МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн хусмаа чамлав уу?

Шинэ парламентад 72 гишүүн тангараг өргөх ёстой байсан. Гэсэн ч «МАХН- МҮАН»-ын «Шударга ёс» эвслээс жагсаалтаар сонгогдсон О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар УИХ- ын гишүүний тангаргаа өргөсөнгүй. Тэдэнд СЕХ-ноос түр үнэмлэх олгох тогтоол гарчихсан ч эвслийнх нь зүгээс жагсаалтаар дээрх гурван хүн бус Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар, хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг шинэ парламентын гишүүн болох ёстой гэж үзжээ. Тиймээс СЕХ-ны тогтоолыг ч үл хайхран тангаргаа өргөлгүй ийнхүү жүжиг тавьсан аж.

Уг нь СЕХ МАХН-МҮАН- ын «Шударга ёс» эвслийн нэр бүхий таван хүнийг УИХ-д нэр дэвших эрх зүйн боломжгүй хэмээн бүртгэхээс татгалзсан. Үүнийх нь хариуд «Шударга ёс» эвслийнхэн СЕХ-г улстөрийн захиалгаар шийдвэр гаргасан гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан билээ.

Үндсэн хуулийн цэцийн зургаадугаар сарын 26- ны өдрийн хуралдаанаар «МАХН-ын дарга
Н.Энхбаярыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.2, 29 дүгээр зүйлийн 29.11.4 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг, С.Нарангэрэл, С.Авирмэд нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6., 26.7 дугаар зүйлийг, Н.Санжаадоржийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дугаар зүйлийг, Э.Батшугарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.4-г зөрчсөн» гэсэн гомдлыг үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, дээрх нэр дэвшигчдийг СЕХ бүртгэхээс татгалзсан нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчөөгүй гэсэн үг.

Нэгэнт СЕХ хуулийн дагуу ийнхүү шийдвэр гар­гасан учраас Н.Энхбаяр тэргүүтнүүд сонгуулийн ажилд нэр дэвшигчийн хувиар бус «Шударга ёс» эвслийн гишүүдийн үүргээр сурталчилгааны ажилд идэвхийлэн оролцож байсан билээ. Хэдийгээр дээрх нөхдийг нэр дэвшүүлээгүй ч МАХН- МҮАН-ын «Шударга ёс» эвсэл УИХ-д 11 суудалтай болж, өөрийн гэсэн байр сууриа илэрхийлэх бүлэг байгуулах хэмжээнд ялалт байгуулсан. Гэсэн ч тэдний хувьд энэхүү 11 суудал нь чамлалттай санагдав уу, аль эсвэл парламентад орсон гишүүд нь гологдов уу гэдэг асуултыг таавар хэвээр орхилоо. Ямартай ч дахин гурван суудлын төлөө эвсэл дотроо тохироо хийхээр болов бололтой.

Зарим хүний ярьж буйгаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай тохироо хийсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг парламентад суулгахаар болсон гэнэ. СЕХ болон Үндсэн хуулийн цэцийн гишүүд хэлэлцэн байж гаргасан дээрх нэр бүхий эрхмүүдийг тохироогоор УИХ-ын гишүүн болгочихвол хуулиа дээдэлж, дагаж мөрдөх хүн олдохгүй болох шинжтэй. Монгол Улсад ҮХЦ- ийн шийдвэрийг дагаж мөрддөггүй нэг л хүчирхэг улстөрийн хүчин бий болсон нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын үүсгэн байгуулсан нам нь аж. Ёстой л буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг л энэ бололтой.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих