Төрийн банкнаас мөнгөө авъя
Хуучин парламент яаруу сандруу баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр 270 хүнийг эхний ээлжинд орох оронтой болгохоор болжээ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлээр байртай болох мөрөөдөл нь биелсэнтэй зэрэгцээд иргэдийг хүнд суртал, дааж давшгүй өндөр шалгуур, орон сууцны үнийн өсөлт угтсан юм. Сандал ширээний хэрүүл Төрийн ордонд “ноцож” байхад МАНАН-ын сонгуулийн амлалт ээлжит будлианаа тариад буй нь энэ.
Энэ зээлд хамрагдсан компаниуд ч, иргэд ч аль аль нь бухимдал, тэвчээрээ бараад эхэлжээ. Хүсэлт гаргасан 1800 хүнээс дөнгөж 270-д нь энэ зээлийг олгохоор болсон нь үүнийг хэлээд өгнө. “Ургах наран” хороолол дахь барилгын гүйцэтгэгч “Рэндэрбау” компани л гэхэд зөвхөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн санхүүжилтээс болоод ажил нь зогсоод байна. “Бид энэ зээлийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хөөцөлдөж байна. Хөгжлийн банкнаас Төрийн банк руу санхүүжилтийг хийсэн гэдэг. Төрийн банкинд очоод санхүүжилтээ авах гэхээр бүтэж байгаа зүйл алга” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Х.Эрдэмбилэг хэлэв. Засгийн газрын хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрт хамрагдалгүй арилжааны банкны энгийн зээлээр байр авахаар гэрээ хийсэн иргэн А.Мягмар “Рэндэрбау” компанид байраа захиалжээ. Гэтэл байрных нь барилгын ажил зогсоод, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болсонд гомдолтой байгаа юм.
Харин Төрийн банкны Маркетинг хариуцсан ажилтан Г.Болорсүх “Манайд ямар ч тийм асуудал гараагүй. Нэг хэсэг барилгын салбарынхан уналтад ороход бусад банк санхүүжилт олгож чадахгүй тохиолдол гарсан. Харин манай банк ямар ч асуудалгүй санхүүжилтийг олгосоор ирсэн. Зургаан хувийн хүүтэй зээлийн хүрээнд одоогоор манай банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл олгоод байна” гэсэн хариулт өглөө. Ийнхүү оньсого таавар хөврүүлсэн зургаан хувийн хүүтэй зээл иргэд, барилгын компаниудад хор, хоолны аль нь болох нь улам л ойлгомжгүй, орооцолдсон таавар болж эхэллээ.
Төрийн банкнаас зургаан хувийн хүүтэй зээл авахын тулд иргэд барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх ёстой бол зээл авч байгаа компани нь байраа барьцаанд тавьж байж зээлийн шалгуурыг хангахаар болчихоод байгааг Х.Эрдэмбилэг онцоллоо. Уг нь бага дунд орлоготой, анх удаагаа орон сууц худалдан авч буй иргэдэд зориулсан хөтөлбөр гэдгийг Ерөнхий сайд сонгуулиас өмнө цээжилтэл зарласан. Гэтэл бодит байдал дээр “Барьцаа хөрөнгө нь зээлийн санхүүжилтээр худалдан авсан орон сууц байна. Худалдан авч буй орон сууц нь ашиглалтад ороогүй тохиолдолд тухайн худалдан авах гэж буй орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд түр барьцаа хөрөнгө шаардах бөгөөд энэ нь зөвхөн орон сууц байна” хэмээн Төрийн банкны “100 мянган айлын орон сууц”-ны шалгуур хэсэгт дурдсан байв. Тэгэхээр ашиглалтад орохоор хүлээгдэж буй байранд захиалга өгчихөөд байгаа долоон буудлын Долгор эмээ хүртэл ямар нэг орон сууц барьцаалж байж Төрийн банктай тохиролцож чадахаар тийм л хачин урвуу сонголт бий болжээ.
“Рэндэрбау” компанийн хувьд 96 айлын орон сууц барьж байгаа бөгөөд үүнээс 19 нь зургаан хувийн хүүтэй зээлийнх. “Тэгэхээр бид байраа борлуулахын тулд бүхэл бүтэн барилгаа тэр чигээр нь барьцаалах болоод байна. Гэтэл бидний ба¬рилга өөр банкны барьцаанд байгаа, тэр зээлээрээ барилгын ажил явж байгаа. Өөрөөр хэлбэл, шууд гацаа үүсгэчихлээ” гэж Х.Эрдэмбилэг хэлсэн. Зорилгоосоо тэс ондоо зүгт “хадуураад” байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр эн¬гийн арилжааны банкуудын шалгуураас ч хэд дахин өндөр босго тогтоосон нь энэ хэмээн олон хүн бухимдаж байна. Арилжааны банкуудын шалгуурт тухайн иргэний худалдан авах гэж буй орон сууцыг барьцаа болгон авдаг жишигтэй. Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнө хуумгай баталсан орон сууцжуулах хөтөлбөр ийнхүү гацаа үүсгэж байхад сонгогдсон гишүүд барилгын компани, байртай болно гэж хөөрсөн иргэдийн дунд бий болоод байгаа энэхүү тодорхойгүй мананг харсан ч хараагүй мэт өнгөрч байна. Ганц компанийн хувьд асуудал ийм байна. Аман дээрээ болж бүтээд байгаа төрхтэй энэ хөтөлбөрийн цаад уршиг юунд хүргэх бол.
Сонгуулийн хуулийг шинэчилж, чанга хатуу заалт багтаасан хэмээн УИХ-ын гишүүд сайрх-даг. Тэгвэл ийм будлиан¬тай, ойлгомжгүй амлалт өгчихөөд тэр нь эхнээсээ уршиг тарьж байгаагийн хариуцлагыг хүлээх нь амлалт өгөгсдийн үндсэн ажил биш үү.
Ж.ЦОГЗОЛМАА Зууны мэдээ сонин
URL: