СӨРӨГ ХҮЧНИЙ НӨЛӨӨ
Засгийн газраа хэнтэй хамтарч байгуулах вэ хэмээн АН-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн хэдэн өдрийн турш хэлэлцэж байна. “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхантай ээлж дараалан хэлэлцээрийн ширээний ард суугаад л байдаг.
Олонхийн суудал авч чадаагүй ч хамгийн олон гишүүнтэй болсон АН-ынхан МАН-аас бусадтай нь эвсэж Засгийн газар байгуулахаар хичээж буй. 2008 онд нийлүүлсэн зарим том яамыг задалж, ХЗДХЯ-наас Хууль зүйг, НХХЯ-наас Хөдөлмөрийн яамыг салган байгуулах нь тодорхой болсон.Энэ хэрээр сайд хэмээх албан тушаалын тоо нэмэгдэнэ.
АН-ынхан ямартай ч зургаан суудлыг эвсэгчдэд өгөхөөр төлөвлөж буй юм. Дөрвийг нь “Шударга ёс” эвсэлд, нэгийг ИЗНН-д, үлдсэнийг нь бие даагч гишүүнд “олгоно”. Гэхдээ нөгөө намууд нь илүүг хүсэж, хэлэлцээр сунжирсан ч өчигдөр үдээс хойш ойлголцжээ. Энэ бүхний гадна торойж үлдсэн МАН сонголтын хуваарилалтад багтахгүй бол ирэх жилүүдэд ямар сөрөг хүчин болохоо харуулна. “Олонхгүй, хүчтэй сөрөг хүчинтэй УИХ-д ажиллахад амаргүй байна” хэмээн спикерт нэр дэвшсэн З.Энхболд хэлээд авсан.
Хэрэв АН хамтрагчаараа МАН-аас бусдыг нь сонговол тэд ч бас тактикаа боловсруулах нь мэдээж. 2008-2012 оны УИХ-аар Сөрөг хүчний завсарлага авах хугацаанд хязгаарлалт тогтоох хуулийг баталж чадаагүйн горыг АН одоо амсана. Хамтарсан Засгийн газар байгуулсан үедээ ч АН, МАН-ынхан зарим асуудлаар барьцан завсарлага авдаг байсан. Харин одоо МАН нөгөө талын сэдсэн ажилд хэрхэн саад тавьж, зоргоороо аашлахыг үзүүлэх биз. 1996-2000 онд тэд иймэрхүү ажилдаа гаршсан болохоо харуулж байсныг уншигчид мартаагүй. Гэхдээ улс төрийн туршлагатай хүчин учир юм бүр дээр хошуугаа унжуулж, завсарлага аваад эрх хүүхэд шиг аашлаад байвал нэр хүнд нь унана гэдгийг тэд тооцно.
МАН хүчтэй сөрөг хүчин байхын тулд дотооддоо бас шинэчлэл хийх хэрэгтэй. Сонгуульд ялагдсаныхаа хариуцлагыг намын дарга С.Батболд хүлээж, өчигдөр ажлаа өглөө. Түүний оронд Ө.Энхтүвшинг удирдах зөвлөлөөс нь үүрэг гүйцэтгэгчээр томилов. Тус намын бага хурлын гишүүн Ж.Сүхбаатар “Сонгуульд ялагдсандаа яаралтай дүгнэлт хийх ёстой. Улс орондоо монголчуудаа сайхан амьдруулах эрхэм зорилгынхоо төлөө улам бүр нягтарч эе эвийг эрхэмлэн, сонгуулийн үр дүнд урам хугарсан, тодорхойгүй урагшгүй байдлаас түргэн ангижирч, намын доторх алдаа дутагдал, шүүмжлэлтэй асуудлуудад эрүүл саруулаар хандаж, улс төрийн оновчтой шийдвэрүүдийг гарган шийдэмгий ажиллахыг намын удирдлага, Удирдах зөвлөлөөс шаардаж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ. Тэрбээр МАН зөв бодлого, зөв удирдлагатай болж шинэлэг арга боловсруулж байж удахгүй болох орон нутгийн сонгуульд ард түмнээс алдсан итгэлийг нь буцааж авч болно гэдгийг ч сануулжээ. Үүний тулд их хурлаа есдүгээр сард хийхийг шаардсан аж. Мөн Б.Ганхуяг, Д.Идэрзаяа зэрэг залуу гишүүн нь ч ийм шаардлага тавилаа. Энэ мэтээр МАН-ын залуу гишүүд түрүүчээсээ намын удирдлага сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээх, намын бодлогоо шинэчлэх цаг ирснийг сануулж эхэлжээ.
СӨРӨГ ХҮЧИНГҮЙ УИХ БАЙВАЛ ЯАХ ВЭ
Олон түмэн олонхгүй УИХ байгуулах сонголт хийсэн. Тиймээс хамгийн олон суудал авсан АН аль нэг эсвэл 2-3 намтай ч эвсэж Засгийн газар байгуулж болно. МАН удирдлагаа сольж чадахгүй ирэх жилүүдэд “хуучин нам” хэвээрээ ажиллавал сөрөхийн тулд сөрдөг имиж нь тэдэнд эерэг үр дүн дагуулахгүй. Харин удирдлага, бодлогоо шинэчилж, алдаагаа ухаарснаа харуулбал бас найдвар бий. Дээрээс нь УИХ-д нэр хүндтэй сөрөг хүчин байж чадна. Юутай ч МАН сөрөг хүчин болвол тэдний нөлөө хамтарсан Засгийн газрын ажлыг тодорхой хэмжээгээр чангааж, саад болно. Тэгвэл сөрөг хүчингүй УИХ байвал ямар вэ. Нэгэнт л олонхгүй, эвсэж Засгийн газар байгуулах ёстойгоос хойш бүх нам, эвсэл, бие даагчтай хамтарчихвал яасан юм. Ийм саналтай гишүүн АН дотор цөөнгүй байгаа аж.
Хүчтэй сөрөг хүчинтэй байхад хэчнээн хичээгээд ажилд саад учирна, шийдвэр гаргахад цаг хугацаа алдана. Тэгвэл хэнийг нь ч тойргийн гадна үлдээлгүйгээр “бялуу”-гаа эв найртай хуваачихъя гэсэн санаа байгаа юм. 2012 оны сонгуулийн үр дүнгээр одоогоор АН 31, МАН 25, ИЗНН хоёр, “Шударга ёс” эвсэл 11, бие даагч гурван гишүүн суудал авсан. Намд нь өгсөн саналын хувь АН, МАН-ын хувьд зөрүү багахан байгаа. Энэ бүхнийг харгалзаад хамтраад Засгийн газраа байгуулах хувилбар бас байж болно. Ингэвэл сөрөг хүчингүй, хамтраад томоохон шийдвэр гаргахад саадгүй болж мэдэх юм. Эсрэгээрээ харилцан эрх тэгшээр нэгэндээ хяналт тавьж чадна. Гэхдээ АН-ын Ажлын хэсэг одоохондоо МАН руу нүдээ ч ирмэхгүй байгаа. “Шударга ёс” эвслийнхэн албан тушаал, хувь хүний ашиг сонирхлоо тулгаад хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол АН “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр МАН-д хандахыг үгүйсгэхгүй.
URL: