VII хорооллыг хүлээгсэд доголон нулимстай сууна
Энэ зун нийслэлд бороо хур элбэгтэй сайхан зун болж байгаагийн хажуугаар хотын зарим дүүргийн гэр хороололд хөл гишгэх аргагүй шавар шавхайгаар иргэдийг бухимдуулж байна. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг Ногоон нуур орчмын айлууд буюу VII хороолол сүндэрлэнэ хэмээн сүүлийн хэдэн жил хулхин дээр цэцэг ургуулсан газар.
Энд өнгөрсөн зууны эхнээс өнөөдрийг хүртэл айлууд суурьшиж ирснээс хөрсний бохирдол хэрээс хэтэрч айлуудын бохир жорлон борооны устай холилдон урсч, үнэр танарт нь тэнд амьдарч буй хүмүүс орох байх газраа олж ядан байна.
Сонгуулиас хойш шинэ хорооллын сураг алдарлаа. “Газраа зарсан нэг хэсэг нь Э.Бат-Үүлийг зарж болохгүй та нар газартайгаа байхаар нээрээ ч буруу алхам хийж хэмээн бодож байсан ч одоо бодоход хожжээ. Одоо дуулж байхад тэр шугам хоолой нь бүтэж бүрэлдэхийг хүлээхэд бидний нас ч гүйцэхгүй юм байна.
Нөгөө хорооллоо ч барихаа больж байх шиг байна. Саяхан түр байраа буулгачихлаа. Э.Бат-Үүл баатар хороолол бариулахгүй гэсэн юм чинь одоо юу гэж бариулах вэ. Айхтар юм боллоо” гэж тус хорооны өндөр настан Г.Балбар харамсангуй ярьж сууна.
Энд баригдах шинэ хорооллын зураг төсөл хэдэн жилийн өмнөөс хийгдэн олонд танилцуулагдсан билээ.
Түүгээр ч зогсохгүй тэнд амьдардаг гэр хорооллынхон зохих үнээр газраа чөлөөлөөд орон сууцтай болох нь гэж баярлан нүүсэн ч өнөөх эрчимтэй яригдаж байсан VII хорооллын сураг тасарсанд иргэд гайхах болов.
Сайн юманд садаа мундахгүй гэж сонгуульд өрсөлдөгчдийн популист амлалтаас болж саатаж байгааг иргэд одоо л ойлгож байгаа бололтой. НИТХ-д нэр дэвшсэн Э.Бат-Үүл “Гэр хороолол руу инженерийн шугам татна, та нар газраа битгий худалд, цаадуул чинь газрыг чинь хямдхан авах гэж байна.
Бид сонгуульд ялаад та нарт хаус барьж өгнө” гэснээс болж эргэлзсэн айлууд нүүж газар чөлөөлөхөө зогсоожээ. Э.Бат-Үүл хэлэхдээ хот байгуулалтыг нийтийн орон сууц барих замаар бус амины орон сууц барих замаар өөрчилнө гэж ярьсан.
Иргэдийг өөрийн гэсэн өмчийн газартай болгох гээд байгаа. Тэр газар нь Ногоон нуурын өвөлдөө хөлдүүс, зундаа өмхий намаг бүхий газар болж таарч байна. Тэрбээр үүнийгээ ардчилсан зарчмаар хот байгуулахын тод жишээ гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн өмчийн газартай.
Тэр газар дээрээ амины орон сууц барьж амьдардаг жишиг хаа ч бий. Үнэхээр энэ нь бүтдэг бол сайхан санаа. Тус хорооны нийгмийн ажилтан ярихдаа “Манай хорооныхон VII хороолол баригдах гэж байгаад их баяртай байсан.
Зарим хөгшид өнөө маргаашгүй орчих гэж байгаа юм хөөрч явсныг яана. Сонгуулийн өмнө Э.Бат-Үүл нэг өдөр манай хорооныхныг цуглуулж хуралдуулаад бүхнийг эргүүлчихсэн юм. Манайхан аливаа юманд хандахдаа бодож тунгаахгүй болчимгүй хандах юм билээ. Одоо энэ байдлаар бол хороолол ч үгүй, хаус ч үгүй болох байлгүй.
Зарим нь Э.Бат-Үүл газар өгч байна гээд Яармаг руу гүйж хэдэн төгрөгөө гарзадсан байх. Одоо яах вэ дээ хэдхэн хором ярьсан хүний ярианд итгэдэг улс хаусандаа суух юм байгаа биз. Хаусанд амьдруулна гэдэг нь зөв санаа л даа.
Гэвч Ногоон нуурын өмхий намагт гэдэг нь дэндүү” гэж ярив. Э.Бат-Үүл ярихдаа өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох хангалттай хугацаа байсан гэж сонгуулийн сурталчилгаа хийж явсан газар бүртээ ярьж явсан.
Тэгэхээр нийслэлийн өмнөх удирдлагууд ажлаа буруу төлөвлөж ирсэн болоод байна. Урд нь нийслэлээс татан төвлөрүүлсэн төсвийг хотын удирдлагууд захиран зарцуулах эрхгүй байсныг Э.Бат-Үүл мэдэхгүй байна гэж үгүй.
Тэрбээр нэг сонинд ярилцлага өгөхдөө “Би энэ талаар ихээхэн хүчин чармайлт гаргасан” гэж ярьсан байсан. Тэрбээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль УИХ-д өргөн баригдаад батлагдахгүй байхад хэр дэмжиж байсан юм бол.
Манай нийслэлийн дүүргүүдийн гэр хороололд инженерийн шугам тавигдаж ээлж дараалан нэг нэг сууц барьж өгөхийг хүлээвэл багагүй хугацаа туулах бололтой. Инженерийн шугам хоолой тавина гэдэг нэг хүний амаар яриад хийчихдэг ажил биш гэдгийг өнөөдөр нийслэлд амьдарч байгаа захын хүн мэднэ.
Монголчууд гадагш явж нүд тайлж ихийг мэдэж, сурч ирж байна. Тэд хаана ямар сууцанд яаж амьдрахаа мэддэг болжээ. Манай нөлөө бүхий улстөрчид хотоос зайдуу аль сайхан газар эдлэнтэй. хаустай амьдарч байна. Харин тэдний жишээг иргэддээ таниулах хэрэгтэй байна.
Э.Бат-Үүлийн амласнаар Сүхбаатар дүүрэгт гэхэд хойшоогоо Долоон буудал, Дамбадаржаа хүртэл шугам хоолой тавих юм байх. Түүнээс салаалж Чингэлтэй, Хайлаастайн амны олон айлуудад хүргэж бүгд инженерийн шугамд холбогдох нь.
Үүнд хэдий хэр мөнгө, хэчнээн жил зарцуулагдахыг тооцоогүй нь тодорхой. Мэргэжлийн инженерүүдийн ярих нь тавдугаар цахилгаан станцыг ашиглалтад оруулсан нөхцөлд инженерийн шугамыг хотын хаа л бол хаа тавьж болно. Түүнээс нааш энэ станцуудын хүчин чадал дийлэхгүй гэдэг үнэний ортой.
Хэдэн жилийн өмнөөс Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Дэлхийн банкны төслөөр “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн хүрээнд цэвэр усны шугамыг байгуулах гэж асар их хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан билээ. Одоо ч энэ төсөл дуусаагүй байгаа. Төслийг удаашруулдаг хүндрэлтэй олон хүчин зүйл байгаа гэж төслийнхөн ярьж байсан.
Тэр нь юу вэ гэвэл газар нутаг нь тэгш биш, айлууд жигд гудамлаагүй, хөрс нь цэвдэгтэй зэрэг нь хүндрэлтэй байсан гэж яригдсан. Өнөөдөр манайхан нийслэлээсээ дайжих болов. Зарим нь хэдэн арван км газар зуслан эдлэнгээсээ ажилдаа ирж очдог болсон. Хотын төвд хауст амьдрахыг хүсэх хүн хэр олон бол.
Өнөөдрийн бидний яриад байгаа шинэ хороолол барихаар төлөвлөсөн Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт хар нутаг дээр ачлагагүй хоцорсон айл шиг нэг хэсэг нь газраа зарах гэхээр одоо авахгүй, нүүх гэхээр газаргүй болчих гээд ёстой л ацан шалаанд оржээ. Ийнхүү долдугаар хорооллыг горьдогсод доголон нулмистай сууна.
Н.ЛХАГВА
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
URL: