“Саутгоби ресурз” Овоот толгойг хятадуудад өгөхөөр заргалдаж эхэллээ
Өмнөговийн Овоот толгойн ордыг эзэмшдэг “Саутгоби ресурз” компани Монголын Засгийн газрыг хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн гэж үзэж, мэдэгдэл хүргүүлсэн байна.
Канадад төвтэй “Саутгоби ресурз” компани “Turquose hill resource” /хуучин “Айвенхоу Майнз”/-д хувьцааныхаа дийлэнх хэсгийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид худалдах гэрээ байгуулсан нь монголчуудын зөвшөөрөлгүй Монголын баялагийг хятадуудад худалдах гэж байна гэх хэл аманд өртсөн. Үүнийг ч Засгийн газар анхааралдаа авч УИХ-ын сонгуулиас өмнө Монголын Засгийн газраас тус компаний олборлолтын зарим лицензийг цуцалсан тул үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон юм.
Энэ хугацаанд “Саутгоби ресурз” компани Монголын Засгийн газрын байр байдал, улс төрийн нөхцөл байдлыг харзнаж ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байсан юм. Харин нэгэнт сонгууль дуусч, ямар нам эрх барих нь вэ гэдэг нь тодорч байгаа энэ үед тус компани шинэ Засгийн газартай заалдахаар шийдсэн бололтой. Тэдний зүгээс Монголын Засгийн газар анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг нь зөрчиж байгаа гэж үзэж байна. Тиймээс “Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан хоёр тал дээрх маргааныг шийдэж чадахгүйд хүрвэл хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төвд гомдол гаргана” гэж мэдэгджээ.
Сонгуулийн өмнө “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэсэн заалт бүхийн шинэ хууль баталсан. Ингэснээр Монголд “Саутгоби ресурз”, “Turquose hill resource” /хуучин “Айвенхоу Майнз”/ зэрэг гадны том компаниудын Монголд оруулах хөрөнгө, зах зээлийг хааж байгаа гэж зарим хүн үзэж байгаа. Нөгөө талаас монголчуудын зөвшөөрөлгүй хоёр гадны компани баялагийг нь наймаалцаж байж болохгүй гэж үзэгсэд байна.
Энэ маргаан нь цаашид Монголын нүүрсний зах зээлд монополь болохоор төлөвлөж байгаа Хятадын төрийн өмчит компани “Чалко” болон Монголын шинэ Засгийн газрын чадал, чадварыг яалт ч үгүй сорих нь.
24tsag.mn
URL: