Н.Номтойбаяр дэмжигчидтэйгээ шоудав
Парламентын шинэхэн гишүүн Н.Номтойбаяр манай аймагт гэр барьж амьдрах нь холгүй хэдэн сар өнжсөнийг та бид мэднэ. Харин тэрээр сонгуулийн дүн гарч, ялсан нь тодорхой болмогц эргэн нийслэлээ бараадсан юм. Хаа ч цуг гэж мэдээрэй гээд байсан шинэхэн гишүүнээ наадмаар ирж, гэгээн дүрээ нэг харуулчих болов уу хэмээн санал өгч мордуулсан хэд нь их л хүлээсэн сурагтай. Гэхдээ хаана ч тал алддаггүй Номтой хүү үүнийг анзаарч, өнгөрсөн амралтын өдрүүдэд Энх зуслангийн ойролцоо паарий зохиожээ.
Түүний үдэшлэгт сонгуулийн ажилд нь шадарлаж тусалсан 500 гаруй хүмүүс оролцсон бөгөөд ёстой л хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууцгаасан юм байх. Ширээ болгон дээр очиж, хармаанаасаа хундага гарган сархад зооглож хүндэтгэл үзүүлсэн түүнийг архи даадаг сайн эр байна даа хэмээн үдэшлэгт оролцогчид нь их л бахархангуй ярилцсан аж. Түүнтэй хамт “Мотив” хамтлаг, дуучин Чинболор, Энхмэнд нар ирж ая дуугаа өргөжээ. Уг арга хэмжээ элдэв хэл ам, хэрүүл зодоонгүй зохион байгуулалт маш сайтай болсныг оролцогчид нь хэлж байлаа. Тэрээр энэхүү талархлын үдэшлэгээ хийгээд Дорнод аймгийн сумдаар тойрон аялахаар замд гарчээ.
Эх сурвалж: www.dnews.mn
URL: