Гаалийн Д.Цэвээнжавын хүмүүс самрын хэрэгт дахин холбогджээ
Монгол зон олон маань Их Монгол Улсаа байгуулсны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяраа нар, хур тэгширсэн сайхан өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Наадамчин олныг баярлаж байх зуур Гаалийн Д.Цэвээнжавын “хүмүүс” дахиад л хэрэг тарилаа. Тодруулбал, тэд хууль бус наймаачидтай хамтран, гаалийн хуурамч бүрдүүлэлт хийж, хилээр самар гаргах гэж байгаад Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагчдад газар дээрээ баригдсан байна. “Чоно борооноор” гэгчээр, ичих нүүргүй, цадигаа алдсан гаалийнхны ээлжит хэрэг ч дахиад л шуугиан тарих нь.
Энэ удаад хэрэг бүр ч ноцтой байсан бололтой. Өөрөөр хэлбэл, Гаалийн улсын байцаагч Д.Гансүх гэгч уг хэрэгт орооцолджээ. Орооцолдох, орооцолдохдоо улсын серийн дугаартай лац, тамгыг самрын наймаачдад өгч, хуурамч баримт бүрдүүлэхэд нь “гүн туслалцаа” үзүүлсэн байх юм.
Өнгөрсөн 13-нд, наадамчдын уухайн дуу тасраагүй байхад гарсан энэ хэргийг цагдаагийнхан илрүүлээгүй бол дөрвөн вагон буюу 100 гаруй тонн самар урд хөрш рүү хууль бусаар гарч, эх орны маань үнэт баялаг харийнхны халаасанд үнэ төлбөргүй орох байжээ. Гарсан хэргийг тодруулбал, Э.Ганхуяг гэгч этгээд БНХАУ руу хаягдал цаас гаргах гэсэн нэрээр МТЗ-ын Ачаа тээшний газар вагоны захиалга өгсөн байна.
Улмаар захиалж авсан дөрвөн вагондоо хаягдал цаас биш самар ачиж, Д.Гансүхийн тамга, лацыг ашиглан хилээр хяналтгүй гаргахыг завдсан аж.
Вагонд самар ачиж байхыг тэр хавиар явж байсан хүн харж, эргүүлийнхэнд мэдэгдсэнээр энэ хэргийг таслан зогсоож чаджээ.
Цагдаа нар вагоныг шалгах гэхэд “Энд хаягдал цаас байгаа” гэсэн байна. Тэрбээр хийсэн хэргээ үнэмшилтэйгээр далдлахын тулд ачааны өнгөн хэсэгт арваад шуудай цаас ачсан байсан аж.
Энэ хэргийн талаар Төмөр замын Цагдаагийн хэлтсээс тодруулахад “Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Харин Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Б.Цэрэнбалтав ресепшнээрээ дамжуулж “Энэ асуудлыг би мэдэхгүй” гэсэн юм. Хариуцсан газрынх нь дарга мэдэхгүй байна гэдэг хачирхалтай. Дарга нар нь ажил хэрэг юу болж байгааг мэдэхгүйг далимдуулан доод тушаалтнууд нь яаж ч аашилсан болдог бололтой. Уг нь гаалийн байцаагчид өөрийн серийн дугаартай лац тэмдгээ бусдад өгч ашиглуулах нь бүү хэл алга болгосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсдэг.
Ер нь гаалийнхантай холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд гаарч, байцаагчид нь дамын наймаачидтай сүлбэлдэж байгаа тухай байсхийгээд л шуугидаг боллоо. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Дархан-Уул аймгийн Гаалийн улсын байцаагч Ч.Отгон, Л.Амгалан нар БНСУ-аас автомашин оруулж ирдэг Г.Түвшинбаяр гэх залуугаас их хэмжээний авлига авсан нь илэрч, өдгөөг хүртэл Цагдаагийн газарт эрүү үүсгэгдэн, шалгагдаж байгаа. Гэхдээ эдгээр авлига авсан байцаагчийн хэрэг ямар шатандаа явж байгаа нь бүрхэг.
Мөн олны дунд “27 вагон самрын явдал” гэх нэрээр алдаршсан хэргийг дурдаж болно. Тухайн үед 27 вагон дүүрэн самрыг жонш хэмээн тодорхойлж, баримт бүрдүүлэн, өнгөрсөн хоёрдугаар сард Замын-Үүд боомтоор гаргасан. Гэвч хэрэгтэн болоод буй Х.Амартүвшин байцаалтын явцад оргон зайлж, орон даяар эрэн сурвалжлагдаж байгаад таг болсон. 27 вагон самрын хэрэгт холбогдож байгаад сураг нь алдарсан Х.Амартүвшингийн хэрэгт 20 орчим хүнийг сэжигтнээр татсан. Мөн мэргэжлийн хяналтынхан, гаалийн ажилтнууд, хил хамгаалах газрынхан, цагдаагийнхан гээд олон хүмүүс хамрагдсан. Харин уг хэрэгт холбогдсон гаалийн байцаагчид хэргээ хүлээхгүй, хэдэн бие рүүгээ чихэж, нүдний булай болцгоосон. Тэд 27 вагон самрыг жонш байхыг нүдээрээ харсан хэмээн мэдүүлж, зууны онигооны эзэд болсон гэхэд болно. Самар, жонш хоёрыг ялгахгүй хүмүүс гаалийн байцаагч хийж таарах уу.
Гаалийнхан өөрсдийгөө хаацайлахын тулд “Бид лацтай вагоныг шалгах эрх байдаггүй. Зөвхөн бичиг баримтыг нь хараад, ачаатай вагоныг гаднаас нь шалгах эрхтэй” гэсэн хүн үнэмшмээргүй зүйл яриад зогсож байсан юм. Х.Амартүвшинд хуурамч бүрдүүлэлт хийхэд гардаж тусалсан хүн нь бас л гаалийн улсын байцаагч “цолтой” Н.Лхагвадорж гэгч байсан. Энэ хэргийг одоо яаж шийдсэнийг хэн ч мэдэхгүй. Тэр үед ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав “Би энэ хэргийг илрүүлсэн шүү дээ” гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байсан удаатай. Уг нь цагдаа нар энэ хэргийг илрүүлсэн юм. Гаалийн байцаагчид 27 вагон самрыг “жонш” хэмээн гаалийн гүнийн бүрдүүлэлт хийснээрээ 90 сая долларын ашиг унагаасан гэдэг.
Энэ мэт эзэн холбогдогчтой хэргүүд ээлж дараалан гарч байхад хуулийнхан юуны учир замхруулдаг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Муу хэлүүлж байдаг цагдаа нар илрүүлж, эрх мэдэлтэй албан тушаалтнууд энэ том хэргийн цаана байгаа нөлөө бүхий эрхмүүдтэй хуйвалдаж, хэргийг хав дардаг нь даанч харамсалтай.
Уг нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хуш модны самар хилээр гаргахыг хориглосон байдаг. Гэтэл одоо бүр ил цагаандаа гарч, бусдад дамжуулж болохгүй лац тэмдгийг ашигласан нь самрын бизнес хэр их ашигтай байгаагийн тод жишээ болов уу. Иймэрхүү том хэрэгт Гаалийн газрын нөлөө бүхий эрхмүүд болон албан тушаалтнууд оролцдог нь өдгөө ил болжээ.
Тэгэхээр Д.Цэвээнжав даргыг гаалийн байцаагч нартайгаа нийлж, далд аргаар их хэмжээний ашиг олдог юм болов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Энэ мэтээр хууль бус хулгайн хэрэгт гаалийн “хулгайч” байцаагч нар хэзээ болтол хутгалдах бол, Д.Цэвээнжав дарга аа. Улсад татан төвлөрүүлэх ёстой мөнгийг байцаагч нартайгаа нийлж хулгайн замаар хувьдаа завшиж байгаа нь төрийн албан тушаалтны хийдэг ажил мөн гэж хэлэх үү. Засаг төр ч өөрчлөгдлөө. Гаалийн байцаагч нэртэй хулгайч нарт олигтойхон хариуцлага тооцох цаг ирэх болов уу.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: