Yahoo-д “урвасан” Марисса Маиер гэж хэн бэ

АНУ-ын хамгийн том веб портал “Yahoo” компани чөтгөр ч тогтоход хэцүү газар болчихов уу гэмээр л санагдаж байна. Сүүлийн ганц жилийн дотор удирдлагаа гурав дахь удаагаа солилоо. Энэ удаад тус компани хувь заяагаа 37 настай турьхан бүсгүйд даатгаж удирдлагын жолоо цулбуураа түүнд атгууллаа.

Өмнөх захирал Скотт Томпсон мэргэжлийн тодорхойлолтдоо зэргээ ахиулчихсан гэх хэл аманд өртсөнөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Манайхаар бол мөнөөх л хуурамч дипломаар төрийн албанд шургалчихдагтай адил явдал болсон юм уу даа. “Yahoo” түүхэндээ ийн  эмэгтэй захиралтай болж байгаа нь энэ.

“Yahoo” хэмжээ далайц, нэр алдараараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг том компани бөгөөд та бид ч бас энэ компанийн хэрэглэгчид. 1994 онд Стэнфордын их сургуулийн магистрант оюутан Дэвид Файл, Жерри Янг нар анх үүсгэн байгуулж, дэлхийн мэдээллийн салбарын тэргүүлэгчдийн нэг болтол нь хөгжүүлжээ. Одоо тус компанийн төв оффис нь АНУ-ын Калифорнид байрладаг.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд интернет дахь веб сайтад зочлогчдын дөрөвний нэг илүүтэй нь “Yahoo” хайлтын системийг ашигласан гэх мэдээлэл байна. 2010 оны байдлаар гэхэд тус компанийн цэвэр ашиг 1,6 тэрбум ам.доллар болж байжээ. 2008 оны хоёрдугаар сард  алдарт Microsoft компани Yahoo-г 44,6 тэрбум ам. доллараар худалдан авахыг санал болгож байсан удаатай.

Зах зээлийн үнэлгээгээр ийм өндөр үнэ хүрч байсан,  хэдэн мянгаар тоологдох ажилтнуудтай мэдээллийн технологийн акул компанийг удирдана гэдэг эмэгтэй хүнд ахадсан ажил мэтээр төсөөлөгдөж байж мэднэ.  “Yahoo”-гийн шинэ гүйцэтгэх захирлыг Марисса Маиер гэдэг. Манай гаригийн мэдээллийн технологийн салбарт амжилттай яваа цөөхөн бүсгүйчүүлийн нэг.

Тэрбээр урьд нь 1999 онд хайлтын хамгийн том систем  болох “Google” компанид 20 дахь ажилтан, анхны эмэгтэй инженерээр ажилд орж,  төд удалгүй бас тус компанийн анхны эмэгтэй захирал болж байсан гээд бодохоор цар хүрээ нь аяндаа анзаарагдаж байгаа байх.  Марисса энд ажиллаж байхдаа “Google Search”, “Gmail”, “Google News”, “Google Images” зэрэг  хэрэглэгчдийн байнга үйлчлүүлдэг системүүдийг санаачилж, хэрэгжүүлсэн  топ инженер гэсэн тодотголтой.

Тэр “Google” компанийг үндэслэгч Ларри Пэйж, Сергей Брин нартай хамт Стэнфордын их сургуульд нэг ангид суралцаж байсан андууд юм байна.  Ларри Пэйж AFP-д өгсөн ярицлагадаа “Марисса манай компанийг шилдэг болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Түүний чадвар, хичээл зүтгэлийн ачаар “Google” дэлхийн хэмжээний компани болж чадсан. Хайлтын болон байрлал тогтоох системийн хөгжилд Мариссагийн мэдлэг чадвар үнэлж баршгүй тус болсон” хэмээн дурджээ. Марисса Маиер ийнхүү “Yahoo”-д “урвасан” нь “Google”-ийн хувьд хүнд цохилт болж байж мэдэх юм. Тэрбээр Стэнфордын их сургуулийг компьютерийн мэргэжлээр онц дүнтэй төгсөж дараа нь 2010 онд тэнд докторын зэрэг хамгаалжээ. Эл бүсгүйг заримдаа хэвлэл мэдээллийнхэн “Googirl” хэмээн нэрлэсэн нь ч бий. Тэрбээр “Yahoo”-г удирдах болсноо нэр төрийн хэрэг хэмээн үзэж сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шинэ томилгооныхоо хугацаанд техникийн томоохон дэвшил, сонгодог шийдлүүдийг хэрэг-жүүлэхээр  төлөвлөж байгаагаа дурджээ.  Тэрбээр  “Fortune” сэтгүүлээс гаргадаг АНУ-ын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад 33 настайдаа бичигдсэн нь хамгийн залууд тооцогддог аж.

Марисса Майэр 2009 онд Зач Боги хэмээх залуутай гэрлэж, өнгөрсөн оны аравдугаар сард хүүтэй болсон гэх хувийн амьдралынх нь мэдээлэл байна.

П.БУЛГАН

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих