С.Нарангэрэл: Прокуророос гаргаж байгаа яллах дүгнэлтүүд ямар ч үндэслэлгүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал өчигдөр 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь гурав удаа хойшлоод байсан. Өчигдөр болсон шүүх хурал ч бас энэ жишгээр болж, өмгөөлөгч солигдсон гэх үндэслэлээр хойшлогдлоо. Н.Энхбаярын шинэ өмгөөлөгч МУИС-ийн хууль зүйн сургуулийн захирал С.Нарангэрэл энэ сарын 17 буюу шүүх хурал болохоос нэг өдрийн өмнө хэргээ хүлээн авсан байна. Тиймээс хавтаст хэрэгтэй сайтар танилцаж амжаагүй гэх үндэслэлээр шүүх хурлыг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт тавьсан. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг энэ сарын 31-нийг хүртэл хойшлуулав. Энэ нь ажлын 13 хоног бөгөөд хэрэгтэй танилцахад тийм ч хангалттай хугацаа биш гэдгийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл мэдэгдсэн. Гэхдээ С.Нарангэрэл өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, энэ хугацаанд багтаан бүхий л чадлаараа ажиллана гэдгээ хэлж байсан юм. Юутай ч МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо.

Өмгөөлөгч С.Нарангэрэл шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Шүүхээс тогтоосон хугацааг өмгөөлөгчийн хувьд тун учир дутагдалтай, хангалтгүй гэж үзэж байгаа. Гэхдээ нэгэнт шийдвэр гарсан учраас шүүх хурлыг энэ сарын 31-нд явуулах бүх нөхцөл, боломжоор хангахын төлөө ажиллана. Би энэ хугацаанд багтааж хавтаст хэрэгтэйгээ танилцана, нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулиудаа судална. Дээрээс нь шүүх хуралд бэлтгэж, аль аль гэрчүүдийг дуудах вэ, энэ анхнаасаа улс төрийн зорилготой, монголын нийгэмд айдас хүйдэс төрүүлсэн байдлаар гарч ирсэн учраас мөрдөн байцаалтын шатанд эрүү шүүлт хэрэглэж, хүнийг тамлан зовоосон эсэхийг тогтоож, шүүх бүрэлдэхүүнд танилцуулна. Үүнээс гадна би шүүх хурал эхлэхээс өмнө нэг хүсэлтийг албан ёсоор тавина гэж бодож байгаа. Энэ бол шүүх хурлыг нээлттэй явуулах боломж. Одоогийн Сүхбаатар дүүргийн шүүхийн танхим хэвлэлийнхэн багтах боломжгүй. Тиймээс шүүх хурлыг орон даяар шууд дамжуулах боломжийг нээж өгөхийг хүснэ” гэлээ. Ийнхүү товч мэдээлэл хийснийхээ дараа хуульч С.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Ингэж олон удаа хойшилж байгаа нь цаанаа ямар нэгэн зорилготой, тохироотой байна уу гэж хардах хүмүүс байна. Өмгөөлөгчийн хувьд энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Шүүх хурал хэд хэдэн удаа хойшиллоо. Гэхдээ та бидэнд бүгдэд нь байгаа хүний нэг эрх байгаа. Тэр бол шүүгдэх гэж байгаа хүн мэргэжлийн ур чадвар өндөртэй, дадлага туршлагатай өмгөөлөгчийг сонгон авч, өмгөөлүүлэх эрх. Тэгэхээр Н.Энхбаяр даргын хувьд энэ эрхээ эдэлж, хэд хэдэн өмгөөлөгчдийг сольсон нь шүүх хурал хойшлоход нөлөөлсөн. Шүүх хурал тэртээ тэргүй болдгоороо болно. Өнөөдөр хэн ч шүүх хурлыг болгохгүй болгож чадахгүй.

Хамгийн гол нь энэ хэрэг явдлыг бодитой, бүх талаас нь, бүрэн дүүрэн, шударга ёсны үүднээс шийдвэрлэх ёстой. Өнөөдөр би хуульч хүний хувьд авлигал, хээл хахуультай тэмцэх ёстой гэж үздэг. Гэхдээ энд улс төрийн ямар нэгэн хэлмэгдэл гаргаж болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Улстөржсөн хэрэг яадаг вэ гэхээр зохиолоо эхлээд биччихдэг.Тэгээд зохиолынхоо дагуу бүх зүйл найруулагдаад явдаг. Би өмгөөлөгч хүний хувьд энэ хэрэг үнэхээр улстөржсөн тавилттай жүжиг байна уу, эсвэл үнэхээр бүх зүйл хуулийн дагуу явж байгаа юу гэдгийг олж тогтооно.

-Өмгөөлөгчийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах үндэс байхгүй гэж байсан шүү дээ. Цагдаа нарт холбогдох шүүх хурал дээр яг энэ байдал ажиглагдсан. Харин энэ удаад таны хүсэлтээр шүүх хурал хойшиллоо?
-Манай улсын дагаж, мөрдөж байгаа хууль, нэгдсэн орсон хүний эрхийн гэрээ, конвенцоор бол шүүгдэгч өөрөө өөрийгөө л өмгөөлье гэхгүй бол хэргийг өмгөөлөгчтэйгөөр шүүх ёстой. Хэрвээ өмгөөлөгчгүйгээр шүүх хэргийг хянан шийдвэрлэвэл нэгдүгээрт, шүүх өөрийгөө шударга биш гэдгийг харуулна. Хоёрдугаарт, хүний эрхийн маш ноцтой зөрчил. Энэ бол дотоодод төдийгүй гадаадад ч Монгол Улс ардчиллаас ухарсан юм байна гэдгийг харуулсан явдал болно. Харамсалтай нь цагдаагийн хурандаа нар ялангуяа Ч.Амарболд генералын хэрэг дээр шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр явуулсан. Энэ хэрэг явдал өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орчихоод байна шүү дээ.

-Та өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг улстөржсөн гэж харж байгаа юу?
-Тэгж байна. Яагаад гэвэл яллах дүгнэлтийг уншаад үзэхээр өнөөдөр Монгол Улсын Эрүүгийн хуулиар аливаа хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл прокуророос дүгнэж байгаа тэр таван үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн огт алга байна.

-Тэгэхээр одоо яригдаж байгаа яллах дүгнэлтүүд таныхаар бол огт үндэслэлгүй гэж үү?
-Үндэслэлгүй байна.

Л.Дэлгэр

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих