Х.Баттулга намын даргаа огцруулах ажилд орлоо. Харин Н.Алтанхуяг түүнийг сайд болгохгүй гэж ам гарлаа
Манай сайт өмнө нь Н.Алтанхуяг болоод АН-ын гол фракциуд МоАХ буюу Х.Баттулгыг Засгийн газарт оруулахгүй гэсэн тохироо хийлээ гэдгийг мэдээлж байсан. Энэ мэдээлэл үндэслэлтэй болохыг өнгөрсөн долоо хоногийн үйл явц нотолж эхэллээ.
АН-ынхан аль намтай хамтарч Засгийн газраа байгуулах вэ? гэж ярихаасаа өмнө Х.Баттулгыгаа сайд болгохгүй шүү гэж нэгдсэн тохироонд хүрсэн нь ихээхэн анхаарал татна. Тэдний энэ байр суурь үнэн бол АН дотроо ихээхэн хагаралтай байж мэднэ.
Өнгөрсөн жилүүдэд МАН нэрээ сольсноос болж хоёр хуваагдаж сонгуульд ялагдсан. Үүн шиг Х.Баттулгыг Засгийн газарт оруулахгүй гэсэн шийдвэрээс болж АН бас хоёр хуваагдаж 2016 онд МАН-ын хувь заяаг давтаж ч мэдэхээр байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө “АН зохих шатны хурлаа хуралдуулах шаардлагатай. Энэ хурлаараа намын дарга Н.Алтанхуягийг багаа сайн зангидаж ажилласан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. Хэрэв олонхиороо хэлэлцээд сайн гэж үнэлбэл олонхийн шийдвэрээ хүндэтгээд явна. Энэ нь ардчиллын зарчим. Миний хувьд намын даргаа сайн ажилласан гэж бодохгүй байгаа. Манай нам 40, 45 хүртэл суудал авах бололцоо байлаа. Учир МАХН хоёр хуваагдаад санал тарамдах нь гарцаагүй байлаа шүү дээ. Надтай санал нэг хүмүүс цөөнгүй байгаа байх. Намын удирдлагуудаас шалтгаалсан гэж бодож байна. НИТХ-ын сонгуулийг хар л даа. Манай Э.Бат-Үүл удирдаж ороод газрын асуудлаа иргэдэд зөв ойлгуулаад 70 хувийн санал авч ялалт байгууллаа шүү дээ. Тиймээс хариуцлагын асуудлыг ярих ёстой. Ялангуяа намын авсан саналын хувь тооцоолж байснаас бага гарч, жагсаалтаар харьцангуй цөөн суудал авлаа. Уг нь Монгол Ардын нам хоёр хагарчихсан энэ тохиолдолд бид 2000 оны сонгуулиар МАХН-ын авсан шиг 72 суудлаа байг гэхэд доод тал нь 40-45, бүр тавь хүртэл суудал авах бололцоо байсан гэж би боддог. Үнэхээр харамсаж байна. Ардчилсан нам УИХ-д олон болж чадсан ч олонх болж чадсангүй.
Бусадтай эвсч Засгийн газар байгуулах нөхцөлд орчихоод байна” гэв. Ийнхүү Х.Баттулга сэлэм эргүүлэх ажилд орлоо. Шалтгаан нь түүнийг шинээр байгуулагдах Засгийн газарт оруулахгүй гэсэн ярианаас болсон хэрэг.
Учир нь Х.Баттулгыг уг нь Засгийн газрын гишүүн гэхээсээ илүү Ерөнхий сайд гэж олон нийт харж байгаа. Магадгүй АН-ын өнөөгийн хамгийн хүчтэй нөлөөтэй хүн гэвэл Х.Баттулгыг нэрлэхээс өөр аргагүй. Тийм ч учраас телевизийн сэтгүүлч Х.Баттулга гишүүнээс Таныг Ерөнхий сайд болно гэсэн таамаглал их байна? Ямархуу байр суурьтай байна вэ? гэсэн утгатай асуулт асуухад “Хэвлэлийн бага хурлын үеэр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болно оо” гэж Ч.Сайханбилэг зарлаад байх шиг байсан. Харин надтай холбоотой тиймэрхүү санаа оноо олон нийтийн дунд явж байгаа л байх. Тэрийг би ч юм уу, олон нийтийн хэн нэгэн шийдэхгүй. Шийдэх газар нь шийдээд цааш явах биз. Үүнээс өмнө нам сонгуульд хэр оролцсоноо дүгнэж, удирдлагууд нь магтаал сайшаал авах уу, зэмлэл шийтгэл хүлээх үү гэдгийг шийднэ. Намын эрх бүхий байгууллага хурлаа зарлаж, энэ талаар хэлэлцээд сонгуулийн дүнгээр удирдлагуудаа сайн байлаа гэж сайшаавал цаашаа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдоод явна биз. Илэрхий байсан бололцоог ашиглаж чадсангүй, хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй гэж үзвэл манай намын ҮЗХ-ны шийдвэр гаргах түвшний хурлаар намын дараагийн дарга, Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудлууд улбаалаад явна биз” хэмээн хариуллаа. Ийнхүү Х.Баттулга намынхаа ҮЗХ хуралдуулахад ихээхэн анхаарч эхэллээ.
Мөн Х.Баттулга гишүүн шинээр байгуулагдах Засгийн газрыг МАН-тай эвсэж болохгүй талаар байр сууриа илэрхийллээ. Энэ талаар “Миний хувийн бодол бол МАН-тай бид МАНАН гэж хэлүүлтлээ хамт явлаа, юу ч хийсэнгүй. Хариуцлага тооцсонгүй. Ингээд хэдэн бүлэглэл, цаана нь хэдэн компанийн эрх ашигт л үйлчилсэн. Өнгөрсөн хугацаанд МАНАН гэж хэлүүлтлээ явж байх үед энэ хоёр нам хамтраад юм хийхгүй бол дахиж эвсье гэж хэлэх нүүр байхгүй шүү гэдгийг ярьдаг байсан. Би шийдвэр гаргагч биш. Энэ бүхнийг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагын хурлаараа нам шийдэх байлгүй гэж бодож байна. Нөгөө нэг талд МАХН гэж эвсэл, Иргэний зориг, бие даагч гэсэн субъектүүд байгаа. Энэ тал дээр зөвлөлдөөд явах байлгүй гэж бодож байна. Одоо дахиад МАНАН үүсгээд явах юм бол ойрхны сонгууль болох орон нутгийн сонгуульд ялалт авчрахгүй. Дээрээ нийлээд дороо байлдаад байх ямар хэрэгтэй юм бэ. Наад зах нь ийм үндэслэл харагдаж байна” хэмээн учирласан юм.
Ийнхүү АН-ын гол лидер УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийг нь сайд болгохгүй гэсэн намын даргаа дуэлд дуудлаа. Асуудлаа намынхаа ҮЗХ-оогоо хуралдуулж шийдэх төлөвлөгөөтэй байна. Түүнийг нь Н.Алтанхуяг зарлах ёстой. Мэдээж Засгийн газраа бүрдүүлтлээ ҮЗХ-гоо хуралдуулна гэдэг худал. Тиймээс Х.Баттулга гишүүний яриа мөрөөдөл болоод үлдэх магадлал их юм. Сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч гэсэн олонхи болсон АН-ын удирдлага хариуцлага ярьж, Засгийн газраа бүрдүүлэхээсээ өмнө нам дотроо шийдэх асуудал олон байгааг ярьж байна. Засгийн газартаа намынхаа фракциудын төлөөллийг буруу оруулбал, хэнтэй хамтрахаа алдаж тооцоолбол хурдан огцрохоос эхлээд нам нь хоёр хуваагдаж ч мэдэхээр боллоо. Ялсан намын дотоодод ялагдсан намынхнаас ч их асуудал байна.
У.Уянга
URL: