Аймгийн арслан улсын арслан цол хүртсэн сайхан наадам боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн болон Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давсан Архангай аймгийн Булган сумын харьяат, ”Хера Холдинг” компанийн бөх Рэнцэнбямбын Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны бөх Жаргалсайханы Амартүвшин, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороо, “Үйзэн гол” ХХК-ийн бөх Болдпүрэвийн Сугаржаргал, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны бөх Баатархүүгийн Пүрэвсайхан нарт Монгол Улсын “Начин”, зургаа давсан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, хилийн цэргийн 0146-р анги, “АПУ” ХК, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Төмөрбаатарын Санчирт Монгол Улсын “Харцага” цол, найм давж үзүүрлэсэн Архангай аймгийн Булган сумын харъяат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” групп, “Бөх билэгт” дэвжээний бөх Дамбийгийн Рагчаад Монгол Улсын “Гарьд” цол, ес давж түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хороо, “Олимп” дээд сургууль, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ХК, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд Монгол Улсын “Арслан” цол олгов.

Мөн баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс түрүүлсэн Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Бурхан халдун группийн харваач Цэвээний Хүдэрчулуунд “Улсын гарамгай мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, Чингис хааны дэлхийн академийн харваач Холхорын Оюунчимэгт “Улсын хошой мэргэн” цол тус тус олголоо.

Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хааж үг хэлэв.




 

Эх сурвалж: www.president.mn

URL:

Сэтгэгдэл бичих