Аав хүү хоёрын албан тушаалын “хувь заяа” үргэлжлэх нь

Н.Энхбаярын шүүх хурал энэ сарын 31-нийг хүртэл хойшлогдсоноор Н.Энхбаярын асуудал бараг шийдэгдчихлээ гэхэд болно. Учир нь түүний ирээдүй өнөөдрийн шүүхийн шийдвэрээс хамаарах байсан. Тодруулбал өнөөдөр шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас түүний бараг тохиролцоод байсан Шадар сайдын суудалд суух эсэх нь шийдэгдэх байсан. Харин шүүхийн хурал хойшлогдсоноор Н.Энхбаярын Шадар сайдын суудал бараг бэлэн болчихсон гэхэд нэг их хол зөрөхгүй боллоо.
МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл АН-тай өчигдрөөс эхлэн хэлэлцээр хийж эхэлсэн. Гэхдээ хэлэлцээрийн гол асуудал бол мөрийн хөтөлбөр биш байжээ. Засгийн газрын гишүүдийн хуваарилалт хийгээд Н.Энхбаярын асуудлыг хэрхэн хоёр тал шийдэх тухай яриа өрнөсөн гэнэ. Н.Энхбаярын хүмүүс Засгийн газарт Тэргүүн шадар сайдыг, дөрвөн яамны сайд, мөн тийм тооны дэд сайдыг Шударга ёс эвсэл авах саналыг тавьсан байна.

 

АН-ын хувьд энэ саналыг нь хүндэтгэн үзсэн ч зарим сайд болох хувь хүн, аль яамыг өгөх энэ дээрээ тохирч өгөөгүй ажээ. Эвслийн зүгээс Н.Энхбаярын хүүг дэд сайдын суудалд суулгах санал тавьсан байна. Түүнчлэн ХЗДХ-ийн яамыг эвслийнхэн авна хэмээн “тулгажээ”. Дээрх хоёр саналыг АН-ын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүйг хурлын үеэр мэдэгдсэн гэнэ.

 

Мөн Д.Тэрбишдагва Үндсэн хуулийн Цэц дээр байгаа Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын эвслийн гурван хүнтэй холбоотой асуудлыг аль болох хурдхан шийдэх ёстойг АН-ынханд уламжилсан байна. Цаагуураа Н.Энхбаярыг УИХ-д оруулахыг, хэргийг нь нааштайгаар шийдэхийг тулгасан гэнэ. Харин энэхүү хатуухан тулгалтад АН-аас томилогдсон гишүүд дорвитой хариу өгөөгүй ба Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг хэрхэн шийдэхийг мэдэхгүй гэдгээ хэлсэн аж. Өнөөдөр болох хамтарсан уулзалтаар Н.Энхбаярын талаарх асуудал болоод ХЗДХЯ, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын дэд сайдын асуудлыг ярилцах аж.

 
Засгийн газрын гол яамдуудыг АН өөрсдийн хүнээ тавих саналтай байгаа гэнэ. ХЗДХЯ, Сангийн яам, ЭБЭХЯ, ЗТБХХЯ-ыг толгойлох хүсэлтэй байгаа ч эвслийн зүгээс ХЗДХЯ-ыг авах санаагаа ийнхүү илэрхийлсэн байна. АН-ын зүгээс эвсэлд ХЗДХЯ-ны оронд Сангийн яамыг өгөх санал тавьж магадгүй байгаа аж. Тэргүүн шадар сайдаар Н.Энхбаяр юмуу Д.Тэрбишдагва, ХЗДХ-ийн сайдаар Л.Цог, түүнчлэн С.Удвал, О.Чулуунбатыг сайдын албанд, дэд сайдаар Д.Батцогт, Ш.Батшугар нарыг томилох саналтай байгаа гэнэ. Тэгэхээр аав хүү хоёрын албан тушаалын тэмцэл цааш үргэлжилэх нь.

 


URL:

Сэтгэгдэл бичих