Өвөлжилтийн бэлтгэл хангахыг үүрэг болголоо
Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын дүн, 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай найман заалт бүхий Засгийн газрын тогтоол гаргалаа.
Өнгөрсөн жил Засгийн газраас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар бэлтгэл сайтай байсан төдийгүй тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажилласны үр дүнд 1.2 сая хадлан, 46.8 мянган тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг улсын хэмжээнд 86.6 хувьтай ханган түүхэнд хамгийн их хадлан бэлтгэсэн он жил болж, мал сүргийг өвөл хаврын улиралд гарз багатай даван гарчээ. Энэ оны хагас жилийн байдлаар оны эхний нийт малын 0.8 хувь буюу 275,6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь олон жилийн дунджаас бага байгаагаас гадна оны эхний нийт хээлтэгчийн 89.8 хувь төллөж гарсан төлийн 99.0 хувь бойжин одоогийн байдлаар 14.4 сая төл үүний дотор 300.0-аад мянган ихэр төл хүлээн авч манай улсын мал сүрэг 50.3 сая толгойд хүрчээ.
Хаврын тариалалтын хувьд улсын хэмжээнд 372.3 мянган га-д тариалалт хийснээс 306.1 мянган га-д үр тариа, 16.1 мянган га-д төмс, 7.0 мянган га-д хүнсний ногоо, 10 мянган га-д малын тэжээлийн, 32.3 мянган га-д тосны ургамал, жимс жимсгэнэ 687.0 га-д тус тус тариалжээ.
Тиймээс дээрх нааштай үзүүлэлтүүдийг улам бататгахын зэрэгцээ анхаарвал зохих асуудлуудаас сургамж авахын чухлыг Засгийн газрын танхимын гишүүд хэллээ. Өнгөрсөн жил орон нутагт мах бэлтгэлийн ажилд дутуу анхаарснаас болж хаврын улиралд Улаанбаатар хот болон хүн ам олонтой томоохон хот суурин газруудад нөөцийн махны хомсдол үүсч, үнэ өсөх хандлага гарсан тул 2013 оны хаврын махны нөөцийг хангалттай түвшинд бэлтгэх зорилгоор аймаг, нийслэлийн хэмжээнд бэлтгэж нөөцлөх махны хэмжээг тогтоон өгөх, мөн дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хязгаарлахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүд даалгалаа.
Мөн түүнчлэн ургац хураалтын бэлтгэлийг хангах зорилгоор ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууныг тасалдалгүй хангах, хангамжийг хэвийн байлгах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,зуны цаг агаарын хэт халалт, ган, үер зэрэг байгалийн үзэгдлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, гамшигт үзэгдэл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нар болон Аймаг,нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
URL: