсэн. Тэр америкт оноо алдсаар байгаад завсарлага болоход маш их бухимдаж тамхи огт татдаггүй нөхөр чинь бие засах газарт орж пүүшиг тамхи их шуналтай сорж байж билээ. Энэ байдал нь их тэвдэж бачимдсаны шинж . Бас түүнд тайвшруулах тариа хүртэл хийсэн. Энэ бол тухайн тамирчин сэтгэл зүйн хувьд ямар их хямарсан байгааг илтгэж байгаа биз. Тэгээд дэвжээнд гараад улам ч олон оноо алдаж ялагдснаар медалиас мултарч дөрөвдүгээр байрт орсон. Японы тамирчин олимпийн аварга болж, Сандерс мөнгө, манай Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэн. Али Алиев дараа нь бидэнтэй уулзаад дэлхийн таван удаагийн аварга болох юу ч биш олимпоос л ганц хүрэл медаль авсан бол бөх болсны хэрэг бүтэх байлаа гэж харамсаж байсан. Эндээс үзэхэд, олимпийн наадмаас медаль авах гэдэг тамирчин хүний туйлын хүсэл, зорилгын утга учир байдгийг харуулж байгаа хэрэг. Би дасгалжуулагч болсноос хойш АНУ-ын Жон Петерсон, Бен Петерсон гэж төрсөн ах дүү хоёр бөх байлаа. 1972 оны Мюнхений олимпийн наадамд ах Жон Петерсон нь олимпийн аварга болж дүү Бен Петерсон нь олимпийн мөнгөн медаль хүртсэн юм. Харин 1976 оны Монреалын олимпийн наадамд дүү нь олимпийн аварга болж ах нь олимпийн мөнгөн медалийн эзэн болсон. Жон Петерсоны хувьд Дэлхийн таван удаагийн аварга болж байсан. Энэ ах дүү хоёр тамирчин 1976 онд хоёулаа зодог тайлсан. Тэгэхэд АНУ-ын төрөөс энэ хоёрт тус бүрт нь 72 сая ам.долларын шагнал өгсөн.  Би ах Ж.Петерсонтой нэг жингийн тамирчин байсны хувьд, ДАШТ-д таван удаа түрүүлсэн байхад та хоёрт яагаад адилхан шагнал өгч байгаа юм гэж асуусан. Тэгэхэд, тэр огт хамаагүй олимп л чухал гэж байсан. Тэгэхээр энэ бол олимпийн наадмын дэвжээ үнэхээр хатуу төдийгүй өндөр нэр хүндтэй гэдгийг нотолж байна. Аль ч улсад олимпийн медаль авсан тамирчин медаль авсан өдрөөсөө л эхэлж нийгмийн халамж авах эрхтэй болдог. Тэгээд тэр хоёр шагналынхаасаа тус бүр 12 саяыг нь татварт өгсөн гэж байсан. Энэ бол үнэхээр олимпийн медальт тамирчин хүний хөдөлмөрийг хангалттай үнэлж, насан туршид нь хангалттай амьдрах баталгааг гаргаж өгч  байгаа хэрэг. Харин бидний үед тийм эрх олдоогүй л дээ. Өнөө үеийнхэнд энэ эрхийг эдлэх боломж гарч байгаад баяртай байна.  Мехикогийн олимпийн мөнгөн медаль авахад би тав ялсан юм. Дэлхийн аварга Гуреевич дөрөв ялсан. Токиогийн олимпийн аварга Болгарын бөх дөрөв давсан байсан. Гуреевич бид хоёр, хоёр удаа тэнцсэн. Болгарын бөхтэй нэг тэнцээд нэг ялагдчихсан юм. Энэ л надад дахин нэг барилдаан үүсгэсэн. Би сугалаагаар Америкийн бөхтэй таарсан. Хэрвээ би Гуреевичтэй барилдах юм бол би аварга болох байсан. АНУ-ын бөхийг торгуулийн нэг оноогоор ялсан болохоор мөнгөн медаль хүртсэн. Бас өмнө нь Ардчилсан Германы бөхийг оноогоор биш цэвэр ялсан бол олимпийн алт дээр буух байлаа. Онооны чанараас их шалтгаалдаг байв. Манай Артаг чинь 1967 оны дэлхийн аварга, Туркийн олимпийн аваргатай тэнцэж байж олимпийн хүрэл медаль авсан юм. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Олимпийн аваргатай бид хоёр л тэнцсэн түүхтэй .

-Мехикогийн дэвжээн дээр салхи хагалж Ардын багш Ч.Дамдиншарав хүрэл медалийн болзол хангаад ирэхэд, та одоо ёстой ялаад өгнөө гээд хана цохиод байсан гэдэг. Харин Артаг, Сэрээтэр гуай хоёр дув дуугүй болчихсон гэсэн. Тэр үед та юу бодож байв?

-Тиймээ, хамгийн хөнгөн жин учраас бидний эхэнд Дамдиншарав медаль авах болчихлоо. Сэрээтэр, Артаг хоёр дэвжээнд Дамдиншаравын дараа гарах бөхчүүд болохоор догдлох нь тодорхой. Харин би тэр хоёрын дараа барилдах болохоор нөгөө хоёроо зоригжуулах нь зүйтэй биз дээ. Али Алиев хожчихсон бол би ч тийм зоригтой байж чадахгүй л байсан болов уу. Хэрэв Дамдиншарав ялж чадаагүй бол бид нар ингээд өнгөрлөө гээд л шалчийх байсан. Тамирчин хүнд сэтгэл зүй гэдэг чухал зүйл байдаг. Тэр хоёр ч их сандарч байсан. Би ч бас адилхан. ОХУ-ын Дэлхийн таван удаагийн аварга Алиевыг ялсан америкийн бөхийг харахад бас л эвгүйрхэнэ биз. Энэ америк бөхийг ялна гэж л үзэн ядахаас өөр замгүй л дээ. Сэрээтэр тэр жил ДАШТ-тэй дүйцдэг Дан коловын тэмцээнээс алт медаль хүртсэн. Дамдиншарав Унгарын тэмцээнээс алтан медаль авсан байсан.

-Та хэдэн олимп, ДАШТ-д хүч үзэж байв?
-Би чинь таван олимпийн наадамд оролцсон хүн. ДАШТ гэвэл 1963 оноос манай улс оролцож эхэлсэн. Тэгэхээр 10 гаруй ДАШТ-д оролцсон. Харин  Москвагийн 1980 оны олимпийн наадамд Дамдиншарав дасгалжуулагчаар, би олимпийн тасгийн даргаар бүх бөхөө хариуцаж явсан юм. Би 1972 -1977 он хүртэл дасгалжуулагчаар ажилласан. Тэгэхэд З.Ойдов Швейцариас мөнгөн медаль авсан юм. 1975 оны Дэлхийн цомын АШТ-ээс манай     бөхчүүдээс Хишигбаатар л алтан медаль хүртсэн. 1969 оноос чөлөөтийн ДАШТ 10 жингээр аваргаа тодруулж эхэлсэн. 1973 онд Иран Тегеранд Самбо, сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ хамт болсон юм. Тэгэхэд би багийн ахлагч байсан. Самбо бөхөөр Чанарав Дэлхийн аварга болсон. Хойлогдорж чөлөөт бөхөөр мөнгө, Энхтайван хүрэл медаль хүртсэн.

-Болгарт анх явж чөлөөт бөхөөр хичээллэсэн, анхны шигшээ багийн тамирчдынхаа дурсана уу?

-Санжаа гэдэг нэр чинь Сан Жаа гээд Болгарын бурхны нэр юм билээ. Том Санжаа гуай 1963 оны ДАШТ-д долдугаар байрт орсон. Эрдэнэ-Очир гуайн хувьд Олимп, ДАШТ-д тавдугаар байрт хэд хэдэн удаа шалгарсан бөх. Анх удаа  Болгарт очиход Цэрэндагва бид хоёр 20 настай байж. Бид тэнд байхдаа хотуудаар явж тэмцээнд оролцоход Ц.Дамдин, Цэрэндагва багш хоёр нэг ч ялаагүй юм. Дамдин нь арай ахимаг настай хүн байсан юм. Тэгээд л Цэрэндагвыг дасгалжуулагч болох хүн гэж сонгосон

-Үе үеийн олон аваргатай барилдаж явсан хүний хувьд хэн нь танд хамгийн их эвгүй барилдаантай байсан бол?

-Аваргуудыг тал талаас нь судлаад үзэхэд, Н.Жамъян гуайн үеийн “дээр үеийн” аваргууд Б.Түвдэндорж аваргаас шал өөр, Түвдэн аваргаас Дамдин аварга ч өөр. Д.Дамдин аваргаас Х.Баянмөнх бид хоёр бас өөр. Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар хоёр бас л өөр барилдаантай. Ерөөсөө үе үеэрээ л өөр юм билээ. Дамдин аваргын хувьд тав түрүүлж байх үедээ ганц л удаа унасан байдаг. Харин би таван жил дараалан түрүүлж байхдаа заалны барилдаанд унаж л байсан. Ингэхээр би Дамдин аваргаас дутуу л байгаа биз. Гэхдээ Дамдин аварга циркийн жүжигчин байсан болохоор хагас, бүтэн сайнд барилдах зав гардаггүй байж. Дамдин аварга ганц унахдаа Гоодойн аманд болсон бөхийн барилдаанд Төв аймгийн Нагнайдорж гуайд унасан юм билээ. Нагнайдорж гуай хөдөөнөөс тээврийн жолооч байхдаа тэгж түрүүлээд даага авсан гэдэг . Тэгээд нөгөө даагаа арай гэж л 25 төгрөгөөр зарсан гэж хуучилдаг. Дамдин, Мижиддорж гуай хоёр зэрэг гарч ирсэн нэг үеийнх юм. Намайг анх улсын наадамд түрүүлэх жил Дамдин аварга байгаагүй. Тэгээд би үзүүр түрүүнд Мижиддорж гуайтай үлдсэн. Их сонин, Мижиддорж гуай улсын наадамд 17-18 удаа таваас дээш давахдаа есөн удаад нь Дамдин аваргад унасан байгаа юм. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Тэгэхээр өнөөдөр энэ яриад байгаа чинь юу ч биш шүү дээ. Ч.Санжаадамба, Лхагвадоржид унасан нь байдаг л зүйл байгаа биз.

-Ардын багш Сэрээтэр гуай, Мөнхбат, Баянмөнх аваргын ухааныг, Бээжин аварга, А.Сүхбат нарын гавшгай хурдан, угсраа олон мэхийг эзэмшсэн бөх төрвөл дэлхийд хүчрэгдэхгүй бөх гарна гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манай Сэрээтэр чинь миний ах Чадраабал гэж гүйдэг хүн байсан, түүний энэ мэхийг сайн сурсан хүн. Сэрээтэр бие халаахдаа л хөлөрчихдөг, их задгай хөлстэй бөх байсан юм. За даа, Монголоос сайн бөх төрөх нь тодорхой. Төрж ч байна. Төрөх ч болно.

-Дархан аварга Х.Баянмөнх аварга та хоёрыг бөх сонирхогчдыг хоёр талцуулахад хүргэж байсан гэдэг. Гэхдээ та хоёр хоёулаа л Монголынхоо нэрийг хамтдаа мандуулсан бөхчүүд гэдгээрээ олон түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн алдартнууд. Энэ талаар юу хэлэх вэ?

-Баянмөнх аварга хавчигдсан гэж яриад байдаг. Тийм юм байхгүй. Баянмөнх ганц түрүүлээд л аварга болсон. Хоёр түрүүлээд л дархан аварга болсон. Тэгвэл би гурав түрүүлж байж л аварга болж байлаа. Тэгэхээр нарийн яривал хэн нь хавчигдсан байхав. А.Сүхбат өргөдөл бичиж Даян аварга боллоо. Тэгвэл Өсөхөө бас өргөдөл бичиж болно биз дээ. Энэ гажууд юмнаас чинь талцал гэдэг юм бий болдог. 1971 оны ДАШТ-д би гэмтээд үлдсэн. Тэгэхэд 48 кг-д Б.Жамсран, бас Х.Баянмөнх хоёр ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. Тэднийг эх орондоо ирэхэд адилхан 6000 төгрөг өгөөд, Баянмөнхөд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг. Энийг юу гэхэв. Үнэн түүх л энэ.

-Мехикогийн олимпийн наадмаас медальтай ирсэн дөрвөн бөхийг бас л ялгавартай шагнасан гэдэг?

-Тэр үед Дамдиншарав, бид хоёр гавьяат тамирчин болчихсон байсан. Харин Баянмөнх, Т.Артагийг цалин дээрээ гарын үсэг ч зурж чаддаггүй гэж матаад л гавьяат тамирчин болгоогүй шүү дээ. Тэгээд бүр хойно1991 онд авах ёстой гавьяатаа авсан. Увс аймгийн анхны гавьяат нь Артаг л байх ёстой байсан.

-Тамирчин хүний хөдөлмөрийг тухайн үед нь үнэлж, шагнах ёстой гэж хэлж байна уу?

-Олимпийн медальтан тамирчинд 2008 оны олимпоос эхэлж мөнгөн шагнал олголоо шүү дээ. Олимпийн хүрэл медальт Мөнхбаяр үүнээс л болж гадаадын иргэн болсон. Хэрэв авах ёстой шагналаа авсан бол тэр нөхөр нь харин манай улсын иргэн болох байсан болов уу. Мөнхбаярын хувьд хоёр олимпийн наадмаас медаль хүртсэн гэдгээрээ манай олимпийн медальтнуудаас хамгийн агуу нь гэж болно. Тамирчны шагналаас дасгалжуулагч нь 30-40 хувийг нь авах гэж бөөн юм болдог байсныг Монголын олимпийн медалтнуудын холбооноос л санал гаргаж өөрчилсөн. Манай өнөөгийн бөхчүүд, тамирчид  чин сэтгэлээсээ бэлтгэлээ л сайн хийхэд амжилт гаргах бүрэн боломжтой. Бүх нөхцөл нь бүрдсэн байгаа нь таатай хэрэг.

-Таны төрсөн нутагт таны нэрэмжит бөхийн тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай, энэ тухай сэтгэгдлээ хэлнэ үү?

-Энэ тэмцээн бол зөвхөн үндэсний бөхийн төрлөөр гурван насны ангилалд явуулдаг юм. Дэлхий нийтээрээ бөх гэдгийг юугаар тодорхойлох вэ? гэвэл Монгол бөхөөр тодорхойлно. Өнөөдөр дэлхий дээр хөгжиж байгаа чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, самбо гээд бөхийн бүх төрлийн эцэг нь Монгол бөх. Монголын нутаг дээр хөгжиж байсан үндэсний бөх гурван янз байдаг. Сонгомол барилдааны адил цээж нь цээжтэй, гар нь гартай, хөл хөлтэйгөө барилддаг шиг Өвөрмонголд гар, хөлөөрөө барилддаг бөх байна. Баруун монголын “Бух барилдаан” гэвэл далаар нь унагадаг. Төв монголын бөхийн барилдаан бол олон талт барилдаан хийдэг, тал бүрийн унагалт,ойчилтыг багтаасан байдгаараа онцлогтой . Тиймээс ч монгол үндэсний бөх бол бүх бөхийн онцлогийг цогцлоосон эцэг бөх гэж үзэх үндэслэлтэй.

-Саяхан МҮБХ-ны “Их Эе” хуралдсан. Та оролцсон төлөөлөгчийн хувьд юу хэлэх бол?

-Үндэсний бөхийн холбооны “Их Эе”-ийн хуралд санаа бодлоо хэлсэн. Үндэсний бөхийн асуудалд хоёр зүйлийг би эсэргүүцдэг юм. Тухайлбал, Харцага, Гарьд гэж цолыг хасах нь зүйтэй. Харин хүүхдийн бөхөд энэ цол байж болох юм. Начин цолыг Начин шонхор гэж хос үгээр л хэлж байсан. Эрт дээр үеэсээ уламжилж ирсэн цол байхад л болно. Шувуу гэдэг амьтан чинь тийм ч бат суурьтай амьтан биш. Элээ хүртэл усны шувуу шиг намар буцаад хавар ирдэг шүү дээ. Тэгэхээр би шувууны амжилт бол өөдтэй амжилт биш гэж ойшоодоггүй. Энэ хурлаар хүүхэд багачуудаа бага наснаас нь    үндэсний бөхөөр барилдуулж, ЕБС-ийн хөтөлбөрт нь хүртэл оруулж өгье гэсэн санааг бид дэвшүүлж, зорилт тавиад байгаа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ, танайханд бөхийн удам байдаг уу?

-Би эхээс 11-үүлээ. Манайх долоон хүү, найман охинтой айл. Би долоон хүүгийн хамгийн отгон нь, харин айлын 10 дахь хүүхэд. Аав, ээжийн талд бөх барилдаг хүмүүс байлгүй яахав. Удам гэж ярих нь их зохимжгүй. Харин монгол хүн бүр л эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бөхийн удамтай. Жишээ нь манай монгол эмэгтэй хүн бол, хоёр хүн барилдаад нэгийгээ унагахдаа тонгорох мэх хийхэд тонгороод, суйлахад суйлаад, хөлөөс татахад хөлд ороод, дэгээдээд хөмрөөд хаялаа гэж л хэлнэ. Тэгвэл гадаадынхан хөмрөх мэх хийгээд унагахад хөлний хооронд нь хөлөө оруулж ороогоод унагасан гэж хэлнэ биз дээ. Энэ бол ямар ч бөхийн мэх мэдэхгүй хүний яриа. Тэгэхээр монголчууд бүгд л бөхийн удамтай ард түмэн. Япончууд хүртэл монголчууд та нар ухаан, бяраараа ч цөөхөн хүн амтай гэж чамлахааргүй чанарлаг ард түмэн гэдэг. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь  дур сонирхлоор нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгсэн байхад монгол хүүхэд бүхэн л авьяас чадвартай.

-Монголдоо төдийгүй дэлхийд данстай 20 дугаар зууны их аварга, 21 дүгээр зууны их аварга болсон аав, хүү хоёр төрөх нь ховор байх. Таны хүү яагаад сумо бөхийг сонгосон юм бол, энэ бас л сонин түүх ?

-1984 онд Монголд Японы жүдочид ирсэн. Тэгэхдээ надад нэг сумо бөхийн сэтгүүл өгсөн юм. Даваажаргал чинь багаасаа л тэр номыг үзээд л сумо бөх болно гэдэг байсан.  Жүдогоор хичээллэ гэсэн чинь үгүй, би заавал сумод л явна гэдэг байсан. Тэгээд аав та архи уугаад л байдаг, арын хаалга байна уу? Би сумод ормоор байна гэдэг байлаа. Тэгээд 15 настай, гурван сарын хугацаатай сумод авсан юм. 1992 онд анх Монголын зургаан хөвгүүн Японд сумоч болох гэж очсон. Тэд сарын 500 ам.долларын цалинтай явсан юм. Тэгээд нэг жил болоод бүгд 6000 ам.доллартай болоод бэлтгэл сургуулилтаас нь халшираад тав нь зугтсан юм. Тэгэхэд ганц Энхбат дэвжээндээ үлдчихээд нөгөө хэддээ, би ганцаараа үлдлээ. Та нар намайг өрөвдөөч гэж захиа бичсэн байдаг юм. Тэр үед Энхбат бас зугтсан бол манайд сумо бөх ингэж олон монгол залуусыг хамруулж хөгжих эсэх нь тодорхойгүй шүү дээ. Тэгээд ч багаасаа сумод зүрх сэтгэлээ өгсөн Энхбатад дэвжээ нь байр өгч, дээд сургуульд сургасан. Сумод монгол хөвгүүдийн хүчийг сорих их аянд мордуулсан анхны алтан хараацай яах аргагүй Энхбат байгаа биз.

Д.Өлзийсайхан


URL:

Сэтгэгдэл бичих