Лалын “дайн” Азид шуурга дэгдээлээ
Энэтхэгийн өлсгөлөн гүнзгийрч, Хятадад мэлрэг цэцгийн хувьсгал “нахиалав”уу-
“Вангагийн зөгнөлд итгэх хүн байхгүй”, “Ор үндэсгүй дэмий зүйл” гэж хэдэн жилийн өмнө зарим хүний хэлж байсныг санаж байна. Гэтэл өнөөдөр тэр зөгнөл хэдийнэ биеллээ олж хүчирхэг гүрнүүд лалын бослогын өмнө дагжиж буйгаа нуух аргагүй болтлоо гүнзгийрчээ.
Энэтхэгт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Ливийн хувьсгалыг даган “халдварлажээ”. Төвбанкнаас нь цаашид зээлийн хүүг нэмэгдүүлэхээр зорьж байгаа нь банкуудын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн лхагва гариг гэхэд хувьцаануудын ханш ихээхэн унасан нь Ойрхи Дорнод дахь бослогоос улбаатай газрын тосны үнийн хөөрөгдлөөс шалтгаалсан байв. Түүнчлэн Делид үнийн хөөрөгдөл газар авч байгаагаас жагсаал цуглаан дараалан бий болсоор байна.
Энэтхэгийн Төвбанкнаас зээлийн хүүгээ нэмэх тухай мэдээлэл тарах зуур Мумбайн хувьцааны индекс 1,8 хувиар унасан юм. Технологиороо дэлхийд тэргүүлдэг тус улсад энэ салбарын үнэт цаасны ханш адил унаж, индекс 1,7 хувиар унасан байна. Өнгөрсөн пүрэв гаригт газрын тосны хамгийн том гүрэн Ливийн төрийн тэргүүн Моаммар Каддафи эх оронд нь өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг зогсоох бодолгүй байгаагаа илэрхийлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Ливид 300 гаруй хүн энэ Жагсаалд амиа алдаад байна. Баррель хар алтны ханш өнгөрсөн сард 100 ам.доллараас буурсан бол лалын эсэргүүцлийн дараа энэ онд анх удаа 115 “ногоон” хүрсэн юм. Ливээс иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа Шинэ Делид эхэлсэн байна. Өнөөгийн байдлаар 18000 энэтхэг иргэн бослого үймээний голомтод байгаа гэсэн мэдээлэл байна.
Тэд хэрэв нүүлгэн шилжүүлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол Засгийн газраас нь дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Өнгөрсөн лхагва гаригаас ирэх сарын 7 хүртэл Энэтхэг улс өдөрт хоёр удаагийн нислэг үйлдэн иргэдээ нүүлгэн шилжүүлэх юм. Харин энэ үйлдэлд нь иргэд мөнгө төлөхгүй юм байна. ”Нөхцөл байдал маш муу байна. Бидэнд хэрэгтэй бүх зүйлд саад тотгор нүүрлэлээ. Завиях хотод л гэхэд ус, хүнс бүх зүйл алга” гэж Ливид байгаа энэтхэг ажилчид ярьжээ. “Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл газар авлаа. Иймд Аюулгүйн консул Ливийн Засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ авах цаг нь болоод байна” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлэв.
Хойд Солонгост…
Сөүлийн хэвлэлүүдэд нийтэлснээр Хойд Солонгост удирдагчдаасаа цахилгаан болоод хүнсний хэрэглээгээ шаардсан иргэдийн эсэргүүцэл газар авах төлөвтэй байгаа аж. Энэ сарын 14-нд эсэргүүцэгчид цагдаа нарт дарагдаад байгаа билээ. “Босогчид Хятадын телевизүүдийн мэдээллийг үзэж байна. Үүгээр урвагчид төрөл төрөгсөдтэйгөө уулзаж байна. Тэд Ойрхи Дорнод дахь хувьсгалын талаар мэдэж байж магадгүй” гэж Хойд Солонгосын нэгэн эх сурвалж ярьсныг UPI агентлаг дамжуулжээ. Зарим судлаачийн итгэж буйгаар Хойд Солонгосын удирдагчид Хятадын “Мэлрэг цэцгийн хувьсгал” эх оронд нь дэгдэхээс сэргийлэхээр ямар нэг бослогыг шууд даран намжаах кампаниа эхлүүлчихжээ. Түүнчлэн “Синуижу хотод босогчид ихээхэн эрчимтэй нэгдэж байна” хэмээн эх сурвалжууд ярьсан байна.
Хятадын интернэт хэрэглэгчид хувьсгалд уриалав
Египетийн үймээн, Ливийн хувьсгал газар авснаас Хятадад интернэтийн хэрэглээг танаж эхэлсэн. Хятадын хүний эрхийн хуульчид болон арав гаруй байгууллага интернэт хэрэглээг хязгаарлаж байгаагийн эсрэг тэмцэл өрнүүлж байна. Энэхүү үйлдлээ тэд” Мэлрэг цэцгийн хувьсгал” хэмээн нэрийдсэн байна. Учир нь ямар ч ял шийтгэл оноолгүйгээр олон хүнийг гэрийн хорионд оруулаад байгаа юм. Лалын хувьсгал үр дүнд хүрч, элсэн цөлийн сүүлчийн фараон суудлаа тавьж өгч, одоо Ливийн удирдагч Каддафиг эсэргүүцсэн бослого дэлхийн анхааралд өртлөө. НҮБ-ын тэргүүнүүд тус улсын Засгийн газрын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэдэгт санал нэгдээд байна.
Хятадын гол Шанхай, Бээжин, Гуанжоу зэрэг 10 хотод цахим ертөнцөөр дамжуулан их хувьсгал хийх шуурга дэгдээд байна. Зуу зуун босогч энэ зуур Бээжингийн зүрхэнд хүрэхээр “Мэлрэг цэцгийн хувьсгал”-аа эхлэхэд цагдаа, хүчний байгууллагууд бэлэн байдалд шилжлээ. Лалын хувьсгалын давалгаа Азид усны долгио мэт таран түгэх энэ үйл явцыг сурвалжлахаар гадаадын үй олон сурвалжлагч Цагаан хэрэм дээр отож сууна. Үймээн дэгдээсэн зарим хүнийг цагдаа нар баривчилсан бөгөөд тэд “Бид хоол идмээр байна” гэж орилж байжээ. Хэрэв үнэхээр тэд бослого хийхээр завдаж байгаа бол энэ нь хангалттай нотолгоо биш гэж ажиглагчид үзэж байна. Интернэтэд байрлуулсан нэргүй нийтлэлд дурдсанаар цөөн тооны босогч бусад хотод илэрсэн байна.
Үүнтэй давхцан Шанхай, Харбин, Ченду, Гуанжоу зэрэг хотод цагдаагийн бие бүрэлдэхүүн бэлэн байдалдаа шилжжээ. Хятадын удирдагчид мэдээллийн хэрэгслийн аливаа сурвалжлага, нийтлэлд хязгаар тавьж эхэлсэн бөгөөд Лалын хувьсгал эх оронд нь мэлрэг цэцгийн нэрээр солигдох вий гэсэн болгоомжлол юм. Египет, Ойрхи Дорнодыг хамарсан хувьсгалын шуурга Тянь Ань Миний талбайд дэгдвэл 22 жилийн өмнөх цуст өдөр дахин давтагдах уу. Эсвэл тэр цус Хятадын удирдагчдын хувь заяаг ялагдсан сүүлчийн фараоны араас оруулах уу.
Тянь Ань Мин Ба өнгөрсөн 22 жил
М.Горбачёвын эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлтийн салхи эх оронд нь үлээхгүй байгаад оюутан залуус сэхээтнүүдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Кинонд л гардаг хувьсгалчид Цагаан хэрмийн цаана хаа нэгтээ цуглаж, их өөрчлөлт, шинэчлэлийн гал бадраахаар цуглан, нэгдэж байсан үе. Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобон өөрчлөлтийн тухай олонд ил тод ярьснаараа албан тушаалаасаа огцорч, улмаар хэдхэн хоногийн дараа зүрхний шигдээсээр гэнэт нас барсан нь “хоригдсон” залуусын сэтгэл доторх гал дээр тос нэмсэн юм.
Тэд Тянь Ань Миний талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх, авлига, хээл хахуулийг зогсоох, улс төрийг өөрчлөхийг хүсч өлсгөлөн зарласан. Энэ өлсгөлөнгөөрөө оюутнууд тухайн үед тус улсад айлчлал хийж байсан ЗХУ-ын удирдагч М.Горбачёвыг дагалдан ирсэн сэтгүүлчдийн анхаарлыг татахыг зорьжээ. Тэдний хүсэлт ч биелж сэтгүүлчид цаг үе, нөхцөл байдлын талаар дэлхий нийтэд мэдээлсэн байна. Хагас cap шахам оюутан залуус эрх баригчид хоорондоо олон хэлэлцээр, хэлцэл хийх гэж оролдсон ч бүтсэнгүй. Бас нэгдсэн зохион байгуулалттай байж чадаагүйгээс тэр олон хүний амь нас үрэгдэхэд хүрсэн гэж үзжээ. Армийн танкууд Тянь Ань Миний талбайн хэдэн талаас хүн гарах зайгүй дотогш дайрч оюутан жагсагчид руу шууд гал нээжээ. Танкны араас цэргүүд ачааны машин дээр жагсагчдын цогцсыг хонь мал шиг ачиж, түүний араас усны машин шүршигчээр талбайг цэвэрлээд явж байсан гэдэг.
Ингээд зургадугаар сарын 4-ний үүрийн 05.30 цагийн үед талбайг ганц ч цусны толбогүй цэвэрлэсэн байжээ. Энэ үеэр хэдэн залуу амь насаа алдсаныг Хятадын Засгийн газар 241 гэж мэдэгдсэн ч гадаадын сэтгүүлчид гурван мянга, Улаан загалмайн нийгэмлэг 2600, (НАТО) Хойд Атлантын цэргийн эвслийн тагнуулынхан 7000 гаруй гэж дурьдсан байна. Өнгөрсөн үе ийн ард үлдсэн ч Лалын “дайн” хүчирхэг гүрнүүдийн удирдагчдыг ийн хоморголлоо. Харин их хэрмийн эзэд шинэчлэлийн дөл рүү ус цацан унтраасан түүхээ давтах болов уу. Эсвэл…
Ж.Цогзолмаа
URL: