АН-ынхан эрх мэдлийн төлөө хагарч бутарч эхэллээ
Монголд яагаад АН ялдаггүй бэ? Энэ асуултын хариу нь дэндүү энгийн. АН-ынхан нэг цул болж чаддаггүй, эрх мэдлийн төлөө дандаа хэрэлдэж, дайсагнаж, бүр нэгнийхээ аминд хүртэл хүрч байсан учраас тэр. Түүнээс биш монголчууд ардчиллыг дэмждэггүй, ардчилалд дургүй, ардчиллыг ойлгодоггүй учраас АН ялагдаад, дангаараа Засгийн эрх барьж чадахгүй байгаа юм биш. Өнгөрсөн 22 жилийн дотор Монголын ард түмэн ардчиллын үнэ цэнийг сайн ойлгосон хүмүүс.
Харин АН-ыг өнгөрсөн 22 жилийн хугацаанд удирдаж байгаа хүмүүс үүнийг хэзээ ч сайн ойлгосонгүй. АН-ынхан хэдэн ч удаа нэрээ сольж, энэ намд хэдэн ч нам нэгдэж, бас хэдэн ч нам энэ намаас өрх тусгаарлан гарсныг үнэндээ тоочихоос ч дургүй хүрч байна. Яагаад гэвэл АН-ын хагарал бутрал задралын түүх дандаа монголын улс төр дэхь эрх мэдлийн хувиарлалттай холбоотой байлаа. Одоо ч гэсэн АН-ынхан дотроо хамгийн эв нэгдэлгүй нам. Хэрүүл уруул, зодоон цохионоо дандаа “ардчилал” гэсэн нэрийн дор булж байдаг тус намынхан сонгуулийн өмнө баахан бужигнасан.АН-ын том сул тал бол нэг намд ахдах хэтэрхий олон фракцтай. Эдгээр фракцууд нь нам доторх нам болон биеэ дааж, АНаас дээгүүр түвшинд ажилладаг. Фракцын хуваагдлаасаа шалтгаалан АН эв нэгдэлтэй байж чаддаггүй. Санхүүгийн хувьд ч нэгдсэн бодлого байдаггүй нь АН-ын хүчийг сулруулж байдаг.
Сонгуулийн өмнөхөн энэ намын дотоод зөрчил дээд цэгтээ хүрч, Н.Алтанхуягийн “Алтангадас”, З.Энх болдын Зүүний хүчний холбоо, Б.Батбаатарын “Мөнхтэнгэр”, Х.Баттулгын МоАХ зэрэг фракц төдийгүй МҮДН уг шилтай гишүүдийн хооронд ч томоохон сөргөлдөөн гарах болжээ. Тойргийн хуваарилалт, нэр дэвших сонирхолтой гишүүдийн өрсөлдөөн газар авснаас АН-ынхан багахан дажинд мордоод байлаа. “Алтангадас” 19 тойрог авахаар Н.Алтанхуягийн байр суурь ганхаж, Г.Батхүүтэй зөрчилдөж, Өвөрхангайн тойргоос хаягдсан Зүүний хүчний холбооны З.Энхболд намын даргыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсээр тэд сонгуультай золгосон. Гэвч ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэсэн. Тэд олуулаа болж чадсан. Харин өнөөдөр ард түмний өгсөн энэ их итгэл АН-ыг хагалж бутаргах аюулд хүргээд байна. АН-ын гол фракциуд МоАХ буюу Х.Баттулгыг Засгийн газартаа оруулахгүй гэсэн бодлого баримталж эхэлсэн нь дайран дээр давс гэгч болоод байгаа сурагтай. Тэдний энэ шийдвэр мэдээж ерөнхий сайд болно гэсэн бодолтой яваа Х.Баттулгад таалагдахгүй нь ойлгомжтой.
Тэр ямар ч хөзөр гаргаж, ямар ч нүүдэл хийж болно. Х.Баттулга энэ жил намаа Засгаас гаргахад хичээл зүтгэл гаргаснаас гадна Н.Алтанхуягийг хусах гэж их санаачилга тавьсан. Даанч Н.Алтанхуягийг чөлөөлж чадаагүй юм. Чадсан бол өнөөдөр ерөнхий сайд гээд л сууж байх байв АН-ын Засгаа байгуулж чадахгүй байгаагийн дараагийн шалтгаан нь Н.Алтанхуягийг ерөнхий сайд болгоно гэж зарласан ч нам дотроо 100 хувь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Хэрэв Н.Алтанхуяг ерөнхий сайд юм бол манай бүлэглэлд ямар яамыг өгөх, хэнийг сайд болгох гэдэг дээрээ тохироо хийх гээд гацчихаад байгаа аж.
МҮДН буюу Н.Батбаярын бүлэглэл УИХ-ыг авна гэсэн сонирхолоо илэрхийлсэн байна.
Зүүн хойд ази ч гэсэн ийм сонирхолтойгоо дуулгажээ. Харин МоАХ буюу Х.Баттулга Сангийн яамыг өгөхгүй бол тохироонд орохгүй гэжээ. Мэдээж Нэг ардчилал, Кроун, Шонхор гэсэн фракциуд бусаддаа зүгээр байж байгаад зөөлөн суудал өгчихгүй нь тодорхой. Энэ мэт сандал ширээн төлөө тэмцэл Засгийн газрыг байгуулахад нөлөөлөх нь тодорхой боллоо. АН-ынханы энэ хагарал бутрал Ардын намынханд л ашигтай. Тэд тус намаас албан тушаалд дуртай алдар хүндийг донтой хэнийг нь ч өөртөө урвуулаад авчихаж чадна. Бас тэднээс хэнийг нь ч хатгаад тусад нь нам болгоод өрх тусгаарлаад гаргачихаж чадна. Бүүр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, АН-ыг удирдаж явсан М.Энхсайханы ганцхан сул тал дээр тоглоод л тэд намаас нь гаргаж, тусад нь нам байгуулж, Засгийн эрхийг гартаа оруулж байсныг мартаж болохгүй.
URL: