Охид, хүүхнүүд ээ Сэрэмжлүүлэг!!!
Өнөө цагийн охид, хүүхнүүд үдэш оройн цагаар, баар цэнгээний газраар холхин хөлхөлдөх нь их болжээ. Их хотын шөнийн дүр зургийг харахуйяа энд тэндгүй гялалзах Bar & Pub, Restaurant & Pub, Disco Bar, Hotel гэх гадаад нэр хаягтай олон өнгийн гэрлэн чимэглэлүүд, хөшиглөх саарал утаан дундаас бусдыг урин дуудах мэт сүүмийн анивчина.
Одоогоос хэдэн жилийн тэртээ баар цэнгээний газар тоолж болохоор байсан үед энэ газруудын ихэнх үйлчлүүлэгч нар эрчүүд байсан санагдана. Харин өдгөө цагт тоогоо алдсан “шөнө цэнгүүлдэг” газрууд охид хүүхнүүдээр дүүрч, эр хүн гэдэг нүдний гэм болсон гэлтэй. Хаа газрын баар, ресторанд орох нээ эхний үйлчлүүлэгчид нь эмс охид байх агаад гартаа нарийн янжуур салаавчилж, донжтой гэгч нь баагуулан суух нь харагдах вий. Тэдний ийн суухыг удаахан ажиглавал хаа нэгтээгээс ямар нэгэн зүйл хайн, харц тойруулан эргэлдүүлэхийг төвөггүй мэдэж болно. Эгээ л энд тэнд суух тоотой хэдэн эр хүн дээр харц юугаа унагаж, дэргэд нь байх охид хүүхнүүд рүү хялам хийх харц чулуудан шивэр авир хийлдэнэ. Хамгийн хачирхалтай нь “ховордсон” эрчүүд шөнийн цэнгүүн өндөрлөхийг дөхмөгц бөөн, цөөнөөрөө ширүүхэн морилно. Хагас ярвайсан мэт дүр төрхтэй, халамцуу эрсийг ийн цуварч эхлэхээс эмс, охидын нүд сэргэж бүжгийн талбай руу дайран орох юм билээ. Олны дундаас онцгойрох гэдэг юм уу орь ганц яваа шүү гэдгээ мэдэгдэх гэдэг юм уу элдэв янзын хөдөлгөөн хийж, эрээ цээргүй бүжиж эхлэнэ. Мансуурлын үеийн цэнгэл “аюул” дагуулах нь эндээс эхтэй…
Сүүлийн үед архины хор уршигаар гэмт хэргийн тоо ихсэж, гэмтэж бэртэх, улмаар амь насаа алдах нь энүүхэнд боллоо. Үүний нэг тод жишээг дурдъя. Саяхны нэг өдөр айл гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн эх болсон гуч орчим насны эмэгтэй найз хүүхнүүдтэйгээ “шоудахаар” гэрээсээ гарсан байна. Гэтэл тэр шөнөдөө бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг болжээ. Ийн хэрэг мандаж хамт явсан хүүхнүүд байцаалтад дуудагдаж эхэлсэн байна. Тэдний өгүүлснээр талийгаач бүсгүй бааранд байхдаа гэнэт алга болсон гэх. Гэвч бааранд хөлчүүрхсэн хүүхнүүд насаар дүү залуучуудтай танилцаж, улмаар учир ургуулсан бөгөөд талийгаач бүсгүй шинэ танилуудтайгаа хамт гарсан сурагтай байдаг. Таньж мэдэхгүй залуустай сэтгэлийн хөөрлөөр дотносож, өөрийгөө эрсдэлд оруулж амь насаа хүртэл алдах тохиолдол ганц энэ биш болов уу. Дээр дурдсан жишээгээр талийгаач эмэгтэйг буруутгаж, тавлаж муулах гэсэнгүй. Харин энэ мэт хөлчүүгийн учрал ямар аймшигтай аюул дагуулж буйг охид хүүхнүүд маань анхааран болгоомжлох цаг нэгэнт болжээ. Өнгөтэй, мөнгөтэй царай гаргаж, охид хүүхнүүдийг “ангуучлагч” хүн төрхтэй араатнууд магадгүй эмэгтэй таныг, энэрэлт хань, энхрий охидыг чинь “овоо хараандаа” оруулчихаад анаж суухыг үгүйсгэх арга алга. Охид хүүхнүүдээ Болгоомжлогтун. Сэрэмжлэгтүн.
NUUTS.mn
URL: