Байдал хүнд байгаагаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа
Орхон аймагт гэнэтийн аадар их хэмжээтэй бууж, ихээхэн хохирол амсч байгаатай холбогдуулан өмнө нь зарласан Үндэсний их баяр наадмын өндөржүүлсэн бэлэн байдлыг 10 хоногоор сунгалаа. Ийм шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргаад байна.
Хамгийн сүүлд орсон борооны улмаас хоёр хүн үерт амь үрэгджээ. Аймгийн Онцгой байдлын ажилтнууд уржигдар шөнөжин ажилласны үр дүнд найман хүний амийг аварсан байна. Эрдэнэт хотын төвийн даланг “Өнөр-Эрдэнэт” хорооллыг барих үедээ хаасан, хогоор дарсан зэрэг байдлаас болж үерийн ус, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын гадаах шинжилгээний талбайн багаж төхөөрөмжүүдийг унагаж хэмхэлсэн байна.
Хотын төвийн засмал замууд их хэмжээгээр эвдэрч, тэр хавийн хог хайсанд шавжээ. “100 айл” хэмээх дэлгүүрт үерийн ус их орсноос болж ойролцоогоор 100 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Уг байшингийн хонгилд байрлах мебелийн дэлгүүрийн эд хогшил эвдэрч хэмхрэн, чанар чансаа нь мууджээ. Гэр хорооллын орчимд мөн л иргэд үерийн даланд хогоо хаяж, зарим газар битүүрснээс болж олон айл үерт автжээ. Аймгийн Засаг дарга захирамж гаргаж Эрдэнэт хотын хэмжээнд асар их хохирол амсч байгаатай холбогдуулан ажлын долоон хэсэг гаргаж, ард иргэд, байгууллагуудыг хотыг сэргээн босгоход идэвх, санаачилгатай оролцохыг уриалав.
Л.Батаа
URL: