Санал гуйвал өгнө

Сонгууль болоод өнгөрлөө. Нийт иргэдийн оролцооны хувьд гурван хүн тутмын нэг нь ирсэнгүй. Ирж саналаа өгөөгүй хүнийг яадаг ч үгүй. Үндсэн хуулинд заагдсан сонгох, сонгогдох эрхээ эдлээч ээ гэж хангалттай уриалсан. Төр засгаас ард түмэнд эдлүүлж чадах хамгийн амархан эрх нь энэ сонгууль л байх. Уг нь үүнээс бусад эдлэх ёстой эрхээ бид эдэлж чаддаггүй. Наад зах нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхмээр санагддаг. Сонгуульдаа идэвхгүй оролцох нь төрдөө хүндэтгэлгүй хандаж байгаа хэлбэр эсвэл надгүйгээр болчих биз гээд найдсан хоёрын алинаар нь ч тайлбарлаж болно. Иргэдийн сонгох эрх чөлөө хаалттай нийгмийн үед ч нээлттэй байсан учир манай оронд энэ талаар ёс бус үйлдэл тохиолдож байгаагүй. Харин хэн сонгогдоод байна гэдэг дээр сэтгэл ханамж янз бүр гарах нь ойлгомжтой. Угаасаа бүгдэд таашаагдах хүн байтугай бурхан ч байхгүй.

Орчин үеийн ардчилсан сонгуулийн дүн коммунист биш улс орнуудад нэг өнгө давамгайлахаа улам больсоор байна. Цаашид ялалт зуун метрийн гүйлтийн тамирчин барианд орж буй мэт нягтшиж “секунд, дойл”-оор хэмжигдэх нь. Үүнтэй зэрэгцээд сонгуульд оролцогчдын тоо өсөхгүй буурдаг болжээ. Ер нь аливаа улс оронд дайн, хувьсгал, төрийн эргэлт болоогүй л бол бүх нийтээрээ улс төрд санаа зовох асуудал юу байхав. Өмнөх сонгуулиуд будлиангүй шударга явагдсан бол өнөөдрийнх шиг ийм ирцтэй, улс төрийн хүчний харьцаа онцын хэлбэлзэлгүй, сүүлд нь элдвээр хэлүүлээд байхааргүй улстөрчдийн цуглуулга бүхий бүтэц бүрэлдэхүүн уламжлагдах байжээ. Энэ удаагийн сонгуулиар цөөхөн сонгогч ирсэн биш дахин санал өгдөг луйвар багассан гэж байна. Цаашид луйвардах, хахуульдах боломжуудыг улам хаагаад өгөх юм бол улс төрийн хүчнүүд хэнийг нэр дэвшүүлэхээ дотоодын тохиролцоогоор шийдэх эрсдэлтэй болох нь. Намууд мөнгөний гачаалд орохын эрхэнд баячуудыг улс төрд уруу татах хэрэв дургүйлхвэл тэдэнд таагүй хууль журам гаргахаар нээнтэглэж эцэст нь мөнгөний сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлээд байв. Улстөрчдийн “түрүүвч”-нүүд сонгуульд хэрэг болох салбар нэгж бүрт луйварчин хөлслөн мөнгөөр зодож өөр хаалгаар орж ирцгээнэ. Сонгуулийн сезон эхэлмэгц РМ, сайт, телевиз, сонин, сэтгүүлүүд хуушуурын гуанз гэгчээр энд тэндгүй бий болж, тэдэнд магтуулах, үл муулуулахгүйн зардал гэхэд л талийж өгсөн. Дундаж амьдралтай хүний жилийн орлого нь гудамжны ганц самбарт долоо хоног зургаа тавихад хүрэхээргүй юм билээ. Бараг саналаа өгөхөөр ирсэн хүмүүст тараагаад өгчихсөн бол юм болохоор их мөнгийг гудамжны реклам, телевизийн нэвтрүүлгэнд цацсан нь хайран мөнгө. Мөнгөтэй улсад энэ нь хамаа алга гэхэд хамгийн том самбар дээр зургаа тавьж чадсан нь УИХ-ын гишүүн болоод байвал арай ч шог юм даа. Нийгэм эрүүлжих тусам нэр дэвшигчийн чансаа дээрдэх биз ээ.

Одоо гадуур “Энэ муусайн намуудын аль нь ч хэрэггүй, хэн ч гарсан хэрэг алга” гэсэн хий үзэгдэл тэнэж явдаг. Өнгөцхөн харахад нээрэн ч тийм юм шиг. Сонгуулийн дараа засаг байгуулах тоо хүрсэнгүй гээд ингээд эвсээд байх юм бол нам гэж талцсаны хэрэг юу байгаа юм гэцгээж байна. Тэгэхээр одоо цаашдаа намууд нэгнийгээ далаар нь цэвэр тавьж чадахгүйгээс хойш аль түрүүлж хамар цухуйсан нь засаглалаа авдаг хуулийн өөрчлөлт хийхийг амьдрал шаардлаа. Нийгмийг “Хэн нь ч гарсан хэрэг алга” биш “Хэн нь ч гарсан яахав” гэсэн үзлээр даруй солихгүй бол нам тоохоо байх нь. Монголд олон намын тогтолцоо бэхжихэд дургүй гадаад орчин бий. Намууд хэлбэр төдий байдаг, гол бодлогыг нэг удирдагч зангиддаг тогтолцоотой болчихвол Монголыг хялбархаан эрхшээлдээ оруулчихмаар. Олон үзэл бодолтнуудтай харьцахаар аль нэг нь дэлхий даяар цацаж бөөн дуулиан үүсгэнэ. Хэрэв бүхнийг нэг хүн удирддаг байгаад түүнийг нууцаар дарамтлахад ард түмэн нь огт мэдэхгүй өнгөрнө. Ийм бодлогын угаас “Аль ч нам хэрэг алга” гэсэн гонгиноо яваад байдаг юм шиг санагддаг.

Бид сайн намчирхаж авгай нөхөр хоёр хүртэл талцаж л байг. Буу бариад байлдаж байгаа биш, ямар хамаа байна. Муу юм ер болохгүй. Эртний хаад түүний үр садууд хоорондоо эе эвдэрч мөн ч олон том гүрэн улсуудыг бутраасан түүх бий. Эцсийн бүлэгт өнөөдөр Монгол Улс байж л байна шүү дээ. Харамсах юм алга. Чингэсийн байгуулсан Их Монгол Улсыг өнө удаан бариад байсан бол харин Манж шиг нэг мөсөн мөхөх ч байсан юм билүү.

Сонгуульд их олон хүн оролцох тусам аль нэг нам дангаар даналзах, шал балай амьтан сонгогдох боломж нээгддэг сонин үзэгдэл манайд байгаад байх юм. Улс төр сонирхдоггүй хүмүүсийг жижигхэн юмаар хуурч саналыг нь аваад байна уу?

Сонгогчдын боловсролыг сайжруулна гээд хичээл зааж дараа нь шалгалт авалтай биш. Дээр бичсэн энэ бүгдээс үндэслээд сонгууль явагддаг процердурт нэг жижигхээн өөрчлөлт хийчихмээр байна. Сонгууль товлохоос тодорхой хугацааны өмнө бүх сонгочдын нэрс хаяг бэлэн болдог. Бүх сонгогчдод нэг бүрчлэн үнэмлэх хүртэл биеэр очиж тарааж өгдөг. Тэгвэл энэ ажиллагааг хийх далимандаа “Та яг ирж саналаа өгөх үү?” гэж ам тангарагийг нь авдаг болмоор байна. Нийт иргэдийн тал нь янз бүрийн шалтгаанаар саналаа өгдөггүй юмаа. Санал өгөх өгөхгүй нь таны эрхийн асуудал, гол нь сонгууль болох тэр өдөр баараггүй ирэх үү. Ирнэ гэчихээд хүндэтгэн үзэх онцын шалтгаан гараагүй атал ирэхгүй бол хариуцлага хүлээлгэнэ. Энэ тухайгаа сонгууль болохоос нэлээн хэд хоногийн өмнө утсаар юм уу биеэр төдний дотор мэдэгд. Хариу өгөхгүй бол ирэхгүй юм байна гэж үзээд нэрсээс хасна. Ингээд сонгууль зарлагдана. Сонгуульд саналаа өгөх нийгмийн ба иргэний идэвхтэй хүмүүсийн тоо нэрс ч гарчихсан байна.

Улс төрийн намууд өөрсдийгөө хэдэн зуун мянгаараа гишүүнчлэлтэй гэдэг юм билээ. Бодвол тэд нь сонгуульдаа оролцдог байлгүй. Эрх биш намдаа саналаа өгнө биз. Сонгууль болох өдөр ирц яадаг бол гэж түгших явдалгүй. Нэр дэвшигчид хүний ба өөрийн намын гишүүдээ ялгаад цаана нь “савалдаг” нам бус сонгогчидтойгоо уулзах цомхон ажиллагаа хийгдэнэ. Нам бус сонгогчид сонгуулийн өмнө хангалттай мэдээлэл авч амжих ба тэр нь сонгогчдын боловсрол болох юм. Хэрэв хахууль авчихгүй бол шүү. Одоо ч тэгээд өгч авалцах нь хуулиар хориглогдсон тул улам л хэцүү байна биз дээ. Ингэх юм бол нэр дэвшигч юу ч хийхгүй сууж байгаад азаар сонгогдох, эсвэл асар их зарлага гаргаж бөөн хэл ам бүхий ажиллагаа явуулах аль аль нь хаагдана.

Сүүлийн үед сонгуульд оролцож саналаа өгөх явдал тоглоом тохуу болж, хэн дуртай нь улс орны байдлыг амныхаа зоргоор бурдаг болчихоод байгаа юм. Тэр байтугай их олон хүн саяын сонгуулиар хэн нэгэн мөнгө тарааж магадгүй гээд саналаа өгөлгүй орой болтол хүлээсэн байгаа юм. Тэгээд дараа нь сонгох эрх мэрх гээд олон юм донгосохдоо цэцэн цэлмэг гэж юүхэв. Гуйсан, гуйлгасан сонгууль л “но”-той болоод байгаа учраас сонгогчдод ийм нэгэн хариуцлага ногдуулмаар санагддаг. Сүүлд нь ийм ард түмнээс ийм л шаар сонгогдоно доо гэж тавлуулахгүй байх өөр ямар арга байна вэ? 1.8 сая сонгогчдоос долоо найман зуун мянган маш идэвхтэй сонгогч сонгуульд оролцоод байхад улс орны нийтлэг эрх ашиг ерөнхийдөө босчих байх гэж бодогдох юм.

Ж.ГАНГАА


URL:

Сэтгэгдэл бичих