Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дарга болохоор яригдаж байна

Улирч буй дөрвөн жилд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг чадварлагаар хийж ирсэн Д.Эрдэнэбат сая намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Намын генсекийн ажлыг чамбай хийж байсан тэрбээр УИХ-ын гишүүний үүргийг ч чадалтай гүйцэтгэх нь тодорхой.
Намаа олонх болгож амжаагүй ч олуулаа болгож чадсан Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарт эвсэх, засгаа байгуулах, сайд нараа томилох гээд хийх ажил мундахгүй их байна.
Хийх ажил ундарч, минут секундтай уралдах энэ цаг дор АН-ын удирдлага эхний томилгоогоо Д.Эрдэнэбатаас эхэлж буй бололтой. Тодруулбал Д.Эрдэнэбат гишүүнийг АН-ын бүлгийн дарга болгох гэнэ.
АН-ын бүлгийн даргын ажил нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажилтай төстэй, хийхэд баримжаатай юм. Тиймээс энэхүү томилгоо Д.Эрдэнэбат гишүүнд яг л тохирох аж.
Харин АН-ын бүлгийн одоогийн дарга Ч.Сайханбилэгийн тухайд сайд болох сурагтай. Тэгэхээр АН-ын удирдлага аль хэдийнэ бялуугаа хуваагаад эхэлчихсэн бололтой шүү.


URL:

Сэтгэгдэл бичих