МАН-ын дараагийн дарга хэн бэ

Удахгүй МАН-ын Бага хурал хуралдана. Хурлаар УИХ болон НИТХ-ын сонгуульд амжилтгүй оролц­сон асуудлыг хэ­лэлцэхээс гадна намын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхтэй холбогдон ор гарсан суудлын төлөөх тулаан эхэлнэ. Гэхдээ тулаан аль хэ­дийнэ эхэлчихжээ. Яг л АН-ынхан Засгийн газрынхаа бялууг нам доторх бүлэглэл фракцдаа эн тэнцүүхэн хуваах вэ гэж толгойгоо гашилгаж суугаагаас өөрц­гүй үйл явдал, аман хэ­лэлцээр тус намд хийгдээд эхэлчихжээ.
Тэр ч утгаараа МАН-ын даргын суудалд ирэх дөрвөн жил хүчтэй сөрөг хүчин байлгах, 2016 оны сонгуульд амжилттай оролцох, намын нэр хүндийг аврахаар хэд хэдэн “баг” гарааны зурхайд ирчихсэн онцгой байдал зарлачихаад Бага хурлаа тэсэн ядан хүлээж сууна.

Мэдээж МАН-ын дарга хэн болох вэ гэдэг таамаг сонгуульд ялагдчихаад тахимаа өгөөгүй байхад нь нисээд эхэлсэн. Таамгуудаас МАН-ын дараагийн лидер хэн байх бол гэсэн сонирхол ч нийгэмд хүчтэй яригдах боллоо. Дээрх хувилбараас үзэхэд М.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ц.Нямдорж, эв эеийг олохдоо арай дөнгүүр одоогийн дарга С.Батболд, У.Хүрэлсүх нарын нэрс хөвөрнө. Мэдээж С.Батболд, У.Хүрэлсүх нарыг дэвшүүлнэ гэдэг нь үнэмшил багатай хувилбар ч танхимаас хүчтэй яригдах болов уу гэдэг таамаг бий.

Харин ор гарсан Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, ГХ-ны сайд Г.Занданшатар, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Э.Мөнх-Очир нарын нэрс яригдаж байна. Боломжийн хувилбар нь Т.Бадамжунай, эсвэл Г.Занданшатар нарын нэр дээр тогтож ярих болов уу.

Юутай ч намын дарга хэн болохоос үл шалтгаалж Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Бадамжунай, Г.Зан­­даншатар нараас өөр хувилбар яригдахгүй гэсэн.

Гэхдээ тэднийг МАН-ын ахмад гишүүд хүлээн авах нь юу л бол гэдэг болгоомжлол байгаа. Товчхондоо У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нарын хувьд 14 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт ороо­цолдоод гарсныг намынхан нь мартаагүй.

Г.Занданшатар Баян­хонгорт өвдөг шороодсон бол У.Хүрэлсүх нь Сонгуулийн хуулийн ивээлээр УИХ-д суух боллоо. Одоо Т.Бадамжунай ажлаа өгч, хотын фракцаа түшиглээд мөнгөгүй хэдэн гишүүнийг зад панаалдаж, намын дарга болох замыг сонгох нь үнэнд дөхөж очих болов уу.

Ямартай ч нийслэлийн фракцынхан наадмын өд­рүүдэд зүгээр суугаагүй гэнэ. МАН-ын даргын суудлаас С.Батболдыг ховхолж, Т.Бадамжунайгаа генсек болгоно. Генсек гэдэг намын гол судсыг атгагч. Ингээд УИХ дахь намаа М.Энхболд ахалж, Т.Бадамжунай нь намаа толгойлно.

Товчхондоо хотын фрак­цынхан намыг шинэч­лэх тухай асуудлыг ярина гэ­сэн агуулгатай мессеж чих дэлсэж эхэллээ. Гэхдээ хотын фракцынхан намыг шинэчлэх хүчтэй юм бол Улсын баатар Э.Бат-Үүлд яагаад бялба нүдүүлэв гэж бодохоор бас л үдийн будаа бололтой.

Нөгөө талаар “Арабууд байхад дэлхий амгалан байхгүй” гэдэг шиг авцаа өгцөөгөөрөө холбогдсон хотын фракц байхад МАН цэвэршихгүй гэж ярих юм билээ.

Т.Бадамжунайгийн хувьд 2008 оны сонгуулиар нийс­лэлд ерөнхий менежер хийж, намынхандаа яаж ялгавартай хандсаныг мартаагүй гомдогсод ч олон бий гэнэ лээ. Гэхдээ л хэрхэхийг тэр өдрийн л тэнгэр мэдэх хэрэг дээ.

Үүнээс гадна намын удирдлагыг өөрчлөхтэй хол­богдуулан орон тооны хоёр, орон тооны бус хоёр нарийн бичгийн дарга нар өөрчлөгдөнө.

Мөн хотын намын хорооны дарга одоогийн Засаг дарга Г.Мөнхбаярыг өөрчилж, У.Хүрэлсүхийн гэх тодотголтой залуусыг нийслэлд шахах бодлогыг намаас баримталж байна. Тэр ч үүднээс хотын намын хороог тэргүүлэх хүнийг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Б.Мөнх­баатар, СБД-ийн Засаг дарга Б.Баярмагнай, Б.Батзориг нарын хэн нэгнээр нийслэлийн намыг удирдуулах тухай ч шивэр авир хийцгээж эхэлсэн.

Ийнхүү С.Батболд, У.Хүрэлсүх хоёрыгоо зай­луулснаар тус нам хүчтэй сөрөг хүчин байж чадах уу гэдэг нь ч бас эргэлзээтэй. Намын нэр солигдсоноос болж ялагдвал хариуцлага хүлээнэ гэж хэлсэндээ бантсан одоогийн намын удирдлагуудад С.Баяр шиг залгамжлагчаа тодруулахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сонгуульд намаа амжилтгүй оролцуулсан гэдгээрээ нээн­тэглүүлж болзошгүй.

Эцсийн дүндээ МАН-ыy дараагийн шинэчлэгч нь хэн байх вэ гэдэг таамаг эргэлзээ нэг хэсэгтээ нийгмийн со­нирхлыг татаж байгаа. Тэгэхээр МАН шинэчлэгдэнэ гэвэл шүншиг болсон итгэл үнэмшил нь хаана орших вэ гэдэг асуулт бий болно.

Наад зах нь нийгэмд аль нь “ХУ” гаралтай нам юм бэ гэдгийг хүртэл хэлэхэд эргэлзээтэй болж, сонгогчид эргэлзсэнээ ч илчилж, эн тэнцүүхэн санал өглөө. “Ху” гаралтай хуучин гишүүд болохоор экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын буурин дээр үлдсэн гэж боддог. МАН-ынхан болохоор өөрсдийгөө гэдэг.

Мэдээж нам гэдэг гоё байшин биш. Сэтгэлдээ шүтдэг үзэл бодол итгэл үнэмшил гэдгийг монголчууд хэзээ ойлгохыг хэн ч таашгүй.

”Өдрийн сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих