Увсаа хаячихаад Улаанбаатарт цугларсан нутгархаг үзэлтнүүд

Увсынхан  улсын  наад­мын түрүүг гурван жил авснаа төр, түмэнд хүндэт­гэлгүй хандаж болно гэж ойлгосон бололтой.

Төрийн их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нэг секторын тасалбарыг увсынхан худалдан авч, бөөнөөрөө суун үзжээ. Мэ­дээж нэг секторт багтахгүй болохоор бусад хэсгүүдэд ч ах, дүү, найз, нөхдөөрөө хамт сууцгаасан.

Тэд үзүүр, түрүүний бөх барилдаж байх үеэс “Увс нуур” дууг  хоолой     нийлүүлэн дуулж хаш­ги­ралдан, олны дургүйцлийг хүргэж эхлэв. Уг нь Төв цэнгэлдэхэд бол­сон төрийн наадамд нутаг, нутгийн бөхчүүд зо­доглосон.

Бөхийн барилдааныг  үзэж сонирхохоор Монгол түмэн байтугай гадны жуулчид ч ирсэн байсан.

Гэтэл ердөө Увс аймгийн ой, увсчуудын ургийн баяр мэт авирлаж буй нь бусдад таалагдсангүй.

Тиймдээ ч наадамчин олны дунд “Увсынхан Монгол төрийн наадмыг Увсынх мэт аашилж, ард түмнийг доромжилж байна” гэх яриа гарчээ. Өөрөөр хэл­бэл увсчууд нутгийн бөхөө дэмжсэн нь бусад аймгийнхныг өдөөн хатгаж буй мэт харагдаж байлаа.

Монголчууд бид хэ­зээнээсээ өөрсдийгөө цөс ихтэй гэж ярьдаг, бас хэлдэг. Тиймээс сэтгэлээ сэргэтэл наадахаар очсон бусдын хорыг малтах хэрэг увсынханд баймааргүй л юм.

Хөлбөмбөг, Олимпын наад­мын талбайд хөөрсөн фанатууд нь дэвжээ рүү дайрч, зодоон хийж, үймээн дэгдээдгийг увсчууд мэддэг л байх. Тэгсэн хэрнээ тө­рийн наадам, тэнд үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн алба хаагч нарыг ч үл хүндэтгэн, дээрэнгүй загнаж байсан.

Өнгөрсөн жилийн наад­­маар залуу аварга С.Мөнх­батыг Архангай айм­гийн харьяат улсын заан Ч.Санжаадамбатай най­­мын даваанд барилдаж байх үед мөн л “Увс нуур”-аа дуулсан. Үүнийх нь хариуд архангайчууд бо­лон наадамчин олон ихэд эгдүүцэж, нутаг, нугаараа талцан зарим нэг гөлөмцүү залуу ам мурийж байхтай ч таарсан.

Ийнхүү улсын баяраар энэ мэт нутгархах үзлээс болж эмх замбараагүй бай­дал үүсэх магадлал бай­сан учраас цагдаагийн алба хаагчид зүлэг ногоон дэв­жээнээ хамгаалалт авсан.

Гэтэл Увсын хүчтэнүүд өөрс­дийг нь бөх хэмээн хүн­дэтгэдэг  ард түмнийхээ өмнө төрийн  цагдааг үл тоож байсан  нь хачирхалтай.

Бүр эсэргүүцэн, хам­гаалалтыг сэт­лэн дэвжээ рүү зүтгэж, цагдаа нар зогсооход нь үзэгч түмэнд өрөвдөлтэй харагдахаар түлхүүлж зогсов.

Увсчуудыг “Увс” гэдэг нэг намтай, нутаг, нуга гэ­хээрээ нам хамаагүй гэж ярьдаг. Үүнийг нь батлах мэт МАН-ын Ц.Нямдорж АН-ын Д.Дорлигжавыг бор зүрхээрээ хамгаалдаг нэгэн. Түүнийг хууль зөрчин прокурор болохын өмнө Ц.Нямдорж бүлгийнхнийгээ Д.Дорлигжавын төлөө са­налаа өгөөрэй хэмээн ятгаж байсан гэдэг. Үүнээс нь ха­рахад аргагүй л “Увс” гэдэг намтай юм.

Тэгвэл улсын наадмын түрүүг Увсын бөх авсан шиг АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүн бол­чихвол дээхнэ үед Төв хо­роонд Бал дарга, Төв цэн­гэлдэхэд Баянаа аварга, Төв театрт Түмэндэмбэрэл гэдэг яриа давтагдах болох нь ээ.

Эндээс харахад Н.Ал­тан­хуяг Ерөнхий сайд болсноор МАН олигтой сөрөг хүчин байж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл МАН-д Ц.Ням­дорж гэдэг нөлөө бүхий улстөрч бий. Гэхдээ тэр мөн л Увсынх.

Саяхан Хүй мандлын дэнжид болсон уяачдын наадмыг бас л Увсын наадам мэт болгосон. Тө­рийн наадамд шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулах гэтэл төв асарт нь наадам зохион байгуулагчдаас илүү увсчууд ирээд заларчихсан байв.

Увс аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тү­рүү бөхийн шагналаа өгөхөөр ирсэн бол МАН-ын Ц.Нямдорж АН-ын Д.Дорлигжав хоёр ч тохой нийлүүлэн тун ч догь сууж байв.

Энэ мэтчилэн увсынхан улстөр, урлаг соёл, спорт гээд бүхий л салбарт амь нэгтэй байдаг нь харагддаг. Тэгсэн хэрнээ Увс аймаг нь хөгжихгүй эзгүйрч, хүн ард нь нийслэлийг зорих болсон. Тэгвэл үүнийг амь нэгтэй, агуу нутгархаг үзэл гэх юм уу, бас.
Эх сурвалж : “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих