Н.Алтанхуягийг 96,4 хувийн саналаар ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ

Өчигдөр Төрийн  ордонд Ардчилсан намын бүлгийн хуралдаан хуралдсан. Уг хурлаараа УИХ-ын гишүүдийн саналын дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийг байгуулж, УИХ-ын гишүүн Эрдэнэбатыг бүлгийн даргаар 96,4 хувийн саналаар сонгосон байна.
Монгол Улсын Их Хурлын даргад УИХ-ын гишүүн Энхболдыг бүлгийн гишүүдийн 75 хувийн саналаар, Ерөнхий сайдад Алтанхуягийг 96,4 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтов. Ардчилсан намынхан төрийн ажил тасралтгүй явагдаж байх ёстой гэж үзэн амралтын өдрөөр хуралдаж, эдгээр шийдвэрүүдийг гаргасан аж.
ҮЗХ-ны хурлаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нарыг сонгохоос гадна “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ авах асуудлыг хэлэлцүүлэх юм байна. Энэ хуралдаанаар  Ардчилсан намын удирдлагуудын гаргасан Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН “Шудрага ёс” эвсэлтэй хамтрах шийдвэрийг эцсийн байдлаар гаргах юм байна. Цаашдаа АН засгийн ажлыг шуурхайлна гэдгээ онцоллоо.
 mass.mn


URL:

Сэтгэгдэл бичих