Манлай уяач Ж.Бат-Өлзий: Энэ жил өнгөтэй сайхан наадаж байна
Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. Өчигдөр их насны морьд хол тасархай түрүүлсэн. Өнөөдөр соёолон үрээ гарсан цагаасаа өнгөлсөөр аман хүзүүдлээ. Энэ жил өнгөтэй сайхан наадаж байна.
-Хонгор үрээ үнэхээр хурдан байсан. Бараг л түрүүлчихлээ гэж бодож байлаа?
-Харин тийм, гарсан цагаасаа үзүүр хүртэл өнгөлсөн. Үзэгчдийн хөл рүү орж жаахан унжчихлаа.
-Наадмын өмнөх сунгаануудад ямархуу байсан бол?
-Хүй долоон худагт хийсэн. Сайн байсан.
-Манлай зургаан насанд хэдэн адуу уясан бэ? Сая хоёр ч соёолон үрээ зарлагдаад байсан.
-Тэгсэн. Бас нэг хүрэн үрээ их арав дотор давхиж байгаад суучих шиг боллоо. Уг нь гурван соёолон мордсон. Зургаан насанд нийтдээ таван адуу уясан.
-Хонгор соёолон хаанахын адуу вэ?
-Дорноговь аймгийн Алдарт уяач Саруулбуянгийн унаган адуу.
-Дааган дээр хэдэн адуу мордох вэ?
-Нэг даага мордоно. Эрлийз дээр хоёр даага мордоно.
Баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморь ивээх болтугай.
Эх сурвалж: “Тодмагнай.мн”
URL: