Олимп шөнө болно
Манай 29 тамирчин Лондон явлаа. Тэд тэнд очоод хэрхэн уралдаж байгаа нь дэлхий даяар шууд цацагдана. Улаанбаатар Лондонгийн цагийн зөрүү найман цаг. Тэмцээн голдуу орон нутгийн цагаар үдээс хойш голдуу өрнөх байх. Ялангуяа медалийн төлөөх тэмцэл оройхон тийшээ явагдаж таараа. Энэ нь Монголын цагаар шөнө дундаас хойш гэсэн үг.
Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн том наадмыг газар дээр нь очиж амжихгүй ч зурагтаар үзчих сонирхол олон бий, Спортын уралдаан, биеийн тамирын арга хэмжээг бүх нийтээр үзэж сонирхох нь өнөө цагийн соёлт хүн төрөлхтний амьдралын нэг хэсэг болчихсон гэхэд үгүйсгэхгүй. Хүмүүс улам бүр биеийн тамираар хичээллэж эрүүл саруул явахыг ухамсарлах болсон.
Олимпизм өөрөө хүн төрөлхтний сайн сайхан ба энхтайван өрсөлдөөний бэлгэ тэмдэг болохоор бүгд оролцдог. Чухам л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь “пара”-даж орчлон даяараа Лондонг анхаарч байхад бид нойрондоо дийлдээд хурхираад өнгөрөөх үү.
Олимпийн дараа спортоор хичээллэгч хүүхэд залуусын тоо эрс өсч, спиртийн хэрэглээ арай багасдаг сайн үзүүлэлт бий. Ялангуяа өөрийн орны тамирчин олимпийн аварга болох, медальд хүрсэн бол хамгийн сайхан үлгэр жишээ тэр юм. Тэгэхээр энэ наадмыг төр засаг анхааралдаа авч иргэддээ хандсан хөөрхөн бодлого шийдвэр гаргачихад ер буруудахгүй. Наймдугаар cap бол ихэнх хүмүүсийн амралтын улирал. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд үндсэндээ хагас ажилладаг назгай цаг. Зав чөлөө их байна. Харуй бүрий болмогц эртээ орондоо орчихдог залуучууд тийм олон биш байх.
Төв суурин газар, Улаанбаатар шиг нүргэлсэн их хотын амьдрал шөнө унтдаггүй. Олимпийн үеэр улам л их бужигнах нь тодорхой. Үүнд тохирсон түр хуваарь гаргах шаардлагатай боллоо. Олон хүн нойргүй хонож нүдээ гархилуулсаар ажилдаа ирж болзошгүй. Хүмүүс төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн сонирхож жаахан спортлог болж л байг. Түр зуурдаа ажлын цагийг өглөө найм есд биш 11, 12 цагт эхлүүлж оройдоо жаахан сунгаад өөрчилчихмөөр байна. Лондон хот нь Гринчивийн цагийн зүүний эхлэл цэг. Дэлхийн төв цаг гэсэн үг. Энэ цагаар дэлхийтэй цуг хэсэгхэн амьдраад үзсэн ч яадаг юм.
Өнөөдөр шөнийн цагаар ажилладаг газар манайд их ховор байна. Олимпийн наадмын энэ өдрүүдээр далимдуулж улсын байгууллагууд, томоохон аж ахуйн нэгжүүд ядаж нойль цаг хүртэл ажиллаад үзэх хэрэгтэй.
“Нарантуул” зах шөнө хоёр гурав хүртэл хаалгаа барихгүй, захиргаа контор яамд шөнөжин нээлттэй, УИХ-ын чуулган шөнөжин хуралдаж өдөр амрах, эмнэлэгийн амбулторын үзлэг шинжилгээ, боловсролын сургалт дамжааг шөнийн цагийн хуваарьт шилжүүлж үзвэл яасан юм. Шөнийн цагаар иймэрхүү албан ажлууд хийгдэхгүй болохоор тэгсгээд замын цагдаа хүртэл ажлаасаа тарж эзэнгүйддэг. Оронд нь танигдахын аргагүй өөр амьдрал, ёс суртахуун, завхай зайдан явдал ноёрхон үүр цайтал үргэлжилдэг.
Шөнө биднийг явсны дараа чөтгөрүүд, сүнснүүд энэ хотоор дүүрч залуучуудыг хорлож бузарлаж байна. Улс орны бүх санаачлага бар, саун, биллъярд, зочид буудал, амралтын гэрүүдэд шилжиж тэнд уусан архи дарс хяналтнаас гарна. Одоо тэртэй тэргүй баар савнууд олимпийн үеэр шөнөжин хаалгаа нээж баахан архидуулж зодолдуулж нэгнийг нь бүрэлгэж өгнө. Энэ бүгдийг ээлжинд гарсан эргүүлийн хэдэн цагдаа хаанаа ч хүчрэхгүй.
Тэгэхээр яршиг зүгээр цөмөөрөө шөнө ажлаа хийж үзэцгээе. Бас сонин байж магадгүй. Үүрээр ажлаасаа тараад тэр бааранд нь орж үзсэн ч яадаг юм. Хөдөө аж ахуйн хувьд ч гэсэн шөнийн сэрүүнд малаа хариулж, тариа ногоогоо уриншилж, услахад илүү үр дүнтэй болдог. Зам барилгын ажил бол мэдээж.
Яваандаа төрийн ба хувийн хэвшлийн ажлууд хоёр ээлжээр явагддаг болмоор байгаа юм. Шөнө үр дүнгүй маш их эрчим хүч үйлдвэрлэгдэж хойд хөрш рүү үнэгүй шахдаг. Байр саваа хөлдөөхгүйн тулд шөнөжин галлаж нүүрс шатааж байна. Ажлын байраа орхиж явцгааснаас өчнөөн олон хулгайчийг шөнөжин ажиллах бололцоо олгож тэжээж байх шив. Ядаж байхад энэ зам зас-варынхан бидэнтэй барьцаад шөнө амарцгаадаг нь юу ч вэ. Гурван ээлж гаргаад бушуухан ажлаа дуусгаж хүмүүсийг бага бухимдуулдаг болмоорсон.
24 цаг гэсэн хаягтай дэлгүүр, ШТС, түргэн тусламж энэ тэрээс ажлын туршлага судалж бүгдээрээ хэсэг хугацаанд шөнө ажиллаад үзвэл яасан юм. Тэгээд ч зуны шөнө богинохон доо.
Ж.Гангаа
URL: