МАН-ын даргаар Ө.Энхтүвшингийн нэрийг дэвшүүллээ
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдсэн шийдвэрүүдээ танилцуулан хэвлэлийн бага хурал хийлгэв. Хурлыг МАН-ын бүлгийн даргын албыг авсан Н.Энхболд, МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ нар хийлгэлээ.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын Бага хурлыг долдугаар сарын 24-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдуулахаар товложээ. Мөн МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын дэд даргад М.Энхболд нарыг нэр дэвшүүлсэн байна. Эл асуудлыг тус намын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. Гэхдээ намын даргын асуудлыг Бага хурлын гишүүд хэлэлцэн улмаар Их хуралд оруулж хэлэлцүүлэн олонхийн саналаар батлах дүрэмтэй бол УИХ-ын дэд даргад нэр дэвшигчийг УИХ-аар хэлэлцүүлэн батлах ёстой болж байгаа тухай тус намын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ.
Мэдээлэл хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.
-Эвслийн Засгийн газар байгуулах саналыг Ардчилсан намаас танайд ирүүлсэн үү. Чуулганыг зарлан хуралдуулахад МАН-ын бүлэг оролцох уу. Эсвэл заавал гишүүдийнхээ тоог бүрдүүлж байж чуулганы хуралдаанд оролцоно гэх юм уу?
Н.Энхболд: Ардчилсан намын зүгээс МАН-тай хамтарч эвсэл байгуулъя, Засгийн газрын бүтцэд хамтарч ажиллая гэсэн санал албан ёсоор ирээгүй. Бидний хувьд улс төрийн намуудын түвшинд үргэлжилж байгаа хэлэлцээрийг анхааралтай ажиглаж байна. Хамгийн гол нь ард түмэн сонголтоо өгөөд илт давуу ялчихсан гишүүдийн тангаргийг нь өргүүлэхгүй байгаад эсрэг байр суурьтай байна. Цаашдаа энэ үйл явц яаж үргэлжлэхээс хамаараад бид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яаж оролцох вэ гэдэг асуудлыг жич дараагийн хуралдаанаараа ярина.
Я.Содбаатар: 2012 оны сонгуулийн дүнгийн хүчний харьцаа маш ойрхон байгаа. Хэрвээ хоёр тойрогт дахин санал хураалт явуулаад, Өвөрхангайн асуудал шийдэгдчихвэл Ардчилсан нам, Ардын намын харьцаа 31:29 болох магадлалтай. Тэгэхээр энэ 76 гишүүн буюу төрийн эрх барих дээд байгууллагаа бүрэн бүрэлдэхүүнээр нь хуулийн дагуу бүрдүүлж хүчний харьцаагаа тодорхой болгосны дараа УИХ, Засгийн газраа байгуулах үйл явцыг шуурхайлах нь зүйтэй гэдэг асуудлыг холбогдох газруудад МАН тавьсан. Ялангуяа сонгуулийн дүнг дахин нэг нягтлах ёстой. Тахимаа өгөхгүй гэдэг юм уу, эсвэл суудлын тоогоо нэмэх гэж байна гэж харахаас илүүтэй автомат машиныг цаашид сонгуульд ашиглах эсэхийг шийдэх нь зөв. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо бусад холбогдох хороо асуудлыг авч хэлэлцэх ёстой гэсэн хатуу байр суурь баримталж байгаа” гэв.
А.БИЛГҮҮН
URL: