“21 мянган төгрөгөө бичиг баримтын зөрчилгүй бол нөхөн авч болно”
“Хүний хөгжил сан”-гаас эх орны хишиг болгон иргэн бүрт бэлнээр олгодог байсан 21 мянган төгрөг өнгөрсөн зургаадугаар сард 23 мянган төгрөгөөр төгсгөл болсон. Гэтэл энэ мөнгөө эхнээсээ авч чадаагүй иргэд цөөнгүй байна.
Тухайлбал Баянгол дүүргийн XXII хороонд түр оршин суугч X хөдөөнөөс шилжиж ирсэн. Тухайн үед Засгийн газраас халамжийн 21 мянган төгрөг иргэний дансанд байршуулах талаар шийдвэр гарч байсан ч түүний дансанд огт мөнгө орж ирээгүй гэсэн. Тэрээр Улаанбаатарт шилжиж ирээд таван жил болж байгаа.
Энэ хугацаанд шилжилт хөдөлгөөнийхөө асуудлыг шийдээд бичиг баримтаа бүрэн цэгцэлсэн. Гэсэн хэдий ч одоо болтол мөнгөө авч чадаагүй байна. Аргаа бараад Халамжийн төв дээр очоод асуухаар хороондоо ханд гээд явуулдаг аж. Ингэж олон удаа яваад бүтээгүй болохоор одоо хаана хандахаа мэдэхгүй байна гэсэн юм.
Энэ мэтчилэн эх орны хишгээ авч чадаагүй иргэдийг халамжийн төвийн мэргэжилтнүүд “Тэд ихэвчлэн иргэнийхээ үүргийг биелүүлээгүй өөрсдийнхөө хариуцлагагүйгээс болсон” хэмээн тайлбарлаж байна.
Тиймээс 21 мянган төгрөгөө аваагүй иргэдэд нөхөн олгох эсэх талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Эрдэнэбулганаас тодрууллаа.
-”Хүний хөгжил сан”-гаас cap бүр олгож байгаа 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд цөөнгүй байна. Тэдэнд энэ мөнгө нөхөн олгогдох уу?
-Тухайн хүн иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан л бол cap бүрийн 21 мянган төгрөгөө авах ёстой. Энэ мөнгийг олгох ажил зогссон ч тухайн хүний нэр дээр данс үүссэн байгаа учраас нөхөн авч болно.
-Тэгвэл данснаас буцаан татна гэсэн яриа иргэдийн дунд байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Данснаас буцаан татах ёсгүй. Яагаад гэвэл тухайн хүний дансанд нэгэнт байршчихсан байгаа шүү дээ. Тийм учраас бичиг баримтын зөрчилгүй л бол нөхөн авч болно.
-Хурууныхаа хээг өгөөгүй байгаа хүмүүс яах вэ?
-Хүний хөгжлийн хишиг хувийг олгохдоо энэ асуудлыг Засгийн газраас давхар шийдэхээр иргэддээ болзол тавьсан. Хамгийн гол шалгуур нь иргэдээ бүртгэлжүүлэх, шинэчилсэн бүртгэлд хамруулах байсан. Өөрөөр хэлбэл, иргэнийхээ үүргийг биелүүлж шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг хувийн мөнгийг өгье гэсэн. Хэрэв одоо авч чадаагүй иргэн байгаа бол иргэнийхээ үүргийг биелүүлээгүй, өөрөө шинэчилсэн бүртгэлдээ ороогүй тийм л хүн болж таарч байна. Тэгэхээр аливаа зүйлд хариуцлага байх ёстой. Яагаад иргэний шинэчилсэн бүртгэлдээ ороогүй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хуулиа сахисан бол нийгмийн халамжуудыг хүртээд явах боломж байгаа. Үнэхээр бичиг баримтын зөрчилтэй бол энэ бүхнийг арилгаж цэгцлээд өгөх байгууллага бий шүү дээ.
Гэхдээ “хурууныхаа хээг өгөөгүй учраас мөнгөө авч чадахгүй байна” гэсэн асуудал ярьсан иргэн одоогоор манайд хандаагүй. Монгол Улсын Засгийн газраас чиг үүрэг өгч гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэнээ бүртгэсэн. Үнэхээр энэ бүхнээс хоцорсон бол мөнгө нь хэрхэн олгогдох, эс олгогдох тухайд хэлж мэдэхгүй байна. Бидний өнөөдрийг болтол хүлээсэн үүрэг бол “мөнгийг олго” цагт нь олгох л үүрэг хүлээсэн. Хэрвээ үнэхээр бүртгэлдээ ороогүй, мөнгөө аваагүй иргэн байвал яах юм гэдэг бол дараагийн шийдэх ёстой асуудал байх.
-Бичиг баримт, бүртгэлийн асуудалгүй хэрнээ хишиг хувиа нэг ч аваагүй иргэдийн мөнгө дансанд нь байрших уу, эсвэл төрийн санд буцаад орчих уу?
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан эсэхээс нь үл хамаараад Монгол Улсад бүртгэлтэй байгаа иргэн бүрт төр эхний ээлжийн 70 мянган төгрөгийг хүүхэд, том хүн гэж ялгалгүй бүгдэд нь хавтгайруулаад өгсөн. Хоёр дахь ээлжийн 50 мянган төгрөгийг өгөхдөө иргэний бүртгэлд хамрагдсан байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Шинэчилсэн бүртгэлдээ хожуу ч гэсэн хамрагдаад одоо ирж байгаа иргэндээ бид 430 мянган төгрөгийг нь шууд олгож байгаа. Мөн банктайгаа очиж гэрээ байгуулаад мөнгөө дансандаа байршуулна гэсэн иргэний мөнгийг дансанд нь шууд хийж байна. Төр иргэндээ өгсөн мөнгөе буцааж авахгүй, тухайн иргэн банктайгаа гэрээ байгуулаад хүний хөгжлийн дансандаа мөнгөө байршуулах боломжтой.
-Хишиг хувийн хэчнээн төгрөгийг иргэдэд олгосон тухай мэдээ бий юу?
-Одоогоор хагас жилийн тайлан хараахан гараагүй байна. Хоёр сая 800 мянган иргэн хишиг хувийн мөнгөө авч байна гэсэн мэдээ байдаг юм. Манай улсын хүн амын тоо хоёр сая 750 орчим мянга гэдэг ч энэ нь энэ жилд тоологдсон суурин хүн амын тоо. Мэдээж үүн дээр энэ жил шинэ төрсөн хүүхэд хишиг хувийнхаа мөнгийг бүтэн авч явна. Хуулиндаа ийм заалттай. Тэгэхээр хүн амынхаа тоон дээр шинэ төрсөн хүүхдээ нэмж тооцоод яг одоо бидэнд байгаа мэдээллээр хоёр сая 800 орчим мянган хүнд энэ мөнгийг олгож байна.
Х.Баяр-Угтах
URL: