Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл.

Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот төлөвлөлт , хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас хөгжих нь бүү хэл өөрийн ачааллаа даахаа больж байна. Яг л хуучирч муудсан барилга мэт.
Тэгвэл бид нийслэлээ Хархорум руу шилжүүлэхийн ач холбогдлыг авч үзье.
Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бодлого яригдаж, дэлхийн бүх шашин, сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.
Энэ шинэ зуунд хөгжингүй Монголын шинэ нийслэл Хархорумыг цогцлоох түүхэн боломж бүрдэж буй мэт.
-Хархорум хот дэлхийд танигдсан брэнд. Хүчирхэг Монголын нийслэл, нэгэн цагт дэлхийн харилцааны том төв байсан гэдгээр нь дэлхий нийт сонирхоно.
-Монгол орны газар нутгийн одоогийн байршлаас нь үзэхэд Монгол орны төв цэгийг Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг гэж үздэг. Энэ байршлаас тооцоолоход Хархорум хот Монгол улсын бүх хязгаараас төв цэгт байрлалтай байх боломжтой.
-Хархорумын одоогийн нутаг нь төдийлэн хавчигдмал бус, зөв цогцлоож, сайн төлөвлөвөөс хааш хаашаа тэлэх уудам талбайтай.
Хуучирч, ачааллаа даахаа больсон одоогийн нийслэл Улаанбаатар хотод асуудлаа шийдэх гэж их мөнгө зарцуулж, өнгөлөн далдлалт төдий өөрчлөлт хийснээс зоримог шийдвэр гарган Монгол улсын нийслэлийг Хархорум хотод шилжүүлбээс ирээдүй рүүгээ харсан зөв алхам болно. Ийм алхам хийх тухай нэгэн цагт АН-аас хөндөж, Ц.Элбэгдорж нар өөрийн амьдрах байрны шав тавьж байсан нь шоу биш байлтай.
Ийм алхмын нөлөөгөөр өнөөгийн Улаанбаатар хотын олон асуудлууд, түүнчлэн утаа, агаарын бохирдол аяндаа шийдэгдэж, Монголын хүн амын тархалт, дэд бүтцийн хөгжил зөв гольдрилдоо орох боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө мөнгө болон өөр олон бэрхшээл байж болох хэдий ч нэгэн цагт зоримог шийдвэр гарган улсын нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлэн, богино хугацаанд ухаалаг төвхнөж чадсан Казакстаны туршлага байж байгаа.
-Ойрын үед баригдахаар төлөвлөгдөж байгаа Монголын парламентийн ордон, олон улсын нисэх онгоцны буудал зэрэг томоохон байгууламжуудыг Улаанбаатар хотын хаана баривал зохимжтой талаар маргалдаж мэтгэлцэхийн оронд шууд Хархорум хотод барьж эхлэвээс их зөв шийдэл болох бизээ.
-Монгол улсын хүн ам Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд, Хархорум зэрэг томоохон хотуудад тархан суурьшиж, үүний дүнд бүсчилсэн хөгжлийн бодлого бодитой хэрэгжиж эхэлнэ.
-АНУ-аас үзүүлж буй Мянганы сорилын сангийн төсөл шиг ийм төслийн хүрээнд Улаанбаатар хотоос Хархорум хот хүртэл, түүнээс цаашлаад баруун чиглэлийн төмөр зам тавигдваас дэд бүтэц хөгжиж, Монгол орны хөгжил дэх нэгэн том асуудал хурдан хугацаанд шийдэгдэх болно.
- Хархорум нийслэлийг анхнаас нь ирээдүйн их хөгжлийг бодож, алсыг харсан ухаанаар бий болгох нь Монгол орны энэ зууны хөгжлийн бодит нэмэр болно. Ядахнаа л улсынхаа нийслэлийг үйлдвэржилтээс зайтай, жинхэнэ улстөр, соёл , шинжлэх ухааны төв болгон цогцлоох хэрэгтэй байна даа.
Бид өнөөдөр үүнийг хийхийг хүсэхгүй байвч маргааш үүнийг Монгол орны төлөө хийх цаг үе заавал ирнэ ээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.



Сэтгэгдэл бичих