Ялсан, ялагдсан хоёулаа хариуцлага хүлээх учиртай
АН-ынхан олуулаа болж, Хувсгалт намынхан цөөхүүлээ болж, сонгуулийн хэрүүлээр бялахсан зуны халуун өдрүүд үргэлжилж байна. МАН-ынхан дарга нараа баалж, гаднаа ил гаргаж чадахгүй бухимдаж, албан тушаалаа алдсан хурган дарга нарын амбиц яг л хөхүүртэй айраг шиг дотроо шуугиж байгаа бололтой. Гэвч дөвчигнүүр аархуу Ш.Сайхансамбуу л буу зэвсэг барин Нарийн бичгийн даргаа заамдаж авснаас өөрөөр илэрхийлээд хэлчих эр зоригтон тус нам дотор алга. МАН ялагдвал би хариуцлагыг хүлээнэ хэмээн хашгирч байсан У.Хүрэлсүх ч таг чиг. Баахан тойрон хүрээлэгч залуучуудаараа бамбай хийдэг ч сул дорой, тодорхой шийдвэр гаргаж чаддаггүй бөөрхий гэж ад үзэгддэг Сү.Батболд ч нам гүм байна.
Тэгвэл олуулаа болсон АН-ынхан харин ч нэг бужигнаж өгч байна. Хамгийн сонирхолтой нь энэ сонгуульд арав гаруй суудал нэмж авч, бас Нийслэлийн иргэдийн хурлыг бүрэн гартаа оруулж чадсан гавьяатай АН-ын дарга Н.Алтанхуяг бүр огцрох дээрээ тулав. Үндэсний зөвлөлдөх хорооны хэсэг нөхөд нь “ 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй олонхи болж ялалт байгуулж чадсангүй. Шинэ парламентад манай нам өрсөлдөгч намуудтай харьцуулахад гарын таван хуруунд багтахуйц цөөн гишүүний тоогоор илүү байгаа болохоос дангаараа Засгийн газар байгуулах хэмжээнд олонхи болж чадсангүй. Ардчилсан намын гишүүд, цаашлаад ардчилалыг дэмжигч мянга мянган иргэдийн хүсч байсан шиг үнэмлэхүй олонхи болж, сонгогчдод амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэхгүйд хүрч байна. Сонгуульд ялалт байгуулах боломж манай намд байсан уу, байсан.
т Гэвч Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг тэргүүтэй удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилд үзэл бодол, чиг баримтлалаараа үл нийцэх МАН-тай нэг хөнжилд орж МАНАН-гийн Засгийн газрыг байгуулж ажилласнаар намын гишүүд, дэмжигчдийн итгэлийг алдсан. Тэр манарсан Засгийн газрын горыг АН энэ удаагийн УИХ-ын сонгуулиас амслаа гэж ҮЗХ-ын хэсэг гишүүн бид үзэж байна. АН-ын дээрх удирдлагууд өнөөдөр Олуулаа ялсан гэж онгирч, гишүүдээ хуурч байгаа ч ачир дээрээ ялж чадаагүй. Ирэх дөрвөн жилд дахиад өтгөн МАНАН болох эсэхийг шийдэх зовлонтой шийдвэр бидний өмнө тулгараад байна.
Өнгөрсөн 4 жилд АН бусдын хөнжилд орсон бол ирэх 4 жилд АН өөрсдийн хөнжилд бусдыг оруулах нь гарцаагүй боллоо. Энэ хөнжлийн эзэд, намаа сонгуульд ялуулж чадаагүй Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг та нөхөд одоо хариуцлагаа хүлээх цаг чинь болсон байна. Албан тушаал гэхээр намаа худалдахаас ч буцахгүй улайрдаг явуургүй зангаа татаж ардчилсан, эрх чөлөөт эх орныхоо төлөө, ардчилалыг дэмжигч мянга мянган гишүүн, дэмжигчдийнхээ итгэлийг цөхөрдүүлэхгүйгээр намын удирдах албан тушаалаасаа огцорч, хариуцлагаа хүлээхийг шаардаж байна” хэмээн босглого гаргах нь халаг болж эхэллээ. Олуулаа болсон ч гэсэн АН-ынхан хариуцлага хүлээх л болоод байна.
URL: