Баатар хотыг удирдах Улсын баатар Э.Бат-Үүлийн хамгийн түрүүнд хийх 24 ажлын жагсаалт
Түүний төлөвлөж буй эдгээр ажлууд хэрэгжих эсэхийг Улаанбаатарчууд ирэх 4 жил харах болно. Тэрээр сонгуулийн өмнө “Баатар хотыг баатраар удирдуулах хэрэгтэй”-г сануулсаар олонхийн санал авсан юм.
Улсын баатрын амлалтууд сонирхолтойгоос гадна санаанд багтамгүй зүйлүүд их бий. Тэрээр нэгэнт нийслэлчүүдийнхээ өмнө амласнаа биелүүлэх ёстой. Чадахгүй бол намаа 4 жилийн дараа баллаж орхино. Чадвал Улсын баатраас гадна нийслэлчүүдийн хувьд жинхэнэ баатар болно. Улаанбаатарын иргэн Та Улсын баатрынхаа хийнэ гэж амласан зүйлтэй уншиж танилцаж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээрэй. Бас үе үе эргэн дурсаж сануулж байгаарай.
1. Улаанбаатарын гэр хорооллуудыг “Хаус” хороолол болгоно.
2. Гэр хорооллыг хаус хороолол болгохын тулд уг асуудлыг хариуцсан бие даасан агентлаг байгуулна.
3. Гэр хорооллыг хаус хороолол болгохын тулд төвийн дулааны шугам сүлжээнд холбохоо сонгуулийн өмнө амласан. Улаанбаатарчууд Э.Бат-Үүлийн амлалт бат гэдэгт итгэж саналаа өгсөн.
4. Гэр хорооллын төлөвлөлтийг хийнэ. Ингэхийн тулд ажлаа аваад хамгийн түрүүнд инженерүүдээ дагуулаад гэр хороолол руу алхана.
5. Өрх бүрт биш иргэн бүрт газар эзэмшүүлнэ.
6. Улаанбаатарын утааны асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
7. Хотын захиргааг гэр хороолол руу нүүлгэнэ. Өөрөө тэндээс нийслэлээ удирдана.
8. Сүхбаатарын талбайн хажуу талд байдаг хотын захиргааг бүхэлд нь үйлчилгээний төв болгоно. Хотын иргэдийн асуудлыг ямар ч чирэгдэлгүй шийддэг нэг цэгийн үйлчилгээний цэгийг ингэж байгуулна гэсэн.
9. Хотын захиргааг хүнд сурталгүй болгоно.
10. Компаниудын газрыг хурааж иргэдэд тарааж өгнө. Газрын наймаачдыг дураар нь тавихгүй. Хариуцлагыг нь хүлээлгэнэ гэсэн.
11. Хотын төсөв, санхүүг Улаанбаатарчуудын өмнө ил тод болгоно. Хотын төсөвт ийм мөнгө орлоо, түүнийг ингэж зарцууллаа, ийм тендерт тийм компани яллаа гэдэгийг нийтийн өмнө ил болгоно.
12. Өөрийнхөө болоод хотын бусад удирдлагуудын гаргаж байгаа бүх захирамжийг ил тод, нээлттэй болгоно. Засаг даргын захирамж, шийдвэрийг 48 цагийн дотор нийтэд ил болгоно. Энэ хугацаанд нийтэд ил болгоогүй бол уг захирамжаа хүчингүйд тооцно.
13. Ялангуяа газрын зөвшөөрөл, тендерт ялсан компаниудын талаар дэлгэрэнгүй танилцуулдаг болгоно.
14. Аливаа албан тушаалд томилогдсон хүмүүстэй авлигын болоод ашиг сонирхолоос урьдчилан сэргийлэх гэрээ байгуулна.
15. Хотын замын түгжрэлийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Ингэхийн тулд амралтын өдрүүдэд автомашинтай явах иргэдээс явах маршрутаар нь тооцож төлбөр авдаг болгоно.
16. Агаараар явдаг тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлнэ.
17. Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явахад зориулж, дүрмийг нь хатуу мөрдүүлнэ. Дээрээс нь нийтийн тээврийн автобусууд дугаараар явдаг болно. Уралдаж давхихгүй.
18. Автобусны буудлын зогсоолыг сайжруулж, цогц үйлчилгээтэй болгоно. Автобусны буудлуудыг тохилог жорлонтой болгоно.
19. Хотын нутаг дэвсгэрт нэг бол ногоон байгууламж эсвэл хатуу хучилттай зам байна гэдэг хатуу зарчим тогтооно.Сул шороотой сөөм ч газар үлдээхгүй.
20. Улаанбаатарын замын стандартыг өөрчилнө. Замын хажуугаар борооны ус урсах шинэ суваг гаргаж өгнө. Ингэж зам дээр ус тогтдоггүй болгоно.
21. Зарим бүсэд нийтийн орон сууц бариулахгүй. Тухайлбал Баянхошуу, Чингэлтэйд нийтийн орон сууц бариулахгүй гэж мэдэгдсэн.
22. Ардчилсан намынхан эхлээд өөрсдөө өргөө, харш барьдаг дарга нар биш гэдгийг харуулна.
23. Өөрийнхөө орлогч нарыг сонгон шалгаруулалтын зарчимаар томилно.
24. Энэ бүх ажлыг хийхэд ихээхэн хөрөнгө хэрэгтэй учир бонд гаргана гэж мэдэгдсэн.
24tsag.mn
URL: