Ардчилсан намаас ард түмэн юу хүлээж байна вэ?

Хүн бүрт сайхан амьдрал амлаж чадахгүй ч боломжийг нь өгдөг нийгмийг байгуулах гэж Ардчилсан нам хорин хоёр жил тэмцлээ. Энэхүү хугацааны ихэнхэд нь сөрөг хүчин байж ирсэн ч үзэл санаа, үнэт зүйлсийнхээ нэлээдийг нийгэмдээ шингээж чадсан тус нам энэ удаагийн сонгуулиар эрх баригчид болов. Эрх баригчдаас тэгвэл ард түмэн өнөөдөр юу хүлээж байна вэ?

Ардчилсан намын хувьд улс төрийн тавцанд цаашид хэн байх, юу хийхээ тодорхойлох хамгийн хариуцлагатай үе нь сонгуулийн өмнө тохиосон юм. Яг энэ үеэр тус нам “Эдийн засгийн эрх чөлөөний төлөө шударга ёсны хувьсгал хийнэ” гэдэг томьёоллоор бодлогынхоо үндсэн агуулгыг тодорхойлж, хот хөдөөг хамарсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байлаа. Ямар ч аргаар хамаагүй ялах нь чухал биш ялсны дараа юу хийх нь тэдэнд чухал байх үед өгсөн амлалт нь энэ. Харин яаж, ямар замаар тэрхүү амлалтаа биелүүлэх вэ гэдэгт ойрын хугацаанд байгуулагдах Засгийн газар, түүний мөрийн хөтөлбөр хариулт өгөх ёстой юм.

Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намын амласан “Эрдэнийн хувь” буюу стратегийн орд газруудаас иргэн бүрт хувь эзэмшүүлэх санаа нь реформын шинжтэй үзэл баримтлал байсан бөгөөд энэ нь хоёр намын хамтын зорилго болж хэрэгжсэн юм. Тэгвэл үүнтэй эн зэрэгцэх хэмжээнд нийгмийн дэмжлэгийг хүлээхүйц нэгэн санаачилгыг УИХ-ын гишүүн Л.Болд дэвшүүлсэн байна.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дэх “Газар өмчлөлийг бүрэн шийдвэрлэх” тухай заалтыг бодитой хэрэгжүүлэх арга замыг эдийн засгийн агуулгаар тодорхойлсон түүний үзэл баримтлалын талаар “Өдрийн сонин” өнгөрсөн даваа гаригийн дугаарт дэлгэрэнгүй нийтэлсэн байна. Тэрбээр “Иргэн бүрт газар өмчлөх эрхийн бичиг олгоё” гэсэн санаачилгыг дэвшүүлжээ.

Эрх мэдэл бүхий албан ту­шаалтнуудын хувьдаа баяжиж, хөлжих хэрэгслээ болгоод байгаа тэрхүү үнэтэй цэнтэй газрыг тэгвэл иргэн бүртээ эрхийн бичгээр өгч, хүн бүр хөлжиж хөгжих хэрэгсэл болгоё л доо. Яагаад болохгүй гэж? Энэ бол Л. Болдын дэвшүүлж буй санаачилгын гол зорилго аж. Үүний тулд өнөөдрийн газар өмчлөлийн эрх зүйн орчныг эрс өөрчилж, иргэн бүрт газар өмчлөх эрхийн бичиг буюу сертификат олгох юм байна.

Газрыг албан тушаалтнууд биш ард түмэн эзэмшдэг болъё

Харин газрын сертификатыг эзэмшсэнээрээ иргэн бүр өөрийн өмчийн газартай болж байна гэсэн баталгаа юм. Энэхүү сертификатаар газраа сольж авах ба иргэн хүсвэл үнэт цаасны адилаар хөрөнгийн зах зээл дээр арилжих, мөн бэлэглэх, өвлүүлэх боломжтой байх юм. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн болон үнэт цаасны цоо шинэ зах зээл бий болно. Гэхдээ хамгийн гол утга агуулга нь гэвэл газар өмчлөх эрхийн бичгээр дамжуулан иргэн бүр газрын эзэн болж, үүгээрээ хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, зээлийн барьцаа, визний баталгаа бол­гох зэргээр эдийн засгийн батал­гаагаа хангадаг байх юм. Энэхүү эрхийн бичиг урт хугацаанд хүчинтэй, үнэ нь үргэлж өөрчлөгдөн хэлбэлздэг амьд үнэт цаас гэсэн үг. Үүний үнэ цэнийг өсгөх асуудал нь газрын үнэ цэнийг нэмэгдүүлэхээс шууд хамаарна. Тухайн газар нутагт дэд бүтэц тавих, хөгжлийн бүс бий болгох зэргээс хамааран газрын сертификатын үнэ өсөн нэмэгдэж байх юм. Тэгэхээр газрын сертификатын үнийг өсгөхийн тулд газрын үнийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь төрийн бодлого байх болно гэсэн үг.

Барилгын компаниуд л гэхэд барилга барих газраа зөвхөн сертификатаар сольж авдаг болно. Жишээлбэл, 1000 айлын орон сууц барихаар төлөвлөгдсөн газрыг 1000 ч юм уу тодорхой тооны сертификатаар сольж авах ба эдгээр сертификатаа хууль, журмын дагуу иргэдийн гар дээрээс буюу хөрөнгийн зах зээл дээрээс худалдаж авсан байх ёстой. Ингэснээр төр засаг газар худалддаг наймаачны үүрэгтэй байхаа больж, тухайн газарт төлөвлөлт хийх, төлөвлөсөн төслийн зориулалтаар тухайн газрыг сертификатаар сольж олгох, бүртгэх үүргийг л төр гүйцэтгэнэ.  Өөрөөр хэлбэл, төр засаг газрыг эзэмшдэг биш зөвхөн төлөвлөдөг, иргэд хуулийн этгээд хоёрын хооронд дамжуулдаг, бүртгэдэг үүрэгтэй болох юм. Өнөөдөр Монгол Улсад газрыг төр өөрөө эзэмшиж, төрийн нэр дор эрх мэдэл бүхий шунахай хүмүүс түүнийг худалдан хувьдаа ашиг орлого олдог увайгүй байдлыг үүнээс өөрөөр цэгцлэх арга ч үгүй байх. Газар нь эзэнтэй, эзэн нь иргэд өөрсдөө байх тэр цагт л газрыг худалддаг, хулгайлдаг төрийн дээрэм зогсох байх.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг УИХ-аас 2006 онд буюу МАХН /МАН/ парламентын олонх байх үед баталсан ч уг хуулийн амин сүнс болох “гэр бүлийн хэрэгцээний газрыг иргэдэд нэг удаад үнэгүй олгох” тухай заалтыг 2008 онд Ардчилсан намын бүлгийн санаачилга, шахалт дор нэмж тусгасан юм. Мөн 2002 онд тэр үеийн эрх баригчид Газрын тухай хуулийг батлахдаа тариалангийн газрыг тариаланчдад биш аж ахуйн нэгж, компаниудад хувьчлахаар тусгасан байсныг Э.Бат-Үүл тэргүүтэй Ардчилсан намын гишүүд эсэргүүцэн тэмцэж, энэ шийдвэрийг нь өөрчлүүлж байлаа. Газар бол хамгийн үнэтэй баялаг. Харин энэхүү үнэт баялгаа Монгол Улсын иргэд жинхэнэ утгаар өмчлөх, эзэмших, үнэ цэнэтэй капитал болгон хувиргах бололцоог олж чадалгүй өнөөдрийн хорин нэгдүгээр зуунтай золгосон юм. Монгол хүн бүрт оршин суух газраа сонгох, гадаадад зорчих, орон сууцаа, малаа, үйлдвэр, аж ахуйн газраа хувьчлан авах эрхийг Ардчилсан нам өгсөн. Өнөөдөр газраа өмчлөх эрхийг нь ард түмэнд өгч чадвал энэ нь Ардчилсан намын эхлүүлсэн ерэн оны ардчилсан хувьсгалын төгс ялалт байх болно. Нэг үгээр бол иргэддээ амласан эдийн засгийн эрх чөлөөгөө хэрхэн яаж өгөх вэ гэдэг асуултын хариуг ард түмэн Ардчилсан намаас энэ дөрвөн жилд хүлээх болно.

З.БОРГИЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих