Хятад экспортлогчдыг чирж мэдэх нь

Дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ саарч байгаа нь олон улсын зах зээл дээрх гол тоглогчид, ялангуяа бараа бүтээгдэхүүн экспортлогчдын санааг хамгаас илүү зовоож эхэлжээ. Тэр дундаа манай өмнөд хөрш Хятадын эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн нь эрчим хүчний түүхий эд экспортлогч орнуудад хүнд цохилт болж мэдэхээр байна.

Дэлхийн тэргүүний үйлд­вэрлэгч гүрний нэг болох Хятадын үйлдвэрлэл буурч эрчим хүчний хэрэглээ багассанаар нүүрс, байгалийн хий болон нефтийн хэрэглээ өндөртэй тус улсад нийлүүлэгч орнууд бараг л хятадуудаас илүүтэй санаа нь зовж байгаа ажээ.

Харин хятадууд яагаад ч юм эдийн засгийн “сааралт”-ын эсрэг ямар нэг арга хэмжээ авахад огтхон ч яарахгүй байгаа аж. Өмнө нь 2008 оны их уналтын дараахан Хятадын засгийн газар олон зуун тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг гаргаж эдийн засгийн өсөлтөө барьж байсан бол энэ удаад ямар нэг дорвитой арга хэмжээ авах оролдлого хийхгүй байгаа юм.

Уналтын тухайд гэвэл Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилд байгаагүй хамгийн бага үзүүлэлттэй гарч байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд ДНБ-ний өсөлт нь ердөө 7.6 хувь л байгаа аж. Ингэж эдийн засаг нь бага өсөлттэй гарах болсон шалтгааныг шинжээчид Евробүс болон АНУ-д болж байгаа санхүүгийн хямралтай холбон тайлбарлаж байгаа юм.

Түрүүн дурдсанчлан хятадууд өөрсдөө эдийн засгийнхаа “уналтад” төдий л сандарч тэвдэхгүй байгаа нь ч бас учиртай бололтой. Нэг үеэ бодвол Хятадын иргэд харьцангуй хөрөнгөжиж ирснээр “дундад” улсын дотоодын зах зээл тэлж, хятадуудын худалдан авалт ч сайжирсан аж.

Үүний дээр хятад иргэдийн орлого нэмэгдэн, харин инфляци харьцангуй саарч байгаа гэж өнгөрсөн долоо хоногт Хятадын ерөнхий сайд мэдэгджээ.Тэгэхдээ дэлхийн хоёрдахь том эдийн засаг болох Хятадын эдийн засгийг тогтвортой болгоход нэлээд цаг хугацаа орж магадгүй гэж ноён Вэнь Зябао хэлсэн байна.

“Урьд өмнө нь АНУ найтаахад бүх дэлхийд ханиад тусдаг гэсэн хэллэг байсан бол одоо цаг өөр болсон. Хятад өөрийн зах зээлээ идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлж ирснээр дотоодын эрэлтээ эрс нэмэгдүүлж чадсан тул гадаад зах зээлийн хямрал нь тэднийг урьдыхтай адил сандаргахгүй байж болох юм” гэж Оросын хөрөнгө оруулалтын группийн мэргэжилтнүүд ВВС-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Хятад дотоодын зах зээлээ идэвхжүүлэхийн тулд 2009 онд 600 тэрбум ам.долларыг зарцуулж байсан нь одоо үр дүнгээ өгч байгаа бололтой.Дэлхийн санхүүгийн их хямралын дараахан дээрхи арга хэмжээг авч байхдаа Хятад улсад валютийн нөөц нь тийм ч их хангалттай биш байсан гэж мэргэжилтнүүд болгоомжилж байсан ч хямралт байдлыг хятадууд хянаж зохицуулж чадаж байжээ.

Тэгвэл одоо 2012 онд Хятадын валютийн нөөц тухайн үеийнхээс 1.5 дахин их болсон байна.Тийм болохоор хятадууд эдийн засгийн өсөлтөө хүссэн үедээ хурдлуулах,эсвэл одоогийн тайван хэмнэлд нь барьж байхын алийг нь ч сонгоход санаа зовох зүйлгүй гэнэ.

Одоогоор хятадын төв банкны бодлогын хүү 6 хувь байгаа бөгөөд 2010 онд хамгийн бага буюу 5.3 хувь байсантай харьцуулахад харьцангуй өссөн аж.Гэхдээ өнгөрөгч зургаадугаар сард Хятадын инфляци өмнөх сарын 3 хувиасаа 2.2 хувь хүртэл буусан нь бодлогын хүүгээ бууруулах бололцоог Хятадын төв банкинд олгож байгаа ажээ.

Тэгэхдээ бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээл Хятадад хангалттай байгаа бөгөөд голцуу дэд бүтэц, тэр дундаа барилга орон сууц барих бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа гэнэ. Энэ нь ажлын байрыг маш олноор бий болгож байгаа бөгөөд улмаар дотоодын эрэлтийг идэвхжүүлж чадаж байгаа юм байна.

Зарим мэдээллийн эх сурвалжаас үзвэл Хятадын дотоодын эрэлт нь тус улсын ДНБ-ний 35 хувьтай тэнцэхээр байгаа гэнэ. Харин эрэлт хангалттай байгаатай уялдан ашиг олох гэж улайрсан компаниуд зээлийн хэт их ачааллаасаа болж дампуурах эрсдэл их байгаа нь хятадуудын хувьд хамгийн түрүүнд анхаарах зүйл болж байгаа аж.

Хэрэв эдийн засгийн өсөлтийн хувь зээлийн хүүгийн хувь хэмжээнээс доогуур байх юм бол компаниуд зээлийн ачааллаас болж дампуурах эрсдэл  өндөр байдаг гэнэ. Гэхдээ аж ахуйн нэгжүүдийн өрийн төлөлтийг эдийн засаг дахин өсөх хүртэл хойшлуулж хугацааг нь сунгаж өгөх зохицуулалт ч бас байдаг ажээ.

Хятадын томоохон банкуудын ихэнх нь улсынх байдаг тул урт хугацааны зээл олгох боломжтой байдаг юм байна. Өнгөрөгч зургаадугаар сарын дүн мэдээгээр гэхэд хятадын компаниудын авсан зээлжилтийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад 20 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээгээр өссөн байгаа ажээ.

Энэ мэтээр дотоод зах зээлийн боломжит өсөлтөөс болоод хятадууд эдийн засгийн өсөлтөө хэт хурдлуулахыг хүсэлгүйгээр одоогийн “темпенд” нь байлгаад байх юм бол тэдэнд биш харин бусдад л хүндээр тусах нь ойлгомжтой болж байна. Хятадын түүхий эдийн гол нийлүүлэгчид болох ОХУ, Бразил, Өмнөд Африк, Австрали зэрэг орнууд ялангуяа ихээхэн хохирол амсаж мэдэхээр байна.

Зөвхөн нефть гэхэд л Хятад улс өнгөрсөн 2011 онд 9.9 сая баррель нефтийг өдөр бүр хэрэглэж байсан гэсэн тооцоо байгаа юм. Тийм болохоор хятадууд хэрэглээгээ багасгавал олон улс орны төсөвт өөрчлөлт орж мэдэхээр болоод байна.

М.НАСТ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих