Шинэ Засгийн газраас хүлээх хүлээлт

Ардчилсан нам засгаа төвхнүүлж эхлэхтэй зэрэгцэн бүрэн эрхийнх нь хугацаа тун удахгүй дуусгавар болох С.Батболдын танхимын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэгжүүлж эхлээд байгаа томоохон төслүүд цаашид хэрхэх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд байгаа. Хэзээ мөдгүй ажлаа хүлээлгэж өгөх хуучин Засгийн газарт алдаа оноо аль, аль нь бий. Алдааг нь засч, амжилтыг нь буухиалах хариуцлагатай том үүрэг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаас 100 хувийн дэмжлэг хүлээж Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болчихоод байгаа Н.Алтанхуягийн танхимд ногдож байгаа юм. Засгийн газарт хэн орох, хэнтэй эвсэх нь хамаагүй, хамгийн гол нь нэгэнтээ эхлүүлчихсэн томоохон төслүүдийг манайх, танайхаар ялгаварлахгүйгээр цаашид үргэжлүүлэн хэрэгжүүлэх нь улс орны хөгжил болоод эдийн засагт хамгийн чухал шийдвэр болж чадах болов уу. Хэдийгээр засаг байгуулсан нам, эвслүүд нь өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь тодорхой ч улс орны ирээдүй, иргэдийн эрх ашиг, эдийн засгийн хөгжлөө бодоод үзвэл үр ашигтай төслүүдийг хэн эхлүүлсэн нь хамаагүй, хэрэгжүүлж дуусгах нь л гол зорилго юм.

Хуучин парламентаас Шинэ бүтээн бай­гуулалт дунд зорилтот хөтөлбөрийг баталж, энэ­хүү хөтөлбөрийн хүрээнд Сайншандын аж үйлд­вэрийн цогцолборыг байгуулах, “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд бага, дунд орло­готой иргэдийг байртай болгох, шинээр авто бо­лон төмөр зам барихаар шийдвэрлэсэн бөгөөд Зас­гийн газар ч зарим ажлыг нь эхлүүлчихээд байгаа билээ.

Ялангуяа мянга, мянган өрхийн мөнхийн мөрөөдөл болсон, орчин үеийн тохилог орон сууцтай болохын төлөө насаараа зүтгээд ч худалдан авч чадахгүй байгаа бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээлийн асуудал сонгуулийн өмнөх шоу төдийхнөөр дуусчихвий гэсэн эмзэглэл иргэдийн дунд бий. Энэ хөтөлбөр цаашид үргэлжилж, олон гэр бүл орох оронтой болоосой гэх найдлагыг Ардчилсан намын байгуулах Засгийн газраас иргэд хүлээж буй биз. “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээн дэх зургаан хувийн хүүтэй зээл юу болж байгааг, цаашдаа энэ зээлэнд хамрагдахын тулд элдвийн асуудалтай тулгарахгүй байлгах нөхцөл боломжийг ч шинэ Засгийн газар бүрдүүлээсэй гэх хүсэл, хэн энэ Засгийн газарт орох вэ гэдгээс илүү байгаа гэдгийг эрх барих намынхан мэдэж байгаа байх.  Жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоо зарласан гуравдугаар сараас хойш ердөө 270 гаруй хүн л уг зээлэнд хамрагдаад байгаа юм. Учир нь, Төрийн банк ганцхан салбараараа дамжуулан энэхүү зээлийг олгож буй бөгөөд зээлд хамрагдах гэсэн өч төчнөөн иргэд хүлээлтийн байдалтай байгааг, цаашлаад байрны үнэ хэтэрхий өндрөөс болоод бага, дунд орлоготой иргэд байртай болоход хүндрэл гарах болсон зэрэг олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага шинэ Засгийн газарт оногдох нь ойлгомжтой.

Түүнчлэн шинээр барих авто болон төмөр замыг хаашаа барихаа улс орны эдийн засагт өгөх ач холбогдлыг нь бодож, тооцон шийдвэрлэх хийгээд тэдний хийх хэрэгжүүлэх ажилд аль нэг нам эсвэл томоохон сөрөг хүчин болсон гэдгээрээ түрий барин саад хийхгүй байгаасай, улс орны хөгжил, иргэдийнхээ сайн сайхныг намын эрх ашгаас илүү өндөрт тавиасай гэх бодлыг ч олон нийт тээж яваа нь тодорхой. Тэдэнд аль нэг нам сөрөг дайралт хийн ажлыг цалгардуулахаас илүү эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьдралыг дээшүүлэхэд хамтран зүтгэх нь хамгийн сайхан мэдээ болж чадах биз.

Хэрэвзээ ирэх жилүүдэд барьж чадах юм бол эдийн засагт онцгой ач холбогдол өгнө хэмээн тооцож буй томоохон төсөл бол Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор. Энэхүү аж үйлдвэрийн цогцолборын ажлыг эхлүүлэхийн тулд Хөгжлийн банк хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.долларыг босгож, тэр хэрээрээ ч чамгүй өрөнд орчихоод байгааг ч сануулахад илүүдэхгүй биз. Дуншиж, дуншиж саяхнаас л нэг нааштай мэдээ сонсогдох болсон Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг 2018 он гэхэд ашиглалтад оруулсан байхаар тооцсон техник эдийн засгийн үндэслэлээс нь харахад нийтдээ 9.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэх. Үндэсний хөгжил,шинэтгэлийн хорооны захиалгаар АНУ-ын “Бектел” компанийн хийсэн “Сайншандыг аж үйлдвэржүүлэх мастер төлөвлөгөө”-нд дурдсанаар эхний ээлжинд кокс, зэс, үрлэн төмөр, цементийн үйлдвэр барихаар төлөвлөжээ. Үүнээс цементны үйлдвэрийг хамгийн түрүүнд барих бөгөөд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Дараа нь, жилд хоёр сая тонн кокс үйлдвэрлэх чадалтай үйлдвэр нь залгаад ашиглалтад орно. Гурав дахь шатнаасаа жилдээ 450 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэр, мөн жилд 4.5 сая тонн үрлэн төмөр үйлдвэрлэх хүнд үйлдвэрүүд нь ашиглалтад орох ажээ. Энэ бол шинэ Засгийн газрын санаа тавин хэрэгжүүлэх хамгийн том төсөл байх бөгөөд цогцолбор цаасан дээрх мөрөөдөл биш бодит ажил болж чадвал монголчууд нүүрсээ, төмрөө түүхийгээр нь хямдхан өгч, бусдын аманд унахааргүй болно гэсэн үг.

Түүнчлэн жилээс жилд өсөн нэмэгдэж буй нийслэлийнхний эрчим хүчийг хангах V цахилгаан станцыг барих ажлыг түргэвчлэх, таг чиг болчихоод байгаа Тавантолгой төслийг эхлүүлэх гээд улс орны эдийн засагт чухал хэрэгтэй ажлууд шинэ Засгийн газрыг тосч байгаа нь тодорхой юм.

2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй V цахилгаан станцыг Францын “GDF Suez” компанийн охин компани “International Power” болон Өмнөд Солонгосын “Поско Энержи”, Японы “Сожиц”, мөн “Ньюком” зэрэг компани хамтран гүйцэтгэхээр болсон бөгөөд 415 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орох гэсэн. Тэгвэл Тавантолгой төсөлд хэн, хэн хөрөнгө оруулагч болох вэ гэсэн хүлээлт дэлхийд багагүй байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” дангаараа энэ төслийг гүйцэтгэх үү, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрах уу гэдгийг ч энэ парламент шийдвэрлэх болно. Ёстой л минийх, чинийх гэлгүй хоёулаа миний хүү гэдэг шиг л хандаж байж  гэмээнэ улс орны эдийн засаг хөгжиж, иргэдийн амьдрал дээшлэх юм. Энэ бүхэнд миний, чиний, танай манай гэж талцалгүйгээр, намчирхаж, номчирхолгүйгээр эх оронч сэтгэлээр хандах ёстойгоо эрхэм гишүүд хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ.

Ж.НЯМСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих