Хэлэлцээрийн асуудлыг МАН-тай огт ярилцаагүй нь байж боломгүй зүйл
УИХ-ын гишүүн асан Р.Раштай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан нам үндсэндээ нам, эвсэл, бие даагчидтай хамтарч Засгийн газар байгуулах тухай хэлэлцээр хийгдэж байна. Таны хувьд энэ алхмыг хэр зөв зүйтэй шийдэл гэж бодож байна?
-Засгийн эрх, ард түмнийхээ сонголтоор нэг тийшээ түргэн шийдэгдээсэй л гэж бодож байна.
Наадмын маргааш намар гэдэг шүү дээ. Удахгүй есдүгээр сарын нэгэн болж, хичээл эхэлнэ. Тэгээд л Богд уулан дээгүүр манан татаж эхэлнэ дээ. Тиймээс улсынхаа ажлыг хурдасгаж, эрх шилжүүлэх ажлаа түргэвчлэх хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг хуулийн дагуу асуудлаа шийдэх ёстой.
-Өөрсдийнхөө санаанд нийцүүлж яам, Тамгын газруудаа хувааж авах, хамтрах гээд байгаа нь ард түмний сонголтоор наймаалцаж байгаа хэрэг юм биш үү?
-Засгийн газар байгуулах асуудал нэлээд удаан яригдаж байна. Мэдээж ярилцаж, тохиролцох нь ойлгомжтой. Засгийн газрыг бүрдүүлнэ гэдэг нь бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал. Тухайлбал, хэдэн яам байх вэ, хэн хэнийг аль намаас тавих вэ гэх зэргээр шийднэ. Тиймээс яг наймаалцаж буй хэрэг биш. Цаашид ажлаа сайн явуулахын тулд тохиролцох л ёстой.
-Гэхдээ МАН-аас бусадтай нь хэлэлцээрийн ширээний ард сууж байгааг та хэрхэн дүгнэж байгаа бол?
-МАН-тай хэлэлцээрийн асуудлыг огт ярилцахгүй байна гэдэг байж боломгүй зүйл. АН, МАН хоёр адилхан олон суудал авсан. Түүний зэрэгцээ бүгд ухаантай хүмүүс юм хойно 90 жилийн түүхтэй, улстөрийн энэ том хүчнийг тоохгүй үлдээнэ гэдэг цаашдын улстөр, аливаа зүйлсийн өрнөлд хэр нөлөөлөх бол гэдгийг давхар бодсон байлгүй.
-МАН-тай Засгийн газрыг хамтарч байгуулах тухай яриа өрнөхгүй байгаа нь өнгөрсөн нэгдүгээр сард тарсан хамтарсан засагтай холбоотой юм биш үү. Үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг АН гэнэт Засгийн газраас гарч, сөрөг хүчин болсон биз дээ?
-Манай нам өнгөрсөн 2008 оны сонгуулийн үр дүнгээр олонх болсон. Гэхдээ улс орныхоо хөгжлийг урдаа тавьж, өгөөмөр загнасан. Тэр үеийг санах л хэрэгтэй.
-Хариу нэхсэн тус шиг сонсогдож байх чинь?
-Заавал хариу барь гэж байгаа юм биш. Хамтарч байх үед МАНАН гэх зэргээр янз бүрийн нэр, хоч өгч байсан. Улсынхаа төлөө одоо эвсэхэд юу нь болохгүй гэж. Яах вэ дээ, АН, МАН л байна биз.
-Гэхдээ МАН-аас нэг л жийрхээд байх шиг харагдаад байх юм. Бусад нам, эвсэлтэй л эвсэх сонирхолтой байгаа юм биш үү?
-Тийм байх л даа. Мэдээж бүхий л боломжийг ашиглах гэж л оролдож байгаа байлгүй.
-Магадгүй МАНАН-г сарниулъя гэж хүчтэй дуугарсан “Шударга ёс” эвсэл хэтэрхий хүчтэй сөрөг хүчин болчихно гэдгээс эмээгээд байгаа юм болов уу?
-Миний хувьд тэдний дунд орж, хананы цаана яг юу яригдаж байгааг мэдэхгүй юм. Бусдын л адил хэвлэл мэдээллийн хэрэгслээс чих тавин сонсож сууна шүү дээ.
-Удахгүй МАН-ын бага хурал болно. Энэ үеэр сонгуулийн үр дүнгийн асуудал яригдах байх. Таны хувьд сонгуульд нэр дэвшээгүй, хөндлөнгөөс харж байсны хувьд дүгнэлт хийж үзэв үү?
-Засгийн эрхийг барьж байсан нам эрх барьж чадахаа больчихлоо. Бага хурлын үеэр намын том дүгнэлт гарч таарна. Тодорхой шалтгаанууд байлгүй яах вэ. Үүн дээр манай нам нэлээд бодитой дүгнэлт, шинжилгээ хийх хэрэгтэй.
-Мэдээж намын даргын асуудал бас яригдах байх. Танд “Тэр л намын даргаар сонгогдох байх” гэсэн бодол байгаа байх?
-Тэр нэрийг хэлэх арай л эрт юм уу даа.
-Гарах хүсэлтээ өгөөгүй байхад нь Ц.Даваасүрэн гишүүнийг намаасаа хасч, шинэхэн гишүүн Х.Болорчулуунд нэр дэвших эрх олгоогүй зэргээс МАН хоёр ч суудлаа алдсан. Тэгэхээр ялагдал хүлээсэн нэг шалтгаан нь нэр дэвшигчдээ буруу сонгосноос болов уу?
-Тийм шалтгаан бий. Нэр дэвшигчдийнхээ сонголтыг төдийлөн онож зөв хийгээгүй, алдаа гаргасан асуудал байгаа. Намын жагсаалтад бичигдсэн хүмүүс ч гэсэн асуудалтай л байсан байх.
-Жагсаалт гэдэг үндсэндээ зүүдэнд ч оромгүй явдлын эх байсан юм биш үү. Тухайлбал “Шударга ёс” эвслээс жагсаалтаар орж ирсэн гишүүд олны анхаарлыг маш их татаж байна шүү дээ?
-Намын жагсаалт гэдэг маань пропорциональ систем шүү дээ. Бид Германы системийг л дагаад явчихсан.
Би ч гэсэн анх зөв юм байна гэдэг байр суурьтай байсан. Уг нь бол нийт улсыг нэг тойрог гээд явсан бол илүү дээр байх байсан болов уу. Харамсалтай нь, тэгж чадсангүй. Пропорциональ систем гэдэг тэр “том дээвэр” дор дутагдал нуугдаж, орших боломж байдаг юм байна шүү дээ. Яах вэ, эмэгтэйчүүдийн квот гээд, үндэсний цөөнх гэх зэргийг ярьвал зөв ч юм шиг харагддаг.
Гэхдээ сонгуулийн дараа эргээд харахад бид асуудалд бас л өнгөц хандсан байна. Сонгуулийнхаа хуулийг цаашдаа эрхээ авсан энэ их хурал авч үзэх байх.
-МАН олонх болж чадаагүй нь нэр дэвшигчдэдээ байв уу, намдаа байв уу?
-За яах вэ, нэр дэвшигч хүнээ зөв олоогүй зүйл бий. Дутуу тооцоо хийсэн гэх үү дээ. Гэхдээ энэ бол намын л асуудал. Мөн “тэртэй тэргүй манай намд өгдөг юм чинь” гэсэн байр сууринаас хандсан тал ч байгаа байх. Бид хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч чадаагүй л болохоос биш олон түмэн МАН-д итгэл алдаагүй гэдгийг сонгуулийн дүн харуулсан. Ер нь л ялагдалдаа нухацтай дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгж байж л бид 2016 оны сонгуулийн талаар ярина шүү дээ. Ирэх жил болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ч бэлтгэлтэй оролцох хэрэгтэй.
-Та дөрвөн жил парламентад суугаад халаагаа өглөө. Эргээд харахад улстөр таны ялалт байгуулж байх үеийнхээс өөрчлөгдөж үү. Энэ удаагийн сонгууль олон шинэлэг зүйлтэй байсан шүү дээ?
-Сонгуулийн тухай хууль маань шинэ учраас маш олон өөрчлөлттэй байлаа. Мөн тооллогын системд автомат машин нэвтрүүллээ. Энэ машины тухайд ч жиг жуг ярианууд гарсан. Бас мөнгөөр “бороо орсон” гэх яриа ч бий. Өнгөрсөн 2008 оны сонгуульд ч мөнгө тараах асуудал байсан л байх. Гэхдээ өнөөгийнх шиг хурцадмал зүйлийг би санахгүй байна.
Энэ удаагийн УИХ-д олон шинэ хүмүүс орж ирлээ. Залуучууд ихээр орж ирсэн нь их зөв. Залуучуудаа дэмжих ёстой гэдэг утгаар нь харвал зөв алхам. Гэхдээ нөгөө талаас нь харвал хашир туршлага гэдэг зүйл бас л хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, дунд үеийнхэн их байвал төрийн тогтвортой байдал, уламжлалт чанар, түүний шинэчлэлтэд хэрэгтэй гэж би бодож явдаг юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: