Эвслийн Засгийн газарт хэн хэн орох бол?

АН эхлээд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах эсэх хэлэлцээр хийхээр санал тавьсан. УИХ-д 11 суудалтай “Шударга ёс” эвслийн хувьд ч тэдний хүсэлтийг хүлээж авснаа зарлаад байна. АН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга ахалж байгаа бол, Шударга ёс эвслийн багийг УИХ-ын гишүүн Ч.Улаан толгойлж яваа.

Гэвч тэдний хооронд чухам ямар яриа хэлэлцээ болж байгаа нь албан ёсоор тодорхой болоогүй. Эх сурвалжаас авсан албан бус мэдээллээс үзвэл МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл дөрвөн яамыг авч, дээрээс нь тэргүүн Шадар сайдын суудалд горилж байгаа дуулдана. Албан ёсны хэлэлцээр эхлэхээс өмнө Шударга ёс эвслийн зарим удирдлага УИХ-ын даргын суудлыг АН-аас нэхээд буруудахаа шахсан тал бий. Тиймээс энэ удаад тэд бодолтой хөдөлж, болгоомжтой дуугарахгүй бол Засгийн газарт орох боломжоо МАН-д алдаж магадгүй хэмээн хаширлах болсон сурагтай. Гэсэн ч тэд Засгийн газрын Тэргүүн шадар сайдын суудлыг авах зорилго өвөртөлж байгаа нь нууц биш. Мөн УИХ-ын хоёр дэд даргын нэгийнх нь суудлыг эзэгнэх сонирхол их байгаа гэнэ. Энэ хоёр суудлын аль нэгд нь МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг аваачих хүсэлтэй байгаа бололтой. Мөн парламентын гадна орхигдсон МҮАН-ын дарга М.Энхсайханыг Засгийн газрын танхимд оруулах сонирхол Шударга ёс эвсэлд бий. Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр хувааж Дотоод хэргийн сайдаар нь угийн хуульч мэргэжилтэй, өмнө нь энэ салбарт сайд хийж явсан гэдэг утгаар нь УИХ-ын гишүүн Л.Цогийг зүтгүүлэх санаатай байгаа гэнэ. Өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж явсан туршлагатай Н.Удвалыгаа ч энэ салбарт аваачих бодол тээж яваа бололтой. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний яамыг нь авах хүсэл “Шударга ёс” эвсэлд бий. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугарыг аль нэг сайдын суудалд томилох сонирхол байгаа гэсэн. Гэвч үүнийг нь эвслийн зарим удирдлагууд үгүйсгэж байгаа гэнэ. Харин Ардчилсан намын хувьд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг салгана гэдгээ мэдэгдчихээд байгаа. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамыг хоёр салгах төлөвтэй. АН-ын фракциуд дотроо тохиролцож намдаа ирэх сайдын суудлыг хувааж авах нь ойлгомжтой. Одоогийн байдлаар МоАХ нэлээд хэдэн сайдын суудал авах бололтой. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд асан А.Гансүхийг тус яамны тэргүүнээр тавьж магадгүй гэнэ. УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар гэгддэг түүний хувьд энэ салбараа шаггүй мэддэг нэгэн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн сайд болж магадгүй. Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл очих магадлалтайд тооцогдож байгаа сурагтай. Өмнөх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажилласан УИХ-ын гишүүн Лу.Болд Гадаад харилцааны сайдад зүтгэж болзошгүй гэнэ.

УИХ-ын даргад нэр дэвшээд байгаа З.Энхболд гишүүнээр ахлуулдаг “Шонхор” фракцид УИХ-ын дэд даргын суудал хуваарилж магадгүй. Түүнийг С.Эрдэнэ гишүүн авах магадлал өндөр гэсэн яриа байна. УИХ-ын Тамгын газрын даргын албан тушаал ч энэ фракцид очиж магадгүй гэнэ. Одоогийн байдлаар Ерөнхий сайдын суудлыг авчихаад байгаа Алтан гадасынхны хувьд Ч.Сайханбилэг гишүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаараа тавьж, Шадар сайдын суудлаа авах бодолтой яваа бололтой. “Нэг ардчилал”-аас Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайдаар очиж, Л.Гантөмөр гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болж магадгүй. МҮДН фракцийн дарга Ц.Баярсайхан гишүүний хувьд Нийгмийн хамгааллын салбарыг толгойлох бол, Байгаль орчны яамыг “Шонхор” фракцийн Г.Баярсайхан гишүүнд хариуцуулж мэдэхээр байгаа гэнэ. Н.Батбаяр гишүүнд Сангийн сайдын суудалд очих сонирхол их байгаа. МҮДН фракцийг төлөөлүүлж түүнд энэ суудлыг өгч магадгүй гэсэн яриа байгаа юм. Гэвч намууд хэлэлцээ хийсний дараа ямар шийд гарах нь тодорхой болно. Ямартай ч АН, Шударга ёс эвслээс гарсан ажлын хэсгүүд өнөөдөр хэлэлцээрийн гэрээний төсөл, мөрийн хөтөлбөрүүдээ солилцох юм байна. Дараа нь бялуу хуваах ажил эхлэх шинжтэй.

М.ЦЭЦЭГ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих