Банкныхны анхааралд…

Хүний хөгжил сангийн мөнгө олгож эхэлснээс хойш хүмүүс янз бүрийн гомдол тавьж эхлэв.

Банкууд өнөөх мөнгөнөөс нь янз бүрийн татвар аваад байна гэнэ. Дураараа данс нээгээд мөнгийг нь хийсэн байна л гэнэ. Иймэрхүү элдэв зарга тасрахгүй нь. Үүний дотроос анхаарахаас аргагүй нэг гомдол байна аа.

Мөнгөө авах гэсэн хүмүүсийн урт дарааллаас түвэгшээгээд байрны мөнгөө төлөлгүй хойшлуулсаар явтал сарын 25 өнгөрч алданги тооцоод эхэлжээ. Үүнээс өмнө өгье гэхээр өдөржингөө дараалалд зогсох болно. Ямар бүтэн өдрийн ажлаа алдалтай биш гээд ажил руугаа яарна. Ядаж байхад байрны мөнгө тушаадаг “Хадгаламж” банк иргэдтэйгээ тас барьцаад бямба, ням гаригт амарчихна. Ингээд хүмүүсийг Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө авч дуусахыг хүлээж, дараалал арай сийрэг болонгуут очиход алданги нэхээд сууж байх боллоо. Иргэд өөрсдөө буруугүй атлаа ийм торгууль төлөх болов. Одоо байгаа гурван банк мөнгөө тарааж дийлэхгүй бол өөр олон банкинд энэ эрхийг нь өгмөөр байлтай. Эсвэл мөнгө авах гэж байгаа хүмүүсийг нэг хаалгаар, өгөх гэж байгааг нь өөр цонхоор үйлчлэх хуваарь гаргамаар юм. Хүмүүстээ үйлчилж дийлэхгүй байж дээрээс нь төрөөс олгож байгаа мөнгийг “би тараана” гэж авчихаад энгийн олон хүнийг хохироож байгаагаа банкныхан анзаарч л байгаа биз. Даахгүй нохой булуу хураана гэдэг шиг.

Ц.ОЮУНТУЯА

“Мэдээ мн”


URL:

Сэтгэгдэл бичих