Гадаадын орнуудын анхааралд байгаа Н.Энхбаярын шүүх хурлыг нээлттэй хийж магадгүй
Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярд холбогдуулсан хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Шүүх хурал хойшилсон шалтгааны талаар МАХН-ын ОНХАлбаны дарга Ч.Чимидсүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл нар хэвлэлийн хурал хийлээ.
Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольж байгаа учир энэ удаагийн шүүх хурал энэ сарын 31-ныг хүртэл хойшилсон байна. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн дөрвөн сартай хүүгийн бие муудаж гадаадад очин хагалгаанд орох болсон тул Н.Энхбаяр ийнхүү өмгөөлөгчөө солих хүсэлт гарган шүүх хурал хойшилжээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлийг өмгөөлөгчөөр авсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр зарлала.
Энэ талаар С.Нарангэрэл “Н.Энхбаяр надад өмгөөлөгчөөр ажиллах саналыг удаа дараа тавьж байсан. Гэсэн хэдий ч би МУИС-д багшилдаг учир татгалзсан хариу өгдөг байсан. Энэ удаад би ээлжийн амралтаа авсан байгаа тул Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллахаар боллоо” хэмээн ярьсан юм.
Тэрбээр СБД-ийн шүүхэд шүүх хурлыг нэг сарын хугацаанд хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Учир нь Н.Энхбаярт холбогдуулаад байгаа хэргийн 49 хавтаст хэрэг байгаа бөгөөд мөн нотлох баримт хангалтгүй, гэрчийн мэдүүлгүүд эрүүдэн шүүсэн байдлаар авагдсан байж болох талтай тул хэрэгтэй танилцах нэг сарын хугацаа хүссэн байна. Гэсэн ч шүүх хурал энэ сарын 31-нд гэж товлогдсон бөгөөд хэдий богино хугацаа байгаа ч С.Нарангэрэл өмгөөлөгч хэрэгтэй өдөр шөнөгүй танилцаж амжуулна хэмээн ярилаа.
Хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүлчид монголын төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа энэ хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэсэн асуултыг байнга тавьж байсан. Энэ асуултад өмгөөлөгч С.Нарангэрэл “Хүний эрхийн дагуу иргэн Н.Энхбаяр өөрт холбогдсон хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд дадлага туршлагатай сайн өмгөөлөгч авах нь зүйн хэрэг.
Энэ хэрэгт улстөржсөн, нотлох баримт нь эргэлзээтэй гээд олон асуудал байгаа. Би урьд нь улстөржсөн, иймэрхүү хэрэг дээр ажиллаж байсан туршлагатай. Тиймээс энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, дээр нь монголын шүүх хараат эсэх, хууль хяналтын байгууллагууд үнэнч ажилладаг эсэхийг харуулахыг зорьж байна” хэмээн ярьсан юм.
chuhal.mn
URL: