Одоо зарчмаа барина биз дээ, Ерөнхийлөгчөө

Одоо шинэ Засгийн Газар бүрдэх гэж байна. Мэдээж хамтарсан. Ерөнхийлөгч Та “Үндэсний эв нэгдлийн” хийгээд “Хамтарсан” олон засгийн газрын нүүр үзсэн хашир хүн. Тэгээд л зарчим гаргаа биз. Манай монголчууд дээрээ ч, доороо ч ямар зарчим мэдэх биш. Тиймээс зарчим мэдэхгүй, мартамхай монголчуудад Таны саяхны тунхагласан зарчмуудыг сануулах гэсэн юм.


Хамтарсан Засгийн Газраас АН гарсны дараа МАН Засгийн Газраа бүрдүүлэх үед Та Ерөнхий сайд Сү.Батболдыг дуудаж ганц сайн “загнаж” билээ. Тэр үг чинь энэ байна л даа…
“Шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, харин Их хурлын “гаднаас” томилогдох ёстой. Өмнө нь ч энэ асуудал маш олон яригдаж байсан. Хамгийн гол нь хариуцлагын асуудал чухал байна. УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцдог механизм алдагдсан гэж шүүмжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм. Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай үндсэн хуулинд байхгүй” 2012 оны 1 дүгээр сарын 12.
Дараа нь Та Нийслэлийн иргэдтэй уулзалт хийж энэ зарчмаа дахин бататгасанд би ихэд талархаж явдаг. Тэр чинь энэ байна:
“Өөр нэг хууль өргөн барьсан байгаа. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладгийг хориглож байгаа. Энэ хуулийг Улсын Их Хурал батлаасай гэж бодож байна. Үнэхээр гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийг нэг хүнд тохоод хэрэггүй. Улсын Их Хурлын гишүүний дээлтэй хүнд дахиад Засгийн газрын гишүүний дээлийг өмсүүлээд хэрэггүй. Засгийн газрын гишүүн нь дан дээлтэй яваг. Тэгэх юм бол Улсын Их Хурал Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадна.
Монголын хариуцлагын, шударга ёсны тэнгэр дээрээсээ цоорох ёстой. Давхар дээлтэй Засгийн газраас Улсын Их Хурал яаж ажил шаардаж чадах юм бэ, чадахгүй шүү дээ. Ийм Засгийн газар яаж сайн юманд ард түмнийг хүргэх юм бэ? Бид хамт байж үзсэн, давхар байж үзсэн, хэсэг нь байж үзсэн, болоогүй. Одоо Засгийн газрын гишүүн л юм бол Ерөнхий сайдаас бусад нь Улсын Их Хурлын гишүүн байх албагүй. Би Улсын Их Хурлын гишүүн биш Ерөнхий сайд байж үзсэн. Болдог л юм…” 2011 оны 4 дүгээр сарын 25.
Үүнийг би яагаад сануулаад байна гэхээр цаадуул чинь хууль гараагүйг далимдуулаад “дотроосоо” сайд тавих гээд байгаа юм биш үү ?! Асуух ч юу байхав, надад байгаа баттай мэдээллээр ингэж хэлээд байна л даа. Таныг болон Таны зарчмыг тоох шинж цаадуулд чинь алга. Уг нь таны “төрөлх” намынхан л бид ялав гээд байсан шиг санагдана. Тийм юм бол засгийн эрхийг УИХ-аас биш, “намаасаа” барьчихаж болмоор л юм…
Ингэхлээр Та л үгээ хэлж таарч байх шиг. Хэлэхгүй бол яахав дээ, Таныг зарчмаасаа буцдаг зарчимгүй Ерөнхийлөгч л гэж ойлгоно. Өөрөөр ойлгох ямар ч хувилбар байхгүй л дээ. Миний “Зарчим хоёрдвол завхрал болдог” гэсэн өгүүлэл бэлхнээ байж л байгаа. Энэ өгүүллийг бас л саяхан 2012 оны 1 дүгээр сарын 14-нд бичсэн юм л даа.
Хамгаалахгүй бол ямар ч зарчим хоосон тунхаг болдог, тийм бол зарчим тунхаглахын хэрэг юун билээ гэж би боддог юм ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 16.

 

Эх сурвалж: ganaa.mn

Та судлаач Д.Ганхуягийн  бусад нийтлэлүүдийг дээрх блогоор зочилж, үзнэ үү?


URL:

Сэтгэгдэл бичих