Экспортын хяналтаар 27 зөрчил илрүүлжээ
Замын-Үүд боомтоор энэ оны эхний хагас жилд 449 удаагийн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, эрүүл ахуй, халдвар судлалын 85 зөрчил, авто тээврийн хяналтын чиглэлээр 56 зөрчил илэрчээ.
Заримаас нь онцлон дурдвал импорт, экспортын гэрчилгээгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 3.2 тн үзэм, дөрвөн тн цагаан самар, 15 тн жан, 1.2 тн нарийн боовны гурил, тахианы мах 40 кг, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар хураан авч устгалд оруулсан байна.
Түүнчлэн импортын лицензгүй 150 мянган ширхэг эм эмнэлэгийн хэрэгсэлийг хураан авчээ. Мөн чанарын шаардлага хангахгүй хүүхдийн живх, хуурай сүү, шар буурцагны уураг, цагаан будаа З6.6 тонн, гурвалжин будаа 60 гаруй тонныг хураасан аж.
Харин 65 иргэний суудлын автомашинаар импортлосон долоон тн чихэр, хоёр тн хоол амтлагч, найман тн чавга зэргийг шинжилгээнд хамруулан, зориулалтын бус тээврийн хэрэгслээр дахин хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй байх талаар шаардлага өгч хилээр нэвтрүүлсэн байна.
Мөн экспортын хяналтаар нийт 27 удаагийн зөрчил илрүүлж таван аж ахуй нэгж, 25 иргэний 129 тонн, 63 ширхэг бараа бүтээгдэхүүнд зохих арга хэмжээ авч нийт 28 тээврийн хэрэгсэлд 2294 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Түүнчлэн 222 кг малын мах, 50 кг чулууг буцааж, 235 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Л.Хишиг
URL: