Ямар ч баяр тэмдэглэчихэв дээ энэ чинь?

Гуравдугаар сарын нэгэн бол ямар ч байсан нэг баярын л өдөр юм. Эх орончдын өдөр үү (тэгвэл бүх нийтийн л баярын өдөр болж таарна биз дээ) аль эсвэл нэг намын баярын өдөр үү гэдгийг ялгаж салгаж ойлгохгүй л байна. Намын гишүүд нь толгой дараалан эх орончид байж болох л байх л даа. Харин эх орончид бүгдээрээ нэг намын гишүүн гэж болохгүй л баймаар юм.

Намын бодлого гэж айхтар юмаа. Хүн болгон эх оронч, тэд мэдээж бүгд л баяраа тэмдэглэж таараа, тэгэхлээр манай намын баярыг бүх нийтээрээ тэмдэглэчихнэ, харин манайхан чинь баяр тэмдэглэхээрээ л архи уудаг улс, харин яаж архи уулгахгүй байх вэ гэж толгойгоо гашилгацгаасан бололтой. Гарцыг их амархан олсон байх шив. Ерөөсөө сар бүрийн эхний өдөр согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гээд л тогтоочиход эх орончдын өдөр архигүй баярын өдөр болоод л хувирчихаж байна шүү. Ёстой нүдийг нь олсон арга хэмжээ байна даа.
Зургаадугаар сарын нэгэн бол яахав угаасаа хүүхдийн баяр. Хүүхэдтэйгээ баярлаж буй эхчүүд ч, хүүхэд эмэгтэйчүүдээ баярлуулах гэж бөндөгнөж яваа эрчүүд ч юу боллоо гээд л архидаад байх вэ дээ. Яалаа гэж л дандаа 76 ямаагаараа дуудуулах шийдвэр гаргаад, төсвийн тэрбумтангууд, идээчин уугаачингуудаараа дуудуулах хэрэг хийгээд байх вэ дээ, бас ч хэрэгтэй чухал шийдвэрүүд гаргаж л байгаа хөөрхийс. Олон хүн сайнтай муутай л байдаг хойно улсын хөрөнгө ууж идэн биеэ засаад гэрээ засаад авах гэсэн нь байдаг л биз, гэхдээ бас төрөө засах гэж улс орныхоо төлөө чөмгөө дундлан суугаа өчнөөн олон эх орончид байж л таараа.
Улс орноо хөгжүүлэх бодлогоо “баруун” эсвэл “зүүн” үзэл бодол дээр суурилах уу гэдэг дээрээ л талцаад өөр өөр чиг баримжаатай намууд бий болсон болохоос ямар “эх орончдын” ба “эх оронч бишүүдийн” нам гэж хуваагдсан биш дээ. Бүгдээрээ эх орончдын өдрөө тэмдэглэнгээ бас нэг намынхаа өдрийг давхар тэмдэглэхэд болохгүй нь ч юу байхав. Ямар дайснууд биш дээ энэ чинь. “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үүднээс л ингэж шийдэцгээсэн байх шүү. Ингэж баяраа тэмдэглэх нь бас л нэг “монголын онцлог” юм болов уу гэтэл бас бидэн шиг ингэж мунгинадаг улс байдаг л юм байна.
Ариун гэгээнтэн Дэвидийн (Saint David’s Day) өдрийг энэ өдөр зөвхөн Уэльсчуудаар зогсохгүй өвөг дээдэс нь эндээс гаралтай иргэд амьдардаг улс орнуудад хүртэл тэмдэглэж тухайлбал Нью-Йоркийн тэнгэр баганадсан Эмпайр Стейт Билдинг барилга ногоон-улаан-цагаан өнгийн гэрлээр гоёдог гэж байгаа. 640 онд валлийчууд Уэльсийн ван Кадвалладерийн удирдлагаар саксчуудын (Германы нэгэн аймаг) эсрэг тулалдан ялжээ.
Дэвид гэгч эр энэ тулалдаанд орохдоо дайснуудаасаа ялгарахын тулд Валлийчууд малгайндаа гогод хадахыг санал болгосон гэдэг ба ийнхүү гогод бол Уэльсчүүдийн билэг тэмдэг болон хувирсан байна. Хожим 1120 онд Ромын сүмээс Дэвидийг тус бүс нутагт шашин дэлгэрүүлсэн анхны ламаар тодруулж, 16-р зуунаас энэ өдрийг шашны баяр болгон “үзэл сурталжуулан” тэмдэглэх болжээ. Харин 18-р зуунаас Уэльсийн үндэсний баярын өдөр тэмдэглэхээр шийдвэрлэж “эх орончдын” өдөр болгосон байна. Одоо бол харин Эх орончдын өдрөө тэмдэглэж буй нь ч эсвэл шашны баяраараа мөргөж буй шүтлэгтэн нь ч ялгаагүй бүх Валлийчууд энэ өдөр захандаа гогод хадан, гэртээ гогодын шөл Cawl Cennin ууцгаан, Уэльсийн нийслэл Кардиффт тусгай баярын арга хэмжээг зохиодог ажээ.
Юуны баяр тэмдэглэж буйгаа ч сайн мэдэхгүй манийгаа манаргаж явахад энэ өдөр дэлхий даяар мөн л нилээд олон тэмдэглэлт өдрүүд болдог юм байна.
1992 оны энэ өдөр Боснии Герцеговинед бүх нийтийн санал асуулга явагдаж тусгаар тогтнолоо зарлахаар болжээ. Гэвч Боснийн сербүүд эсэргүүцсэнээр иргэний дайндаа хүрч 1995 онд эвлэрлийн гэрээ байгуултлаа байлдацгаажээ. Одоо ч маргаан тасраагүй Боснии Герцеговинед тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэх гээд л Серби нь эсэргүүцээд л гэхдээ энэ нь манайд байгаа шиг ойлгомжгүй биш юм л даа. Нэг хэсэг нь тусгаар тогтнолоо олж авах гээд нөгөө хэсэг нь улс орноо бүрэн бүтэн байлгах гэж салан тусгаарлагчидтай тэмцээд өөр өөрсөндөө л зөв л дөө.
Өмнөд Солонгост энэ өдрийг тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр бол мөн олон улсын иргэний хамгаалалтын өдөр.
АНУ-д өнгөт арьстан бүсгүйчүүдийн өдрийг тэмдэглэдэг.
Харин Исландчууд энэ өдрийг Bjуrdagurinn буюу пивоны баяр тэмдэглэдэг. 1989 онд пивоны градусыг тодорхойлсон хууль гарснаар энэ улсад 75 жил хүчин төгөлдөр байсан “хуурай хууль” хүчингүй болж байжээ.
1555 оны энэ өдөр Нострадамус хэмээн алдаршсан Мишель де Нотрдам “Мишель Нострадамусын зөн билгүүд” номоо анх удаа хэвлүүлжээ.
1564 года догшин Иван хааны зарлигаар «Апостол» ном хэвлэгдэн гарсан нь хэвлэгдсэн огноо нь тодорхой Оросын анхны ном юм.
1954 оны энэ өдөр АНУ Бикини арлууд дээр ус төрөгчийн бөмбөг туршсан ба тэсрэлийн хүч нь Хиросиму, Нагасакид хаясан бөмбөгнөөс мянга дахин хүчтэй байлаа.
За тэгээд л анхны бичгийн машин зохиогдсон өдөр, тэр гуайн төрсөн өдөр гээд л үргэлжлүүлээд байвал дуусахгүй биз дээ.

URL:

Сэтгэгдэл бичих